Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дархлаажуулалтын 10 хоногийн аян эхлүүлж байгаагаа зарлажээ. Энэ жил томуугийн улиралд 45,000 хүн тун вакциныг үнэ төлбөргүй хүлээн авсан байна. Дээрх вакциныг томуугийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг, эмч, цэрэг, цагдаа, тохижилт үйлчилгээний ажилчид зэрэг онцгой нөхцөлд ажилладаг хүмүүсийг дархлаажуулахаар болоод байна.
“Энэ жилийн томуугийн улиралд дахин 175,000 хүн тун улирлын томуугийн вакциныг хүлээн авахаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын “Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах” төвтэй ахин гэрээ байгуулж эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахаар бэлтгэл ажлыг хангасан, дархлаажуулалтын үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болоод байна” гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ярьсан юм.
Өнгөрсөн 13-ны өдөр эхний ээлжийн 50,000 хүн тун вакциныг АНУ-ын “Протейн сайнс” компаниас нэмж аван, түгээх үйл ажиллагааг эхлүүлжээ. Манай улс 2004 оноос эхлэн АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн тандалтын тогтолцоог бэхжүүлэн, тандалт судалгааг хийж ирсэн байна. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 3-5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж байгаа үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 80 хувийг 15 хүртэлх, 70 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.