Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймаг руу зорчих иргэд төлбөртэй шинжилгээ өгч нэвтэрнэ

Дархан-Уул аймгийг зорьж буй иргэд пост дээр Covid-19 илрүүлэх төлбөртэй түргэвчилсэн оношлуурт хамрагдсаны үндсэн дээр нэвтрэхээр болсон байна. Өчигдөр (2021.04.12) 11:00 цагийн байдлаар тус аймагт найман халдварын тохиолдол батлагдаж, нийт 202 хүн халдвартай нь батлагдсан. Эдгээр тохиолдлуудын хувьд нэг нь Хонгор сумын иргэн, хоёр нь Өмнөговь аймгаас ирсэн иргэн бол гэрийн тусгаарлалтад байсан нэг, Улаанбаатар хотоос ирсэн хүнс тээврийн жолоочоос тус тус халдвар илэрсэн байна.

Эмчлэн тусгаарлах байрнаас өчигдөр (2021.04.12) 11 иргэн гэрийн тусгаарлалтад шилжиж, нийт 48 иргэн эмчлүүлж байгаагаас нэг иргэний биеийн байдал хүндэвтэр буй талаар Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Түүнчлэн Дархан сумын хоёр баг буюу Ширээ нурууны 14 иргэнээс Covid-19-ийн тохиолдол батлагдаж, 30 орчим иргэн ойрын хавьтал болсон. Үүнтэй холбогдуулан 72 цагийн хугацаанд Ширээ нуруунд зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдээс PCR шинжилгээ авч эхэлсэн байна.

Эхний ээлжинд халдварт өвчлөл илэрсэн айл өрхүүдийн ойролцоох 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулах аж. Өнөөдөр халдвар бүртгэгдээгүй бусад хэсгийн өрх бүрээс нийгмийн харилцаанд түлхүү оролцдог нэг гишүүн гэр бүлээ төлөөлж шинжилгээнд хамрагдах юм байна.

Хөл хорионы гурав дахь өдөр иргэдийн шинжилгээний хариу гарна. Шинжилгээний хариунаас шалтгаалан цаашид ямар арга хэмжээ авахыг тодорхойлно гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *