Швейцарийн Давосын алдарт цанын баазад жил тутам болдог Дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-д энэ жил монголчууд хос сайд, хоёр бөхөө сойн уралдуулж байна. Д.Цогтбаатар сайд сайн жүдоч төдийгүй манай толгой сайтай төрийн зүтгэлтний нэг яах аргагүй мөн билээ.ДЭЗЧ-д өнөөдрийн байдлаар 1000 орчим том компани,олон улсын байгууллага болон бие даасан улсууд гишүүнээр элсээд байгаагийн нэг нь манай улс. Энэхүү чуулган 1971 онд анх байгуулагдсан. Давосын чуулганд нэрт улстөрчид, бизнесменүүд, урлаг, соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүд болон сэтгүүлчид урилгаар оролцдог.Иймээс Давосын чуулганыг элитүүдийн уулзалт хэмээн эсэргүүцэгчид ч цөөнгүй бий.Чуулган дэлхийн хурцадмал асуудлуудаас гадна эрүүл мэнд,байгаль хамгаалах асуудлуудыг ч хэлэлцдэг. ДЭЗЧ-ы өдөр тутмын ажлыг Захирлуудын зөвлөл удирдан явуулдаг. Санхүү нь гишүүдийн татвараас гадна чуулганд ороцогчдын хандиваас бүрддэг. Жил болгоны чуулганд ямар байгууллага, хэнийг урих нь Захирлуудын зөвлөлийн эрх байдаг. Харин энэхүү чуулганыг 1971 онд анх санаачлан зохион байгуулсан Швейцариин профессор Клаус Шваб бол ДЭЗЧ-ы албан ёсны бас солигдох ёсгүй цорын ганц удирдагч нь юм.Захирлуудын зөвлөл нь Женев хотын ойролцоох Колонь дүүрэгт байрлана.Анхны чуулганд европын 450 том компаний удирдлага Европын хамтын ажиллагааны комисс(одоогийн Еврокомисс)-ын ивээл дор оролцож дэлхийн эдийн засгийн байдал цаашдын зорилгыг хэлэлцсэн. Цаашдын зорилт гэдэг нь дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд Баруун Европын компаниудын байр суурийг хэрхэн, ямар замаар бэхжүүлэх вэ гэдэг асуудал байсан билээ. Жил ирэх бүр чуулганы хэлэлцэх асуудал өргөсөн дэлхийн улс төрийн болон эдийн засгийн асуудал, олон улсын худалдааг сайжруулах, харилцан ашигтай хамтын ажиллагаа зэргийг авч үздэг болсон. Өнгөрсөн зууны 70-аад оны дундаас Давос нэрт улс төрчид, бизнесменүүд зэрэг нөлөө бүхий хүмүүсийг урих болсноор энэхүү чуулган дэлхий нийтийн анхаарлын төвд байх ёстой асуудлын нэг болж чадсан.Энэ байгууллага 1987 оноос өнөөгийн WEF(ДЭЗЧ)буюу World Economic Forum нэрээр нэрлэгдэх болсон. Үүнээс урд Менежментийн Европын чуулган нэртэй байсан билээ.ДЭЗЧ-ы гол үйл ажиллагаа нь яах аргагүй дэлхийд нэрд гарсан Давосын цанын баазад нэгдүгээр сарын сүүлч хоёрдугаар сарын эхээр жил болгон болдог чуулган юм. Харин 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист үйл ажиллагаатай холбогдуулан АНУ-ыг дэмжиж 2002 оны чуулган Нью-Йорк хотод болж байсан удаатай юм.
Энэхүү чуулган уламжлал ёсоор орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн голлох түлхүүр асуудлууд болон энхтайвныг бэхжүүлэх, дэлхийн “халуун цэг”-үүдийн асуудлыг албан бусаар чөлөөтэй хэлэлцдэг. Энэ нь чуулганы явцад 300 орчим салбар хуралдаан, семинар, дугуй ширээний уулзалт болдог гэсэн үг.Өөрөөр хэлбэл чуулганы эцэст ямар нэгэн албан журам, зөвлөмж, бичиг баримт огт гардаггүй онцлогтой. Гэхдээ энэхүү чуулган нь дэлхийн эдийн засгийн болон улс төрийн гол асуудлуудыг эсрэг, тэсрэг талууд нүүр нүүрээ харан албан бусаар чөлөөтэй хэлэлцэх, хамтран ажиллахаар тохиролцох боломж олгодог “нүүр тулах”, “зангиагүй” уулзалтууд болдог гэсэн үг юм.
ДЭЗЧ бас салбар чуулганууд зохион байгуулдаг.Тухайлбал, Зальцбург болон Варшав хотноо болдог Европын Эдийн засгийн чуулган, 2005 онд Иорданд болсон Ойрх Дорнод, Хойд Африкийн хурцадмал асуудлын чуулган, “Африкийн төлөөх ДЭЗЧ” уриан дор 2005 оны долдугаар сард ӨАБНУ-д болсон чуулгануудыг нэрлэж болно.Мөн хоёр өдрийн хугацаанд явагддаг улс хоорондын чуулга уулзалт, семинар симпозиумыг дурдахгүй өнгөрч болохгүй. ДЭЗЧ жилд 30 орчим ийм салбар чуулга, уулзалтууд зохион байгуулдаг.
Давосын чуулган зөвхөн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулаад байдаг юм биш. ДЭЗЧ-ы мэргэжилтнүүд 100 гаран улсыг хамарсан ДНБ-ий өсөлт болон өрсөлдөх чадварын индекс гэсэн хоёр үзүүлэлтээр гаргасан судалгааны дүн болох “Олон улсын өрсөлдөх чадвар” тайланг 1979 оноос чуулганд оролцогчдод танилцуулдаг болсон.Мөн “Арабын улсуудын өрсөлдөх чадвар”, “Олон улсын болон бизнесменүүдийн хамтын ажиллагаа-ядууралд үзүүлж буй нөлөө”, “Олон улсын удирдлагын санаачлага” сэдэвт судалгааны илтгэлүүдийг ч хэлэлцүүлдэг. Бас мэргэжилд тулгуурласан хамгийн тэргүүний технологи бүхий фирмийн удирдагчдыг нэгтгэдэг “Өндөр технологийн анхдагчид”,олон улсын 40 хүртэлх насны тэргүүний удирдагчдын “Дэлхийн шинэ удирдагчдын чуулган” гэх мэт нийгэмлэг, клубуудыг санхүүжүүлэн ажиллуулдаг. 2011 онд л гэхэд ДЭЗЧ-ы дэргэд дэлхийн ирээдүйг сайн сайхан болгох зорилготой 450 хотын 30 хүртэлх насны залуу удирдагчдыг нэгтгэсэн “Ирээдүйн архитекторчид” нийгэмлэг байгуулагдсан. 2016 оны Давосын чуулганд ДЭЗЧ-ыг үүсгэн байгуулагч Клаус Шваб “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” эхэлснийг албан ёсоор зарласан. Энэ нь шинжлэх ухааны техник, технологийн дэвшил буюу инновацийн ачаар дэлхийн эдийн засаг үсрэнгүй хөгжих боломжтой боллоо гэсэн үг байсан. Өнгөрсөн оны энэхүү чуулганы гол асуудал нь “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль юу болов оо? Ямар гээч хүн гараад ирэв ээ?” гэсэн асуултууд байсан бол өнөө жилийн чуулганд “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп юу гэж хэлэх бол?” гэсэн хүлээлт голлох асуудал болоод байна. Энэ жилийн чуулганд 70 гаруй орны удирдагчид, эдийн засаг, бизнесийн байгууллагын 900 гаруй захирал, олон улсын байгууллагын төлөөлөгчид, урлаг соёлын одод, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 3000 гаруй зочид оролцож байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Германы Канцлер Ангела Меркел, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Зимбабве улсын шинэ Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва, болон урлаг соёлын одод Английн дуучин Сэр Элтон Жон, “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Will.I.Am, Холливуудын жүжигчин Кэйт Бланшет, Болливуудын од Шах Рух Хан оролцож байна. Өнгөрсөн жил Хятадын дарга Си Жиньпиний улам бүр даяарчлагдаж буй дэлхийн тухай илтгэл Давосын зочдын анхаарлыг маш их татсан. Харин энэ удаа Си Жиньпин өөрөө оролцоогүй ч БНХАУ-ын Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийн багийг илгээжээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Дональд Трампын илтгэл, Их Британи Европын холбооноос гарах гэж буй, Европын олон оронд хэт барууны үзэлтнүүд дэмжлэг авах болсон энэхүү ээдрээтэй үед даяарчлалд багтаагүй улсуудын асуудалд анхаарлаа хандуулах “Бутарсан дэлхийн ирээдүйг хамтдаа бүтээх нь” сэдвийн дор зохиогдож байна.
Өнгөрсөн жилийн чуулга уулзалтын цоо шинэ сэдэв байсан асар тогтворгүй криптовалют ирээдүйн төлбөр тооцооны хэрэгсэл үү, эсвэл нүд хуурсан луйвар уу гэдэг асуудал энэ удаагийн чуулганы халуухан сэдвийн нэг болох нь тодорхой. Мөн биткойн болон бусад цахим мөнгөнд ашигладаг “блокчэйн” технологи анхаарлаас гадуур үлдэхгүй. Бас Холливуудын бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг “#MeToo” хөдөлгөөн нийгмийн бусад салбарт дэгдэж, ид хүчээ авч байгаа билээ. “#MeToo” хөдөлгөөн дэгдсэнээс хойш бэлгийн дарамт учруулсан дуулианд холбогдсон улс төр, бизнесийн нөлөө бүхий албан тушаалтнууд хариуцлага хүлээж эхэлсэн гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Давосын чуулга уулзалтад уламжлал ёсоор голдуу эрчүүд оролцдог байснаас жендерийн тэгш бус байдлыг үлгэрлэсэн хэмээх шүүмжлэлд өртсөн билээ. Харин Дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулагчид үүнийг өөрчлөхөөр шийдэж энэ жил 47 жилийн хугацаанд анх удаа эмэгтэйчүүдийн оролцоог 21 хувь болгож нэмэгдүүлсэн юм. Энэ жил эдийн засгийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагч долоон гишүүн бүгд эмэгтэйчүүд байгаа ажээ.
Чуулга уулзалтын эхний өдөр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын сайн санааны элч, Холливуудын жүжигчин Кэйт Бланшет дүрвэгсдэд хандаж буй улстөрчдийн популист хандлагыг шүүмжилж, хавчлага мөрдлөг, алан хядлага, ядуурлаас зугтан эх орноо орхин гарсан 22 сая дүрвэгчдэд туслах, нигүүлсэнгүй хандахыг дэлхийн улстөрчдөд уриалсан байна. Иордан, Ливан дахь дүрвэгсдийн лагеруудад биеэр очиж ажилласан НҮБ-ын Сайн санааны элч Кэйт Бланшетэд энэ үйл хэргийнх нь төлөө “Crystal Award “ шагналыг чуулганы эхний өдөр гардуулсан билээ.
Давосын чуулганыг өөр нэг олон улсын сайн дурын байгууллага болох “Оксфам”-гүйгээр төсөөлөх боломжгүй юм. Англиар “Oxfam” буюу “Oxford Committee for Famine Relief(Өлсгөлөнтэй тэмцэх Оксфордын хороо)”гэнэ. Холбоотон улсуудын бүслэлтийн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн Грекийн иргэдэд туслах зориулалтаар 1942 онд байгуулагдан жилийн дараа Англид хууль ёсоор бүртгэгдсэн энэ байгууллага 1960 он гэхэд олон улсын сайн санааны байгууллага болон өргөжиж 1995 онд олон улсын төрийн бус байгууллага “Oxfam International” гэсэн нэрээр Нидерландын Гааг хотод бүртгэгджээ. Өнөөдөр “Оксфам”-д 90 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын17 сайн дурын байгууллага нэгдээд байгаа юм. Энэ байгууллагын зорилго нь тэгш бус явдалтай тэмцэж дэлхий нийтийн ядуурлыг арилгах. Өөрөөр хэлбэл энэ байгууллагын үйл ажиллагаа нь жирийн иргэдэд эрхээ эдлэхэд нь туслан хөдөлмөрөө зөв үнэлүүлэн хангалттай цалин хөлс авч, амьдралаа өөрсдөө авч явах боломжоор хангахад чиглэдэг гэсэн үг. Иймээс “Оксфам” яг Давосын чуулганы өмнө өөрсдийн судалгааны тайлангаа дэлгэдэг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн тайланд дэлхийн хүн амын нэг хувь нь бүх баялгийн 82 хувийг эзэмшиж байна. Өнгөрсөн онд 3,7 тэрбум ядуучуудын орлого огт нэмэгдээгүй байхад хоёр хоног тутамд нэг тэрбумтан төрсөөр нийт тэрбумтны тоо 2013-д хүрснийг зарласан.Энэхүү нэг хувьд хамаарах хүмүүсийн орлого сүүлийн жилүүдэд жилд дунджаар 13 хувь өссөн бөгөөд энэ нь жирийн ажилчид, албан хаагчдын цалингийн өсөлтөөс зургаа дахин их өссөн гэсэн үг гэнэ.Энэхүү тайлан тавьсан хүмүүс ажилчдынх нь амьдрах байдал улам муудаж байхад эзэд нь улам баяжсаар байгааг шүүмжилж энэ явдал хөгжингүй болон хөгжиж буй улсуудад яг адилхан байгааг анхааруулсан байна. Мөн баячууд Засгийн газрын шийдвэрт нөлөөлж жирийн хөдөлмөрчдийн эрхийг улам бүр танаж байгааг ч шүүмжилжээ. Иймээс Давосын чуулганыг санаачлагч, солигдох боломжгүй цорын ганц удирдагч профессор,Клаус Шваб энэ жилийн чуулганы өмнө оролцогчдод хандан хэлэлцэх гэж буй асуудалд толгойноосоо гадна зүрх сэтгэлээрээ хандахыг уриалсан нь дэмий ч зүйл биш байлаа. Яг үнэндээ Давосын чуулганд зориулж гаргасан “Oxfam”-ын тайлан яг Монголд болж буй үйл явдалын тусгал билээ.Сонирхолтой нь монголчууд энэ тэгш биш байдлыг яаж арилгах вэ гэдгийг олчихсонд байгаа юм. Энэ нь маш товчоор бол монголын амьтан судлалын загалмайлсан эцэг гэгддэг академич О.Шагдарсүрэн агсны шавь нар багшийнхаа захиасыг биелүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл шавь нар нь багшийнхаа хэлснийг биелүүлж аливаа улс гэдэг нь бие даасан биотоптой адилхан гэдгийг баталжээ. Аливаа амьд биет эсээс бүтдэг шиг экосистемийн хамгийн бага нэгж нь биотоп юм байна. Аль ч эко системд биомасс гэсэн ойлголт байдаг гэнэ.Энэ нь улс орны ДНБ гэсэн үг аж. Улс орны ДНБ буюу биомасс яаж амьд организм болгонд тэгш хувиарлагдаж байдаг арга нь биотопт бэлэн байдаг юм байна. Хэрэв ДНБ буюу биомасс амьд организм болгонд ингэж тэгш хувиарлагддаггүй байсан бол Биотоп өөрөө оршин тогтнох аргагүй аж. Хамгийн сонирхолтой нь Хийтлэр гэдэг герман бага даргын гаргасан “Байгалийн шалгарлаар хүчтэй нь үлддэг” гэсэн буруу дүгнэлтээс болж байгалийн хууль нийгэмд тохирдоггүй гэснээр дэлхийн философичид “Буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээсэн” болохыг Шаагаа багшийн шавь нар олж тогтоосон байна. Байгалийн шалгарлаар хүчтэй нь бус орчны өөрчлөлтөд тохирох нь үлддэг аж. Өнөөх бага дарга ч өөрөө өөрчлөгдсөн орчны бүтээгдэхүүн юм гэнэ. Ерөөс Эволюци гэгдэх амьд биетийн түүхэн хөгжил нь орчиндоо цохицохын төлөөх тэмцлийн үр дүн бөгөөд нэг эст амьтнаас олон эст амьтан, эр эм гэсэн хүйсийн ялгаа үүссэн, хөхтөн амьтан бий болсон нь бүгд өөрчлөгдөмтгий орчиндоо зохицох гэсэн орчин үеийн хэллэгээр бол инноваци аж. Иймээс Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар сайдууд минь алсаас ирээд Давосын асуудлаар эх орондоо нэг чуулаад үзвэл яадаг бол. Өвөг дээдэс чинь “Айлаас гуйхаар авдраа ух” гэж дэмий нэг захиж үлдээгээгүй бололтойдог шүү!
Г.АМАРСАНАА