УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн байна. Мөн тус дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Оюун гаргасан бол УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг чөлөөлөх хүсэлтийг ирүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Су.Батболд, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг нэмж оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Мөн тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд нарыг чөлөөлөх саналыг гишүүдийн олонх дэмжив.