Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй Чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр, хагас шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр ялагдсан байна.
М.Мөнхгэрэл дагах барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Европын дэд аварга ОХУ-ын Анжелина Первукинаг 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Шиа Шиаминтай хүндхэн барилдаан хийж, 6:6-гаар ялснаар чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-ий түүхэнд Монгол бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирчээ. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан ч энэ удаа даагаа амжилттай нэхсэн байна. М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон “Асашёорюү Кап” өсвөрийн ОУТ-ий аварга бөгөөд нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч юм.