Categories
гадаад мэдээ

ДАШТ-ий цомыг зохион бүтээгч 95 насандаа таалал төгслөө

ОУХБХ (FIFA)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга багт олгодог “Алтан дагина” цомыг зохион бүтээсэн Италийн алдарт загвар зохион бүтээгч, уран барималч Силвио Газзанига 95 насандаа өөд боллоо. “Тэрээр гэртээ унтаж байхдаа тайван амгалан мөнхийн орон руу явлаа” хэмээн хүү Жоржио Газзанига нь “Gazzeta dello Sport” сонинд ярьжээ. Хөлбөмбөгийн спортод тамирчин бүр өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж, ялалт авахыг хүсдэг. Энэ гайхамшигт үнэт зүйлийнхээ үндсэн дээр ч энэ спорт үүсч хөгжин, нэр алдар улам өсөн нэмэгдсээр байна. Харин энэхүү зорилго, тэмүүллийн эцсийн дүн нь зөвхөн аваргын цомыг үнсэж, толгой дээрээ өргөх явдал билээ.

Дэлхийн хамгийн их үзэгчтэй спорт хөлбөмбөгийн хамгийн нэр хүнд, алдар цуутай, дэлхийн таван тивийн 7 тэрбум хүний 5 тэрбумыг нь хамарч чаддаг томоохон тэмцээн бол дөрвөн жил тутамд нэг удаа зохиогддог дэлхийн аварга багийг шалгаруулах тэмцээн билээ. Энэ тэмцээний аварга багийн амжилтыг нь бататган олгодог “Алтан дагина” цомыг Силвио Газзанига гэх эрхэм 1971 онд урлаж байсан. Улмаар Германы шигшээ баг 1974 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Нидерландийн шигшээ багийг 2:1-ийн харьцаатай хожин түрүүлснээр анхны “Алтан дагина” цомын эзнээр тодорч байсан түүхтэй. Энэ цом бүтсэнээс хойш 11 удаа ДАШТ зохиогдоход Герман 3, Бразил, Аргентин, Итали тус бүр 2, Франц, Испанийн шигшээ багууд нэг удаа түрүүлээд байна. Германууд Силвиогийн үзсэн хамгийн сүүлийн дэлхийн аварга буюу 2014 оны ДАШТ-д мөн аваргын цомыг мөн өргөж чадсан юм.

1970 онд Мексикт болсон ДАШТ-д Бразилийн шигшээ баг түрүүлж, 3 дахь удаагаа аваргын цомыг өргөснөөр үүрд хадгалах болсон юм. Ингэснээр ОУХБХ-нд шинэ цом хэрэгтэй болсон. Улмаар 1971 оны 4-р сарын 5-нд Цюрих хотноо болсон ОУХБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шинэ цомыг уран бүтээлчдийн дундах өрсөлдөөнөөс шалгаруулан сонгох шийдвэр гаргажээ. Үүнд 25 орноос 53 загвар ирснээс Силвио Газзанигагийн бүтээл хамгийн үзэсгэлэнтэй, сүр жавхлантай нь байжээ.

Силвио Газзанига 1972 онд ЕХХ (UEFA)-ны “Европа лиг”, 1973 онд“Супер цом”-ын тэмцээний цомын загварыг урлан бүтээж байв. Түүнчлэн 2001 онд Бейсболын ДАШТ-ий цомыг зохион бүтээснээс гадна волейболын ДАШТ болон сагсан бөмбөг, усанд сэлэлт, уулын цанын спортын томоохон тэмцээн уралдаануудын медалийн загварыг урлаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *