Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт цацрагийн тандалт судалгаа хийгдлээ

МХЕГ-аас Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэнд, аж үйлдвэр, авто замын салбарт цацрагийн үүсгүүрийн ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран 06.25-наас 07.03-ны өдрүүдэдтөлөвлөгөөт хяналт шалгалт, тандалт судалгааг хийлээ. Хяналт шалгалтад нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, цацраг идэвхт бус ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй найман байгууллагад цацрагийн нөлөөллийг тогтоох тандалтыг хийв.

Аж үйлдвэр, авто замын салбарт цацрагийн үүсгүүр ашиглаж, хадгалж байгаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Бороо гоулд” ХХК зэрэг байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, болзошгүй ослын төлөвлөгөөг улсын байцаагчаар шинэчлэн батлуулан, цацрагтай ажиллагсдыг хангалттай тооны хамгаалалтын хувцас, хэмжилтийн багажаар хангаж, мэргэшүүлэх сургалтад тогтмол хамруулан цацрагийн аюулгүй байдлын соёлыг хэвшүүлэн ажилласан байна.

Эрүүл мэндийн салбарт рентген оношилгооны аппаратыг хүлээн авч, суурилуулалт хийлгэхдээ ажлын байрны цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд баталгаажуулах хэмжилт, хяналт хийлгээгүйгээс стандартын шаардлага хангаагүй, цацрагийн хамгаалалт бүрэн хийгдээгүй ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг, цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн сургалтад хамруулаагүй,хуучирсан, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа рентген төхөөрөмжийг ашиглалтаас гаргах талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрлүүлээгүй, рентген аппаратыг хүлээж авсан тухайгаа холбогдох хуульд заасан хугацаанд мэдэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар зургаан байгууллагад 65 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага хүргүүлж, ашиглалтын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нэг байгууллагад шийтгэлийн арга хэмжээ тооцон, эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй нэгаппаратыг битүүмжилжээ. Шалгалтад хамрагдсан байгууллагын удирдлага, цацрагтай ажиллагч нарт шинээр мөрдөгдөж байгаа дүрэм, журам, цацрагийн хамгаалалтын талаар сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Цаашид цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах болон хадгалахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох зөвшөөрлийг авч, хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *