Дархан-Уул аймгийн гуравдугаар багт 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байна. Галыг унтраахаар Эрдэнэт, Сэлэнгээс нэмэлт хүч дуудан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Гал гарах үед шатахуун түгээх станцад гурван хүн ээлжтэй байсан байна. Нэг иргэнийг галаас гаргаж, эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсныг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ. Нөгөө хоёр иргэн олдохгүй байгаа аж.
Галын дуудлага өглөө 09.21 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд одоог хүртэл бүрэн унтраагаагүй байгаа юм. Гал сөнөөх ажиллагаанд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.