Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх” хэмээн заасан. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах” үүргийг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллага бүрт оногдуулсан байдаг бөгөөд энэ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд “Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г хийж хэвших зайлшгүй шаардлагатай юм. Эдгээр шаардлагыг хангах зорилгоор тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу 2018 эхний хагас жилд нийт 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж үр дүнг тооцжээ. 2019 оны эхний хагас жилд “Шударга байдлын үнэлгээ”-нд хамрагддаггүй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс 15 байгууллагыг үйл ажиллагааны чиглэл, онцлогоос нь хамааран түүвэрлэн авлигын эрсдэлийг нь үнэлэхээр төлөвлөн ажиллаж байна. Авлигын эрсдэлийг үнэлснээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлон, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэх чухал ач холбогдолтой юм.
Авлигын эрсдлийн үнэлгээ хийх байгууллага:
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн өргөө амаржих газар, Улсын төв хоёрдугаар эмнэлэг, ХӨСҮТ, ГССҮТ, МУИС, МУБИС, БХЯ, УБЦТС ТӨХК, Авто тээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагууд авлигын эрсдлийн үнэлгээ хийлгэх юм байна.