УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа болон хуульч Э.Үүрцайх нарын Үндсэн хуулийн цэцэд өгсөн мэдээллийн агуулгыг нэгтгэж, “Давхар дээл”-ийн асуудлаар маргаан үүсгээд буй. Тус маргаанийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан хэлэлцэж, “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Давхар дээл”-тэй УИХ-ын гишүүний тоог нэмэх асуудал өрнөх юм.
Тэгвэл арванхоёрдугаар сарын 27-нд тус маргааныг хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг товложээ.
Тодруулбал, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг эл өдөр товлосон байна.