Categories
мэдээ улс-төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан өнөөдөр /2015.01.06/ 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр болов.

Харин УИХ-ын гишүүн Су.Батболд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэхдээ, өнгөрсөн амралтын өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж ерөнхий захирлыг нь өөрчилсөн бол өчигдөр дахин хуралдаж улс төрийн намын өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ерөнхий захирлаар томилсон байна.

Олон нийтийн радио, телевиз нь аливаа улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар ажиллах ёстой, бие даасан хуультай байгууллага. Гэтэл улс төрийн намд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ажлаас нь татгалзуулан хараат бусаар ажиллах ёстой энэ байгууллагын даргаар томилж байгаад хуулийг нь гардан боловсруулж батлуулсан хүний хувьд би харамсаж байна. Байнгын хороо ч энэ асуудалд анхаарах ёстой гээд энэ тухай асуудлыг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх санал гаргав.

Байнгын хорооны дарга А.Бакей уг саналтай холбогдуулан хэлэхдээ, 2013 онд тус Байнгын хорооноос ажлын хэсэг гарч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад зөвлөмж хүргүүлсэн. Гэвч Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь саяхан Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилох үеэр харагдлаа. Харин өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх бэлтгэлгүй байгаа учраас Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хуулийн болон зөвлөмжийн хэрэгжилтийг шалган танилцаж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар ч Байнгын хорооны даргын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон 2013 онд тус Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг МҮОНРТ-д шалгаж танилцан хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаас байгуулахаар болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг дөрвөн дэд хорооноос гурвынх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар УИХ дахь намын бүлгүүд саналаа ирүүлжээ. Дэд хорооны гишүүдийн тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байх хуулийн заалттай. Харин Ёс зүйн болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох эрхтэй байдаг.

Иймээс тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан тул УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Наранхүү нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, УИХ дахь АН, МАН-ын бүлгийн санал болгосноор УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт, Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Д.Бат-Эрдэнэ нарыг Нутгийн улирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *