ХХААХҮЯ-аас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын дор 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсны агууламжийг 30 хүртэл хувиар бууруулахаар болж “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг энэ сараас эхлүүллээ.
Энэхүү аян хэрэгжсэнээр хүн амын дунд давсны зохистой хэрэглээг бий болгох, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл өргөжүүлж амьдралын зөв хэвшлийг бүрдүүлж, ингэснээр хэт их давсны хэрэглээнээс үүсэх өвчлөлийн эрсдлийг бууруулах боломж бүрдэх юм. Тус аянд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг, Баянгол дүүргийн 57, 94 дугаар цэцэрлэг, Номадс, Броадвэй сүлжээ ресторан, Хан идэрмэг ХХК, ДЦС-4 ХК-ийн Эрчим зоогийн газар, Атар өргөө, Мах маркет ХХК зэрэг байгууллага, аж ахуй нэгжүүд 4-10 гаруй нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулахаар болсон байна.
Аяны хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэгч нарт арга зүйн зөвлөгөө өгөх, давс багатай хоолны цэсийг боловсруулан хоол үйлдвэрлэлд нэвтрүүлэх, давсны агууламжийг хянах, хэрэглэгчдэд зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Уг аян ирэх оныг дуустал хоёр үе шаттай хэрэгжинэ.