Өчигдөр өглөөнөөс үд өнгөртөл нийслэлчүүд цахилгаангүй байлаа. Гэрлэн дохио ажиллахгүй жолооч нар бухимдаж, амралтынхаа өдөр ус цахилгаангүй өнжих нь гэсэн иргэд уурлан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК (УБЦТС)-ын дуудлагын 7004-7004 утас руу залгаж байлаа. Гэвч дуудлагын утас нь ажиллахгүй байсан нь иргэдийг улам бүр бухимдуулсан юм. Төвийн бүсийн цахилгаан 13.00 цаг орчимд ирсэн бол хотын захын хорооллууд цахилгаангүй хэвээр байна. Ямар учраас цахилгаан тасарсан талаар Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Улиастайд байдаг “Улаанбаатар” дэд станцад гал гарсан. Гал унтраах баг ажиллаж галыг бүрэн унтраасан. Галын шалтгаан, нөхцөлийг тодруулаагүй байна” гэсэн юм.
Харин УБЦТС-аас тодруулахад “220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцад 8:50 цагийн орчимд гэмтэл гарсны улмаас нийслэлийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний томоохон тасралт гарсан. Тус компаниас дэд станцын тоноглолд гарсан гэмтлийг засахаар ажиллаж байгаа бол Диспетчерийн үндэсний төвөөс системийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг хариуцаж байна. Оройн 17.00 цагийн байдлаар хотын ихэнх хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргэсэн. ХаринТолгойт, Их наран, Нисэх, Дэнжийн мянга, Тасган, Хайлааст, Таван буудал, Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан сумыг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлаад байна” гэлээ.
Өөр эх сурвалж “Цахилгаан станцуудын тоног төхөөрөмж хуучирсан, элэгдлээсээ шалтгаалаад ачаалал даахаа больсон. Шинэчилж солих гэхээр санхүүгийн боломж байхгүй. Цахилгааны үнийг төрөөс барьчихсан учраас засвар үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгсэл авах боломж байдаггүй. Цаашид ч ийм доголдол олон гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн хувьд фаз хоорондын богино залгаа үүссэнээс гал гарсан” гэдэг мэдээллийг өглөө.
Ц.ӨРНӨХ