Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд нийт 868 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна.
Өнөөдөр, долоодугаар сарын 12-ны, баяр наадмын хоёр дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд Үндэсний баяр наадмын түрүү харваачдыг тодруулахаар харваачид шийдвэрлэх 8 сумаа харвана. Яг одоо хасаа харвааны дунд өргийн сүүлийн 4 сумыг харваж байна. Учир нь харваачид наадамд нийтдээ 40 сум харвадаг. Хана харваанд 20, хасаа харваанд мөн 20 сумыг тус бүр харваж түрүү харваачид тодордог. Одоогоор харваачид бүгд 30 сумаа харваад байна.
Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам өнөөдрийн байдлаар 30 оноотой байна. Тэрээр өнгөрсөн жилийн Их баяр наадмын түрүү болж байсан юм.