Categories
мэдээ нийгэм

Дарханы замыг засч байна

Дарханы зам хэцүүдсэний горыг  зорчигчид бишгүй амсч байгаа. Сайн мэдээ нь уг замыг засварлаж байгаа юм байна. Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаж уг засварыг эхлүүлжээ. Хамгийн их эвдэрсэн 7,3 км замыг засч байгаа гэнэ. Энэ ажилд 3,5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.  Энэ сарын 25-нд уг засвар дуусах аж. 

 Зам тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат энэ тухай ярихдаа ”Улаанбаатар- Дархан чиглэлийн буюу Баруун хараагаас цааш Хустайн даваа хооронд  маш их эвдрэл гарсан. Энэ замаар том жижиг оврын тээврийн хэрэгслүүд, хойд, урд хөршийн транзит ачаанууд явж байгаа. Тиймээс энд гарсан эвдрэл гэмтлүүдийг яаралтай засч, осол авааргүй байнгын бэлэн байдалд байх үндсэн үүргийг биелүүлэх үүднээс тухайн хариуцсан хэсгийн төрийн өмчит 2 компанийг замын эвдрэлийг засахад татан оролцуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эвдэрсэн замуудын хучилтыг, илүүдэл хөрсийг бүгдийг нь зайлуулж, түүнд дүүргэлт хийн зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг осолгүй явуулах нөхцлийг бүрдүүлэх ажлыг хийж байна. 2014 онд Дарханы засварын компанийн жилийн төлөвлөгөө 850 сая төгрөг байгаа ч энэ нь замын эвдрэлийг засахад хүрэлцэхгүй байгаа. Энэ 7 км замыг техникийн шаардлагын дагуу нэлэнхүйд нь маш яаралтай замын даланг нь сольж, шинээр дүүргэлт хийн шинэчлэхийн тулд 2 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Тиймээс бид энэ жил улсын төсвөөс баталж өгсөн замын засварын ажилд төсөвлөгдсөн 21 тэрбум төгрөгнөөсөө зохицуулалт хийн, эх үүсвэрийг гаргах талаар ажиллаж байгаа.

Бид өнгөрсөн жил 2014 оны төсөвт суулгуулахаар насжилт нь хэтэрсэн замуудад ээлжит их засвар хийгдэх ажлын тооцоог гаргасан. Нийтдээ 2014 онд 70 орчим тэрбум төгрөгийн шаардлага байгаа ч төсөв хэлэлцэх үеэр хасагдчихсан. Одоо нээлтээ хийгээд удаагүй байгаа хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэнэ. Энэ үеэр бидний тавьж байгаа хөрөнгийг баталж өгвөл замыг засч, насжилтыг нь уртасгахад маш их хэрэгтэй байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *