“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйг хөгжүүлэх, даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн ач холбогдол, мал аж ахуйн ирээдүй, малчдын амьжиргаа, тогтвортой мал аж ахуйд хөрөнгө оруулах зэрэг асуудалд төвлөрч, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтын талаар багц мэдээлэл хүргэе.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД МЭДРЭМТГИЙ САЛБАР БОЛ МАЛ АЖ АХУЙ
Уулзалтын эхний хэсэг даян дэлхийн түвшний асуудалд төвлөрлөө. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 6-17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Бонн хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конценцид нэгдсэн орсон оролцогч талуудын 23 дугаар хурлын агуулга, уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан.
Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний нийтээрээ сэтгэл зовних асуудал болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн мэдрэмтгий салбар бол мал аж ахуй. Тиймээс ч энэ асуудлаас үүдэлтэй учирч болзошгүй аюулын эсрэг шинжлэх ухааны хамгийн шилдэг ололтод суурилсан, үр дүнтэй, дэвшилтэт хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг төлөөлөгчид хэлж байлаа.
Хөгжингүй орнуудын зүгээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход нь зориулж, хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулна гэдгээ тус хурлын үеэр илэрхийлсэн байдаг. Энэ утгаараа уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, улмаар тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэхэд олон улсын дэмжлэг авах нь зүйтэй гэдгийг Уругвайн мал аж ахуйн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч Валтер Оёхонтакабал манай улсад хандан зөвлөсөн.
Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий гэж олон улс болон дотоодын шинжээчид дүгнэжээ. Монгол Улс жилдээ 26 сая тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулж байна. Үүнийг хувиар илэрхийлж, салбараар авч үзвэл, 64 хувийг эрчим хүч, тээврийн салбар, 29 хувийг ХАА, 6,2 хувийг аж үйлдвэрийн салбар ялгаруулж байна гэдгийг Монголын эрдэмтэд тогтоосон. Уг статистикаас харахад, хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөд тэргүүлэх үр дагавар үзүүлж байна. Тиймээс малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж зохистой түвшинд барих нь шаардлагатай гэдэгтэй оролцогчид санал нийлж байв. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд өвөлдөө тэсгим хүйтэн, зундаа аагим халуун болж, зуд, ган гачиг нүүрлэх шалтгаан болж байгааг нэмж хэллээ.
“БЕРЛИНИЙ НОГООН ДОЛОО ХОНОГ”- САЛБАРЫН ТОМ ТАЛБАР
Өөр нэг асуудал бол мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарынхныг нэг дор цуглуулж чаддаг “Берлиний ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг юм. 1926 оноос хойш жил бүр зохион байгуулж буй арга хэмжээ уламжлал ёсоор 2019 оны 1 дүгээр сарын 18-27-ны өдөр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн холбоотны яамны төлөөлөл Филипп Графзу Эрбак-Фьюрстенау мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Берлиний ногоон долоо хоног” бол өөрийн улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, өөрчлөлтийн талаар жил удаа нэг удаа олон улсад харуулах, харилцан туршлага солилцох том талбар гэв.
Уг үзэсгэлэн яармагт дэлхийн 70 орны Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, 100 мянга гаруй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн болсон. Өнгөрсөн жилийн арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцож, салбарынхаа ололт амжилт, шинэ санаачилга, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын тухай мэдээлэл солилцож, малын эрүүл мэндийг хамгаалах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар холбогдох талуудтай тохиролцож байсан юм.
АЖИЛ ХЭРЭГЧ УУР АМЬСГАЛ-ХАМТАЧ ШИЙДЭЛ
2011 онд үүсгэн байгуулагдсан “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн ач холбогдлыг тайлбарлан таниулах нь өнөөдрийн уулзалтын нэг хэсэг байлаа. Танилцуулгыг “Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэн”-гийн төлөөлөл Ширлей Таравали хийсэн. Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой тус байгууллага 104 гишүүнтэй. Тэдгээрийн дотор Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага багтдаг. Мөн улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институциудыг эгнээндээ нэгтгэжээ.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болох ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зэрэг дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэсэн алсын хараатай. Тиймээс ч малчдын амьжиргааг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгалийн нөөцийг зохистой ашиглах хүрээнд хүнс, хүнсний хангамжийн асуудлыг шийдэх, малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд малчдын хариулга, маллагааг сайжруулах, малчдын ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудалд анхаарч байна.
НЭГ ӨДӨР-ГУРВАН САЛБАР ХУРАЛДААН
Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалтын хоёр дахь өдөр бүхэлдээ хэлэлцүүлэг, хуралдаанаар дүүрэн өнгөрлөө. Нэгдүгээр салбар хуралдаан, Азийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлчээрийн тогтолцоо, тогтвортой мал аж ахуйд хөрөнгө оруулах нь сэдвээр явагдсан. Хоёрдугаар салбар хуралдаан, мал аж ахуйн салбарын байгаль орчны үнэлгээ, бэлчээр судлал дахь нийгэм-эдийн засгийн үр өгөөж зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Гуравдугаар салбар хуралдаан, уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч, буруутан, хамтрагчдийг олж тогтоох, цөөн малтай, эрсдэлд өртөмтгий малчдын амьжиргаа, хөрвөх чадварыг сайжруулахад чиглэж байсан юм.
САНАЛ ДҮГНЭЛТ-ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Маргааш буюу 6 дугаар сарын 13-нд “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” Тэрэлж рэд рок ресортод 3 дахь өдрөө үргэлжилнэ.
Энэ өдөр тус хөтөлбөрийн болон түншүүдийн 2019-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах дөрвөн салбар хуралдаан болж, хуралдаан тус бүрээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэн, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлно.