Шинэ Ерөнхий сайдтай болж, шинэ Засгийн газар байгуулагдаж буйтай холбоотойгоор улс төр бужигнаж байна. Шинэ сайдуудын нэрс зах зухаасаа тодорч, түүнд нь иргэд, олон нийтийн зүгээс байр сууриа илэрхийлж “Тэр ёстой сайд байх чадвартай хүн”, “Энэ ч дээ дэмий” гэх маягаар голсон, шилсэн үнэлгээгээ өгч эхэлжээ. Олон нийтийн байр суурийг ажиглаж ээ байхад давхар дээлтэй сайд нар шиг хэрэггүй юм байхгүй, Ж.Эрдэнэбатын засгийг огцруулахад хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүд бол урвагчид, тэдэн шиг хүмүүс улстөрд байх ёс зүйгүй гэх ухааны сэтгэгдэл төдий зүйлс хөвөрч л байна. Нөгөө талд нь давхар дээлтэй байх нь олон талын нэмэртэй, парламентад суусан туршлагатай хүмүүсээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах нь зөв гэсэн бодолтой хүмүүс байна. Өмнөх Засгийн газруудын сайдуудын ажилласан байдлыг ерөнхийд нь базаад харахад харин ч давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг дан дээлтнүүдээсээ илүү сайн, үр дүнтэй хашсан байх юм. УИХ дээр салбарынхаа цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд гар бие оролцож, салбараа төлөөлөн үг хэлж, хууль тогтоомжид нь хэлэх үгээ тусгаж чаддаг. Дан дээлтэй гэгдэж байсан нэгэн сайд “Дан дээлтэй сайд УИХ-аар төсөв, хөрөнгө, бодлогоо батлуулахад гишүүдэд нөлөөлөх нөлөөлөл, дэмжлэг авах тал дээр давхар дээлтэй сайдуудаас илэрхий дутмаг байдаг юм байна” гэж яриад тэр зовлонг туулж, мэдэрч яваагаа ярьж байсан удаатай. Энэ өнцгөөс нь харвал давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн сайд УИХ-аар том бодлогоо гаргах, төсөв хөрөнгөө салбартаа хангалттай хуваарилах тал дээр нэг танхимд зэрэгцэн суугаа нөхдөөсөө авах дэмжлэг, туслалцаа их байдаг нь тодорхой зүйл.
Ийм учраас энэ удаагийн шинээр бүрэлдэх Засгийн газарт давхар дээлтэй сайдууд байх нь зүйтэй гэдэг дээр саналаа нэгтгэцгээх нь зөв л дөө. Харин тэр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахад санал нэмэрлэсэн УИХ-ын гишүүдийг айхавтар их шүүмжлээд нэмэргүй. Угаасаа л улстөрийн тоглоомын дүрэм нь тийм. Үүнд нэг их гоншигоноод, гомдоллоод байх шаардлагагүй. Ажиллаж чадахгүй, улс орноо урагшлуулах чадавхигүй, шаварт суусан машин шиг хий хаазлаад байгаа нөхдөөс салж илүү сайныг нь олж нэг баг болгон хийж байсан ажлыг үргэлжлүүлдэг нь жам юм хойно.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа парламентаас бүрдэнэ гэж байсан. Дан дээлтэй томилогдсон Ерөнхий сайдад “давхар дээл”-тэй гишүүнтэй байж, парламентаар бодлогоо дэмжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс ч сайдын нарын сураг парламентаас дуулдаж эхэллээ. Одоогийн байдлаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ж.Энхбаяр нар, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар гарч байсан. Эмэгтэй парламентчдаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл БСШУС-ын сайдаар томилохоор болжээ. Харин БОАЖ-ын сайдад Ц.Гарамжав, Б.Саранчимэг нарыг өрсөлдүүлэхээр болсон сурагтай. Тэрэн дундаас онцлох нэгэн эрхэм байгаа нь УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл юм.
Д.Сарангэрэл гишүүний хувьд УИХ дээр хэлсэн үг, гаргасан санал нь ямагт нийгэм рүү чиглэгдсэн, ард иргэдийн зүгээс ирсэн гомдол, саналыг тусгасан байдгаараа давуу. Түүний даргалдаг Өргөдлийн байнгын хороо бол иргэдийг УИХ, Засгийн газартай шууд холбодог чухал гүүр нь л дээ. Өнгөрсөн жилүүдэд тус хороонд иргэд, аж ахуйн нэгжээс 1000 гаруй санал гомдол, хүсэлт, өргөдөл ирснийг цаг тухайд нь шийдвэрлэсэн байх жишээний. Үүгээр нь түүнийг ард иргэдийн дуу хоолой ч гэж дүгнэдэг. Холливудын алдарт жүжигчин Арнолд Шварценеггерыг Калифорни хотын иргэд 38 дахь Амбан захирагчаараа сонгохдоо “Энэ хүний хор шар нь гарчихсан. Амин хувийн хэрэгцээгээ хангаад илүү дутууг шиншлэхгүй, авлига авахгүй байх ёс суртахуунтай гэж үзээд түүнийг сонголоо” гэж тодотгож байж билээ. Үүнтэй адил Засгийн газрын гишүүн, сайдын суудалд бид хий нь гарчихсан, туршлагатай, хэлсэн үг нь байгаа олдог, гаргасан санал санаачилга нь ажил хэрэг болж, улс эх орныхоо хөгжил, тусгаар тогтнол хөгжлийн төлөө бүхнээ дайчлах парламентчаа энэ хэцүү цаг үед Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах нь нэг ёсны аврал болно шүү.