Нийслэлийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгыг https://ulaanbaatar.mn сайтаар явуулсан. Санал асуулга өнөөдөр 14.00 цагт дууссан юм. Нийт 7263 иргэн саналаа өгчээ. Санал өгсөн хүмүүсийн 74.3 хувь нь дээрх саналыг дэмжиж буй бол 25.7 хувь нь дэмжихгүй байгаа юм.
Уг санал асуулгатай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ. Тэрээр “Иргэдийн олонх нь энэ зохицуулалтыг дэмжиж байна гэсэн. Ирэх долоо хоногийн даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж байна. Ойролцоо хоёр сургууль байвал эхний сургууль 07:45-д хичээл нь эхлэх бол хажуугийн сургууль нь 08:15 цагт хичээл нь эхэлдэг байх зохицуулалт хийж байна. Тодруулбал,
- Сургууль 1 – 07:45 цагт хичээл эхлэх
- Сургууль 2 – 08:15 цагт хичээл эхлэх
- Сургууль 3 – 09:00 цагт хичээл эхлэх юм.
Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн ажлын цагийн 10.00 цагаас эхлүүлэх зохицуулалт хийх зөвлөмжийг ААН-үүдэд өгнө. Ажил эхлэх цаг – 07:00-10:00 цаг, ажил тарах цаг – 16:00-19:00 цаг байхаар зохицуулах юм” гэлээ.