Categories
мэдээ эдийн-засаг

Дэд бүтэц сайжруулахад 320 сая ам.долларын хөрөнгө оруулна

Барилга, хот байгуулалтын яамнаас олон улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2017.12.11/ боллоо. Энэхүү уулзалтад Монгол Улсад суугаа 30 Элчин сайдын яамдын төлөөлөл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг донор орнуудын төлөөлөл оролцож байна.

Барилга, хот байгуулалтын салбарт гадны зээл, тусламжаар хэрэгжүүлэх хамгийн гол төсөл бол Төв цэвэрлэх байгууламж. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх, нийслэлчүүдийг өмхий үнэрээс салгах үүргийг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгосон. Үүний дагуу тус яамны хийх хамгийн эхний ажил бол БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил юм. Үүний дараагийн ажил бол агаарын бохирдлыг бууруулах янданг цөөлөх явдал.

Гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцжуулах хүрээнд Засгийн газар энэ сард багтаан тодорхой шийдвэрүүд гаргахаар судалгааны ажлуудаа дуусгажээ. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Тухайлбал, ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх, 30 хувийн урьдчилгаагаа төлж чадахгүй иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан юм.

Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас барилга, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хэд хэдэн төсөл эхлүүлэхээр талууд ярилцаж байгаа юм байна. Дэлхийн банкнаас ямар төслүүдэд хөрөнгө оруулах талаарх эцсийн шийдвэр гаргаагүй гэлээ. Харин Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманны хэлснээр, нийслэлд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой, зарим төслүүд нь удахгүй эхлэхээр яригджээ.

Тэрбээр, “Нийслэлийн гэр хороолол суурь дэд бүтэц муутай учраас нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүргэхийн тулд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллана. Дэд бүтцийн суурь болох усан хангамж, дэд бүтцийн асуудал бий. Үүнтэй холбогдуулан гэр хорооллуудад дэд төвүүдийг барьж байгуулахад 10 жилийн хугацаатай 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний 160 саяыг Азийн хөгжлийн банкнаас гаргах бол 60 саяыг Европын банк, үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газрын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон.

Түүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Эко гудамж” төслийг эхлүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна. Энэ төсөл нь гэр хорооллын айлуудыг хэсэгчлэн бүлэг болгож, дэд бүтцийг нь шийдвэрлэх юм. Улаанбаатар агаарын бохирдол ихтэй учраас түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн дулаан техникийн буюу байшин, гэрийн дулаалгын төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл одоогоор боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд 550 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн “Хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж, асуудлаа ярьж байгаа нь өөрөө том дэвшил. Дэд бүтэц чиглэлд хөрөнгө оруулалт татах нь нэн чухал байгаа. Өнөөдрийн энэ уулзалтаар бид маш олон хөрөнгө оруулагчдын уур амьсгал наашлах алхам эхэлж байгаа гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөх юм бол барилга болон хот байгуулалтын салбарт хөрөнгө оруулах сонирхол маш их байна. Хөрөнгө оруулалт хийсний дараа мөнгөө яаж авах вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байна гэдгийг онцолж байна. Үүнийг Засгийн газраас тодорхой журам гаргаж, эрсдэлгүй байлгах нь чухал байна” гэсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар хөрөнгө оруулагчдыг барилга, хот байгуулалтын салбарт татах, олон чухал үр дүн гарна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *