УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016
оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн
хуралдаанд сөрөг хүчнийхэн буюу МАН мөн ИЗНН-ынхан хуралдаа маш идэвхтэй
оролцож байна. Харин эрх барьж байгаа Ардчилсан намаас Засгийн хэдэн
сайдуудаас бусад нь хуралдаа оролцсонгүй. Улс төр хийх болохоороо нүд,
шүд нь гялалзаад ирдэг Ардчилсан намын шударгуу улстөрчид төсвийн
хэлэлцэх асуудалд идэвхтэй оролцохыг сөрөг хүчнээс шүүмжилсэн юм.
Л.БОЛД:
-Сонгууль хийгээ л хоорондоо байлдах шахаад л байшингаа шатаагаад явж
байсан. Олимпод оролцох тамирчдаа төсвөөрөө дэмжээд явмаар байна. Энэ
бол хэдэн тамирчдын асуудал биш, нийт монголчуудын эрүүл мэнд, эв
нэгдлийн асуудал яригдаж байгаа шүү дээ. Үүнийг шийдэж өгөөсэй гэж хүсч
байна. Олон спортын холбоо байдаг юм. Тэд нь хөөцөлдөөд ирэхээр эндээ
хүнд суртал гаргачихдаг. Бид нар ирэх хавар гэхэд хөнгөн атлетикийн
анхны замтай болох гээд байгаа юм. Үүнийг нь засаг дэмжээд өгөөч.
САНГИЙН САЙД Б.БОЛОР:
-Болд гишүүнээ та бид хоёр энэ асуудлаар нэлээд ярьсан. Гэхдээ би
өнөөдөр шийдчихэж чадах асуудал биш. Ирэх жил олимпод оролцох тамирчдын
мөнгөнд багагүй хөрөнгө төсөвлөсөн. Бид олимпод оролцох тамирчдаа
дэмжээд явж байгаа.
Ё.ОТГОНБАЯР:
-Мах экспортолно гээд байсан чинь улсаас “Мах экспо” компани
байгуулчихлаа. Одоо тэгээд хувийн хэвшлийнхний хийж байсан ажлыг нэг
тамга барьсан нөхөр суугаад шийддэг болох нь байна шүү. Энэ танхимаа хар
л даа, эрх барьж байгаа нам мөртлөө сайдуудаас нь өөр хүн алга байна.
Р.Гончигдорж гишүүнээ, та энд хуралдаан зохион байгуулж байгаа болохоос
их сургуулийн танхимд математик зааж байгаа юм биш шүү. Та сүүлийн үед
хуралдаадын дэгийг зөрчиж байгаа шүү. Болсон болоогүй төрийн далбааны
өндөрлөх, зөвлөгөө өгөх төв энэ тэр барьж байхаар та нар тэр Хавдрын
эмнэлэг тонографик аваад өгөөч. Далд эдийн засгаас хэдэн төгрөг орж ирнэ
гэж төсөвт тооцсон юм бэ?
Б.БОЛОР:
-Отгонбаяр гишүүн энэ талаар олон асуулаа. Асуулт нь ч өөрчлөгдөхгүй,
миний хариулт ч өөрчлөгдөхгүй юм даа. Далд эдийн засгаас орж ирэх
мөнгийг багаар тавьсан. Өсвөл сайн л байна. Та миний асуултад яг нэг
асуулт өгөөд байх юм. Бид нарын яриад байгаа нь төсвийн төсөөлөл чинь
зөв үү гэдгийг л лавлаад байгаа юм шүү дээ. Хоёр хөршийн эдийн засгийн
өсөлт буурч байхад манай өснө гэдэг зөв төсөөлөл мөн үү?
Ө.ЭНХТҮВШИН:
-Төсвийг ойлгож, зардлаа багасгая гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ цалинг
хасна, тэтгэвэр нэмэхгүй гэсэн хэрнээ, нөгөө талдаа 100 гаруй тэрбум
төгрөгөөр шинэ объектийг шинээр барина гэхээр гайхаад байна. Уучлаарай
,зуун тэрбум биш урсгал завсар энэ тэрээ нэмбэл 900 тэрбум болно.
Цалинг хасна гэж хэлчихээд Эрдэнэт хотод хаалга барихаар ярьж байна.
Тэтгэврийн насыг нэмнэ, тэтгэврийн мөнгийг нэмэхгүй гэсэн мөртлөө
Нийгмийн даатгалаас 30 тэрбумаар барилга барьж өгөх гээд байгаа юм бэ.
Энэ тэгээд “ядарсан” төсөв мөн үү. 2016 онд хэзээ бүтээн байгуулалт явж
байсан юм бэ. За тэр их хурлын цалинг хасдаг юм байгаа биз. Би хувьдаа
зөвшөөрч байна.
С.ДЭМБЭРЭЛ:
-Дараагийн хэлэлцүүлгийн үеэр би Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн
үнэ цэнээр нь болон нэрлэсэн үнээр нь тооцсон судалгааг сонсоно. Сайд
нар хариулахад сая нэг зүйл ажиглагдлаа. Өмнө нь ширээ тавьж өгөөч,
хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгөөч.
Ж.ЭНХБАЯР:
-Миний үг хэлэх эрхийг та битгий за, би дэмжихгүй үг хэлнэ. Макро эдийн
засгийн суурь үзүүлэлтийг зөв тооцоод, орлогоо бүрдүүлээд зөв
хуваарилах ёстой. Ирэх оны төсвийг Монгол Улсын иргэн бүр анхааралтай
хандаж байгаа. Экспортын чиг баримжаагаа буруу тооцсон. Эдийн засгийн ил
тод байдлын тухай хуулиа буруу тооцсон.Данхайсан төрийн албан хаагчдаа
цалинтай болгох гээд жирийн иргэддээ дарамт болсон төсөв оруулж ирж
байна. Төсвөө алдагдалгүй батлаад ирэх онуудад өр төлөх нөхцөлийг
бүрдүүлэх ёстой. Санхүүгийн сахилга бат алдагдсан төсөв орж ирж байна.
Ард түмнээ битгий хуур. Эдийн засаг дампуурч байгаагаа хэл, валютын
нөөцөө шавхсанаа хэл. Оросод өргөн хэрэглээний үнэ асар хямдарсан.
Шатахууны үнэ хямдарсан, үр тарианы үн хямдарсан, барилгын материал
хямдарсан. Шатахуунаа нөөцөлсөн байх ёстой. Данхайсан төрөө тэжээх, зам,
байшин барьж дундаас нь хувь авах явдал чинь байна. Баахан өр авлага
хийсэн. Үүнийгээ засаач ээ
Ч.ХҮРЭЛБААТАР:
-Эдийн засгийн өсөлтөө дураараа тавьсан. Ирэх жил эдийн засаг энэ
жилээс улам хүндэрнэ. Төсвийн орлогынхоо 50 хувийг өр, өрийн үйлчилгээнд
төлж байгаа. Үүнийг зогсоох гол арга бол төсвийн алдагдлыг тэглэх.
Гэтэл төсвийн алдагдлыг 575 тэрбумаар нэмээд ороод ирсэн байна. Тэвчих
зардал төсөвт олон байна. Хасах зардал их байна. Ард түмний гэдэс чинь
тасрах нь. Үүнийгээ татаж аваад зөв болгоод оруулаад ирвэл сайн байна.
Та нар тэгж чадахгүй л дээ. Үүнийгээ засъя. 2015 оны төсвийг алдагдалгүй
болгоод баталъя.
Ё.ОТГОНБАЯР:
-Төсвийн төсөл дээрээ анхаараач ээ. Төсөв өөдрөг байна, энийгээ буулга
гээд байгаа нь “муухай” байлгах гээд байгаа юм биш. Тансаглалыг чинь
бууруулах гээд байгаа юм шүү дээ. Бүтэц данхар болох нь зөв. Яахлаараа
та нар дараагийн засгийнхаа бүрэн эрхэнд халддаг юм. Та нар өөрсдөөсөө
цомхотголоо эхлүүл. Яахаараа хүний дээлигй хасдаг юм, өөрсдийнхөө
дээлнээс хас.
Б.ГАРАМГАЙБААТАР:
-Үнэхээр яриад байга ашиг бүх юм харлачихсан юм уу гэтэл үгүй юм.
Бидэнд өөдрөг сэтгэл алга болсон юм биш үү. Энэ оны төсөв арай шинэлэг
юм орж ирж байгаа гэж харж байна. Засгийн газрыг дараагийн засгийн
эрхэнд халдлаа, малдлаа гэж ярихгүй. Хамгийн харамсалтай нь, Ардын намын
гишүүд хэтэрхий харлуулж байна.
Уг асуудлаар санал хураалт явуулж, 38 гишүүн буюу 73 хувийн саналаар
хэлэлцэх нь зүйтэй гэж хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд
шилжүүллээ. Үүний дараагаар гишүүд УИХ-ын даргын өрөөнд даргын зөвлөлийн
хуралд оролцох юм. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг
сонсоно.