Дэлхий даяарх хөлбөмбөгийн үнэнч фанатууд хүсэн хүлээсэн хөлбөмбөгийн ДАШТ эхлээд хоёр хоног өнгөрч байна. Зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ны хооронд олон сая хүнийг нэгтгэх энэхүү тэмцээний талаарх сонирхолтой цөөн баримтуудыг сонирхуулъя.
1. Орос улс түүхэндээ анх удаа ДАШТ-ийг эх нутагтаа зохион байгуулах эрхийг одоогоос найман жилийн өмнө буюу 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олж авчээ.
2. Тэмцээнд 32 шигшээ баг оролцож байна. Европын бүсээс Орос улсын шигшээ баг багтсан нийт 14 баг, Африкийн бүсээс 5, Ази болон Өмнөд Америкийн бүсээс 10, Хойд Америкийн бүсээс 3 баг оролцож байгаа юм. Энд дуулгахад Оросын шигшээ баг тэмцээн зохион байгуулж буй эзэн орны баг гэдгээрээ ДАШТ-д шууд орох эрх авчээ.
3. ДАШТ-2018-ын тоглолтууд Москва ,Санкт-Петербург, Екатеринбург, Казань, Самара, Волгоград, НижнийНовгород, Саранск, Ростов-на-Дону, Калининград, Сочи гэсэн Оросын 11 хотод болно.
4. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-ноос долоодугаар сарын 02-ны хооронд Орос улс FIFA-ийн өөр нэгэн том тэмцээн болох Холбооны цомын тэмцээнийг зохион байгуулсан юм. Энэ тэмцээнд ДАШТ-2018-ын эзэн болох Орос улс, өнөөгийн дэлхийн аварга Герман, 2015 оны Азийн цомын ялагч Австрали, 2015 оны Америкийн цомын ялагч Чили,2013 оны Алтан цомын эздийн хооронд болсон тоглолтын ялагч Мексик, 2016 оны Далайн орнуудын хөл бөмбөгийн холбооны Үндэстнүүдийн цомын ялагч Шинэ Зеланд, Европын өнөөгийн аварга Португал, Африкийн үндэстний цомын ялагч Камерун нар оролцож байв.
5. Холбооны цомын тоглолтууд дөрвөн хотын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон.Казань болон Сочи хотод хагас шигшээ, Москвагийн “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд гуравдугаар байрын төлөөх тоглолт харин Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд нээлт болон хаалтын тоглолт болж байлаа.
6. 2014 оны 10 дугаар сард Орост болох ДАШТ-ий бэлгэдлийг танилцуулсан юм. Оросын бэлгэдлийн үндсэн санаа нь мөрөөдөл, сансрыг эзэмших сэдэвтэй бөгөөд галт шувуу, матрёшка болон үндэсний хээ угалзаар амилуулжээ.
7. ДАШТ-ийн бэлгэ тэмдгээр Забивака чоно тодорсон бөгөөд энэ биллэг тэмдгийг загвар зохион бүтээгчийн ангийн оюутан Екатерина Бочарова зохиожээ. Бэлгэ тэмдгийг сонгохдоо цахимаар санал асуулга явуулсан байна.
8. ДАШТ-ий зохион байгуулалтанд сайн дурын ажилтнууд туслаж байна. Тэд тэмцээн эхлэхээс өмнө 20 үндсэн ажил үүргийн чиглэлээр тусгай сургалтанд хамрагджээ. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан ЛХолбооны цомын үеэр 6000 орчим хүн ажилласан бол энэ жилийн ДАШТ-ий үеэр 15000 орчим хүн тэмцээний бэлтгэл болон зохион байгуулалтын ажилд татагдан оролцож байна. Түүнээс гадна 20 мянга орчим сайн дурынхан “Хотын сайн дурынхан” хөтөлбөрт хамрагдаж байна. Тэд тэмцээний үеэр жуулчид болон хөгжөөн дэмжигчдэд мэдээлэл өгч, өөрсдийн ажил үүргийн дагуу туслах гэнэ.
9. ДАШТ-2018-ын тоглолтууд болох хот бүр энэ хотуудад төрсөн эсвэл ямар нэг сэжмээр холбогдсон алдартнуудыг өөрсдийн элч болгон сонгожээ. ДАШТ-ий элч болсон тэд спорт, амьдралын эрүүл хэв маягийг сурталчилах юм байна.
10. Энэ сарын 14-ний өдөр эхэлсэн ДАШТ долоодугаар сарын 15-нд өндөрлөнө. Тоглолтууд Оросын 11 хотод явагдах бөгөөд 2017 оны есдүгээр сараас эхлэн тасалбар худалдаалагдаж, нийтдээ 2,5 сая тасалбар эзэндээ очжээ.