Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат өчигдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа. Тэрээр Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүний магнайг хэн манлайлах тухай асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн хэвлэлийн хуралд бөх судлаач Н.Зоригтбаатар, С.Эрдэнэбилэг, эрхзүйч Ц.Ариунболд нар оролцов.
А.Сүхбат: Монголынхоо ард түмэнд удахгүй болох баяр наадмын мэнд дэвшүүлье. Миний хувьд улсынхаа их баяр наадамд зодоглох гээд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Бэлтгэл сургуулилт жигдрэн торгон ирэн дээрээ ирчихсэн байна. Сүүлийн хорь гаруй хоног Г.Өсөхбаяр аварга бид хоёрын тухай, эрэмбийн талаар маш олон санал, шүүмж гарч байгааг харж явлаа. Эрэмбийг хуйвалдаад, бүлэглээд, эрх мэдлээрээ авдаг жишиг тогтох вий гэх үүднээс хэвлэлийн бага хурал хийж байгаа юм. Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн жил үндэсний их баяр наадмын хуулинд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Далай аварга цолыг чимэг болгож Монгол Улсын далай даян, дайчин дархан аварга цолыг хэвээр нь батлахад Г.Өсөхбаяр бид хоёр дархан аварга цол авсан. 2014 оны долдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган Г.Өсөхбаяр аварга бид хоёр есөн хөлт цагаан тугны өмнө дархан аварга цолоо авч байлаа. Үүнд миний бие үнэхээр их баярлаж төр засаг, ард түмнийхээ хайрласан өндөр цолыг дээдэлж байлаа. Таяг тулчихаагүй, бас ч гэж гайгүй настай байхад минь дархан аварга цолыг өглөө гээд маш их урам зориг авсан юм. Цолоо наадмаас дөрөвхөн хоногийн өмнө авсан ч гэлээ улсын баяр наадамдаа зодоглосон. Нэгийн даваа эхлэхэд “Хүчит бөхийн зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайд дархан аварга А.Сүхбат” гэж зарлахад хөтлөгч андуурчихлаа даа гэж гайхаж байлаа. Гэтэл үнэхээр баяр наадмын комисс, салбар хорооныхон, Үндэсний бөхийн холбооны хүмүүс эрэмбийг өөрчилсөн байсан. Тэгэхээр өнөөдрийг хүртэл бөхийн цол чимгийг алдагдуулж, зөрүүлж, хууль зөрчиж байсан тохиолдол байдаг уу гэхээр алга. Түүхэнд тийм алдаа гарч байгаагүй. Монголын үндэсний бөхийн холбооны цол, чимэг олгох дархан эрхийг төр хариуцаад авчихсан байдаг юм байна. Үндэсний их баяр наадмын хуулиар бөхчүүдэд цол, чимэг олгодог ганцхан хүн нь Ерөнхийлөгч. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган цол, чимэг олгоно. Бас эрэмбийг нь тогтоодог юм. Миний далай аварга чимгийг байнгын хорооноос өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлээд Ерөнхийлөгчийн тамгын газарт өгөхдөө судалгаа хийсэн байдаг байлгүй. Миний хувьд их гайхаж байгаа. Хөлс, хүч хөдөлмөрөө үнэлүүлэн сайхан цол авчихсан мөртлөө гэнэтхэн буруутан болсон мэт, хүний цолыг булаагаад авчихсан мэт эвгүй сэтгэгдэлтэй бүтэн жил явлаа. Тэгэхээр энэ асуудлыг нэг тийш нь болгож өгнө үү гэж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандчихсан байгаа. Одоо хүртэл хариу ирээгүй байна.
Сүүлийн хэд хоног Г.Өсөхбаяр бид хоёрын хэн нь зүүнийг магнайлах вэ гэх маргаан олон нийтийн дунд их явж байгааг би мэдэж байгаа. Бөх сонирхогч, үзэгч түмэн их бухимдаж хоёр талцсан байдалтай байгааг харж байна. Тэгэхээр тодорхой хариу өгөхийг хүсэж байна. А.Сүхбат аварга улсад гурав түрүүлсэн, Г.Өсөхбаяр дөрөв түрүүлсэн болохоор зүүний магнайд гарах ёстой гэж яригдаад байгаа. Зургаан залуу заан барилдаж байх үед буюу 2000 онд би Г.Өсөхбаярын доор эрэмбэлэгдэж байсан. Тэр жил би ес давж түрүүлэн арслан цолонд хүрч байлаа. 2001 оны наадамд арслан цолтой барилдаж ес давахад аварга цолны болзол биелүүллээ гэж зарлаж байсан. Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү, үзүүр булаалдан арав давахад үнэлгээгүй байсан. Арвын даваа үнэлгээгүй байх үед буюу 2006 онд Д.Сумъяабазар арав давж түрүүлэхэд өвөл нь УИХ “А.Сүхбат аваргын арав давсан амжилтыг тооцож далай, даян аварга цолыг өгөхгүй бол Д.Сумъяабазарын аварга цол асуудалтай болох нь байна шүү” гэсэн байдаг. Улмаар 2007 оны нэгдүгээр сарын 13-нд Н.Энхбаяр ерөнхийлөгч төрийн ордонд даян аварга цол олгосон. Үүний дараа далай аварга цол чимэг болсон тул Г.Өсөхбаяр бид хоёрын дархан аварга цол яригдаж эхэлсэн юм. Г.Өсөхбаяр аварга миний дээр эрэмбэлэгдье гэж үзэхээр их сонин зүйл гарч ирдэг юм байна. Би 2006 онд “Энэ нөхдүүд миний цолыг өгөхгүй юм байна. Бөхийн шинэчлэлийг хийхгүй юм бол амьдрахад хэцүү боллоо” гээд зодог тайлсан. Тэрнээс хойш барилдаагүй юм чинь надад амжилт байхгүй шүү дээ. Өмнөхийг тооцоод үзэхээр би 2004 онд Монгол улсын дархан аварга цолны болзлыг биелүүлсэн байдаг. Тэгэхээр Г.Өсөхбаяр аваргыг миний дээр эрэмбэлье гэхээр 2004 оноос өмнөх он, жилүүдийг харах учиртай. 2009 онд дархан аварга цолны болзол хангасан Г.Өсөхбаяр аваргын дараа эрэмбэлэгдье гэхээр миний амжилт 2010 оноос хойш гарсан мэт болчих гээд байгаа юм. Ийм авцалдаагүй зүйл болоод байна. Уг нь монгол бөхийн дархан аваргууд эрэмбэлэгдэхгүй гэсэн хуультай. Бас арван даваатай наадамд түрүүлэхээр хоёр наадамд түрүүлсэнд тооцож давхар цол олгоно гэсэн хууль бий. Жишээ авъя л даа, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн С.Мөнхбат аварга байна. С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр хоёр ес даваад арслан цолныхоо үнэмлэхийг авсан. Түрүү, үзүүр булаалдахад буюу арвын даваанд С.Мөнхбат давж аварга цолтой болж байлаа. Ирэх жил Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам гээд 1024 бөх барилдуулан С.Мөнхбат түрүүлэх юм бол дархан аварга цолтой болно. Цаасан дээр улсын баяр наадамд хоёр түрүүлсэн мэт харагдах боловч дөрөв түрүүлсэн дархан аваргын болзлыг хангасан амжилт харагдаад байгаа юм. Бөхчүүдийн амжилтыг ингэж дүгнэе гэсэн хууль баталсан шүү дээ. Энийгээ больё, арван даваатай наадмыг нэг л түрүүлсэн болгоё гэвэл С.Мөнхбат, Д.Сумъяабазар аваргуудын амжилт яригдаж эхэлнэ. Бүр эсвэл бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлье гэвэл баяр наадмын комисс, Үндэсний бөхийн холбооны шийдэх асуудал биш болно. Монголын үндэсний бөхийн их хурлыг зохион байгуулаад хуралдах ёстой. Ард түмнээс санал асуулга авах ёстой.
Миний хувьд энэ жил бэлтгэл сайн байгаа. Барилдана гэдгээ ард түмэндээ хэлээд амлалтаа өгчихсөн. Төр түмнийхээ хайрласан өндөр цолыг хүндэтгээд, цолныхоо эрэмбэнд хүрч барилдана. Маргааш очиж бүртгүүлэхэд бэлэн байна.
Бөх судлаач Н.Зоригтбаатар: Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд хоёр аваргыг амжилтаар нь эрэмбэлнэ гэж ярьж байгаа. Барилдааны дүрмийн 3.6-гийн 1-д ижил цолтой бол энэ цолыг авахаас өмнөх доод даваануудыг үнэлнэ гэсэн байдаг. Эрэмбэлж болно. Бөх судлаачийн хувьд би эрэмбийг гаргасан. А.Сүхбат аварга 2006 онд барилдаад зодог тайлсан. А.Сүхбат аварга гурван удаа долоо давсан байдаг. Г.Өсөхбаяр аварга дөрвөн удаа долоо давж, гурван удаа найм давсан байдаг. Үүний дөрөв нь А.Сүхбат аваргыг зодог тайлснаас хойших даваа. А.Сүхбатыг зодог тайлснаас хойших долоон жилд Г.Өсөхбаяр аварга барилдаж байлаа шүү дээ. Долоон жил барилдсан аваргыг барилдаагүйтэй нь яаж жиших гээд байгаа юм бэ. Ингэж эрэмбэлэхдээ зөвхөн долоо, найм давсныг бичээд шөвгөрснийг тооцоогүй байдаг. Тоолоод үзвэл А.Сүхбат аварга нэг удаа тав, дөрвөн удаа зургаа, гурван удаа долоо, гурван удаа ес, нэг удаа арав буюу нийт 12 удаа шөвгөрсөн байна. Г.Өсөхбаяр аварга нэг удаа тав, гурван удаа долоо, хоёр удаа найм, гурван удаа ес буюу нийт есөн удаа шөвгөрчээ. Эрэмбэ ярих гээд байвал ийм байна. Тэгэхээр маш товчхондоо А.Сүхбат Монгол Улсын дархан аваргын болзлыг 2004 онд биелүүлчихсэн хүн. Өөрөөр хэлбэл А.Сүхбат 2004 оны дархан аварга. Г.Өсөхбаяр 2009 оны дархан аварга. Тиймээс түрүүчийн аваргууд ирээгүй тохиолдолд А.Сүхбат наран ургах зүүн зүгээс гарах учиртай юм.
А.Сүхбат: Баяр наадмын бэлтгэл хийгээд завгүй яваа. Уг нь үнэндээ хэн зүүнийг манлайлах вэ гэдгийг яриад байхаар зүйл биш шүү дээ. Хэн зүүнээс гарах нь тодорхой. Ерөнхийлөгч эрэмбийг нь тогтоогоод цолоо өгсөн. Баяр наадам сайхан болоосой, хэл амгүй болоосой гэж бодож байна. Би ч өөрөө хичээнэ. Төрийн наадмаа чимж, цолондоо хүрч барилдана гэдэг миний 30 жилийн хөдөлмөр юм шүү. Миний мэддэг, чаддаг ажил.
-Г.Өсөхбаяр та хоёр хоёулаа зүүний магнайгаас гарна гээд байгаа. Энэ асуудал баяр наадмын эхний өдрийг хүртэл шийдэгдэхгүй бол яах вэ. Хэрэв Г.Өсөхбаяр аварга зүүнийг магнайлна гэсэн шийд гарвал хэрхэх вэ?
А.Сүхбат: Дахиад хэлчихье. Би энэ цолыг өөртөө өгчихсөн юм биш. Монгол Улсын Ерөнхийлөгч дуудаад Төрийн ордонд өгсөн цол. Төр, түмэн олон минь надад өгсөн. Ерөнхийлөгч эрэмбийг нь тогтоочихсон. 30 жил барилдахдаа 30 тонн хөлсөө урсган байж надад ирсэн цол болохоор надад хосгүй үнэтэй. Цолныхоо эрэмбийг бууруулах эрх надад байхгүй. 08 тооттой дархан аваргын үнэмлэхийг андуурсан байна гэдэг юм уу, шүүхийн тогтоол гарвал би хүлээн зөвшөөрнө.
-Г.Өсөхбаяр аварга “Өнгөрсөн жил би наадамчин олноо хүндэтгээд буулт хийсэн. Энэ жил яадаг ч байсан зүүнээс гарна” гэж мэдэгдсэн?
.Сүхбат: Нэг зүйлийг шулуухан хэлчихье. Эрэмбийг булааж авдаггүй юм. Ингэж болохгүй. Баяр наадмын комисстой ч юмуу, Үндэсний бөхийн холбоотой ч юмуу, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ч юмуу хуйвалдаад авчихдаг зүйл биш. Барилдаж авдаг юм. Дахиад хэлчихье. Би 2004 онд Монгол Улсын дархан аварга цолны болзлыг биелүүлчихсэн юм байна лээ шүү. Хэрэв Г.Өсөхбаяр аваргыг миний урд эрэмбэлэх гээд байгаа юм бол дөрөв түрүүлсэн он жилийг 2004 оноос өмнө бичих хэрэгтэй. Болдоггүй юм гэж байдаг юм. Миний хувьд цолоо өгөхгүй, заавал дээр нь гарна гээд байгаа зүйл алга. Хамгийн гол нь цолыг үнэгүйдүүлж, хуйвалдаан булхайд дарагдуулж өнгийг нь хувиргах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
-Өнөөдөр (өчигдөр) Үндэсний бөхийн холбооныхон хуралдаж байгаа. Та тэр хуралд очих уу?
А.Сүхбат: 14 цагаас болох Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралд ирнэ үү гэсэн. Би сэтгүүлч та бүгдтэй уулзахаар цаг товлосон байгаа гэдгээ тэдэнд мэдэгдсэн.
One reply on “Дархан аварга А.Сүхбат: Эрэмбийг булааж авдаггүй юм”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru