“Москвад Монголын халаасны хулгайчид иржээ” гэсэн гарчигтай мэдээ Оросын лента.ру цахим хуудсанд нийтлэгджээ.
Эх сурвалжийн дамжуулснаар, Монголын иргэд Мексикээс ирсэн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан байна. Энэ талаар анхлан “Опер слил” телеграм сувгаар зургаадугаар сарын 15-ны өдөр дамжуулав.
Хэргийг тодруулвал, зургаадугаар сарын 14-ний өдөр, Мексикийн иргэн, 1989 онд төрсөн Очоа Агилар Мануэль цагдаагийн газарт хандсан байна. Түүнийг ДАШТ-ий нээлт болсон Лужники цэнгэлдэх хүрээлэн рүү орох үед цүнхнээс нь паспорт, цагаачлалын карт, нийтдээ 840 долларын үнэ бүхий, тоглолтын 4 тасалбартай 10 мянган долларын өртөгтэй түрийвчийг нь хулгайлсан хэмээн тэрбээр цагдаагийнханд мэдэгджээ.
Хулгайн хэрэгт сэжиглэн Монгол улсын иргэн, 1975 онд төрсөн Цэцгээ Туяа \эх сурвалж дээр Тсетсги Туйа гэж бичжээ\ болон 1972 онд төрсөн Самбуу Батболд нарыг баривчилсан байна. Тэднээс хулгайн эд зүйлийг хураан авсан байна.