Засгийн газрын гишүүдийг томилох тухай
тогтоолын төслийг Ерөнхий сайдын зүгээс өргөн барьсантай холбоотойгоор өнгөрсөн
даваа гаригт УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, мягмар гаригт зургаан
сайдуудын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ-ын олонхийн дэмжлэгтэйгээр Шадар
сайдаар Ц.Оюунбаатарыг, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг,
Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Н.Батцэрэгийг, Зам тээврийн сайдаар
М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг, Сангийн сайдаар Б.Болор нарыг
томилсон. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбоотой зарим
яамны дэд сайдуудыг чөлөөлж, оронд нь шинээр томилох асуудлыг хэлэлцэх
бололтой. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт хамтран ажиллаж байсан МАН-аас
томилогдсон дэд сайдуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй байна.
Чөлөөлөгдсөн сайдуудын оронд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс
сайдуудыг томилно. Одоогоор дэд сайдаар томилогдох хүмүүсийн нэрс тодроогүй
байгаа юм. Түүнчлэн МАН-аас томилогдон ажиллаж байгаа зарим яамны Төрийн нарийн
бичгийн дарга нарыг өөрчлөхөөр болжээ.