Categories
мэдээ цаг-үе

Данзангийн Нямаа: Хайр байгаа цагт хүн гэрэлтэж оршдог шүү дээ

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаатай ярилцлаа.


-Дөрвөн улирлын хамгийн таатай сайхан зун цаг таны онгодыг хэрхэн хөглөж байна даа. Шүлэг найргийн сониноосоо хуваалцахгүй юу?

-Зун бол өөрөө цэцэглэсэн их гоё улирал шүү дээ. Монгол хүн улирлаа дагаж сэргэдэг, улирлаа дагаж гуньдаг улирлаа дагаж ургадаг ийм л улс. Энэ зун миний хувьд уран бүтээлийн сайхан хуртай нэгэн зун үргэлжилж байна. Монголын радиогийн маань наян жилийн ой энэ жил тохиож байгаа. Би радиод гучин дөрвөн жил ажиллачихсан байна. Радиод хийсэн найруулал, тэмдэглэл, сурвалжлага, радио жүжиг, радио хөрөг, радио зураглалуудаа сонсогчдод хүрдэг радиогийн яг тэр хэлбэрээр нь хөгжимтэй нь, ярианых нь бичвэрийг бүтнээр нь эмхэтгээд нэг ном бэлэн болгочихлоо. Үүнээс гадна би нэг их сайхан, баяртай гэдэг юм уу өөдрөг хийдэг нэг ажилтай болсон. Тэр бол “Улирал ба зохиолч” нэртэй улирал тутам гардаг уран зохиолын шинэ сэтгүүл эрхлэн гаргаад эхний хоёр дугаарыг нь уншигчдадаа хүргэчихээд байна.

Эхний дугаарыг нь хавар гаргасан. Зуны дугаараа сая гаргалаа. Үүндээ нэлээн хөөрхөн цаг зав зарцууллаа. Бас их баяртай байгаа. Уншигчид маань үнэхээр уран зохиолыг шимтэн унших ийм сайхан айсуй цаг ирж яваа нь илт мэдрэгдэж байна. 

-Тийм гэж үү?

-Яагаад гэвэл, “Улирал ба зохиолч” сэтгүүл маань гараад удаагүй ч гэсэн сая захиалгад орсон. Юуны өмнө сэтгүүлийг маань захиалсан хорин нэгэн аймаг, нийслэлийн номын сангуудын захирлуудад талархсанаа илэрхийлье. Номын сангуудын хувьд үйлчлүүлэгч уншигчдадаа барьж байгаа бас нэг сайхан бэлэг болж байгаа байх гэж би бэлгэшээж байгаа юм. Цаашид манай зохиолчид, уран зохиолд дуртай уншигчид нэлээн хүлээдэг, дуртай сэтгүүл болох байх аа гэж бодож байгаа. Зохиолчид маань нэлээн ам сайтай байна. Туужаа, шинэхэн найраглалаа өгч байна. Ховор нандин зургаа өгч байна. Бие биедээ бичсэн, уншигчдаас өөрсдөд нь ирсэн өвөрмөц нандин захидлуудаа өгч байна. Нэлээн сонирхолтой сэтгүүл гарахад зохиолчид өөрсдөө их хувь нэмэр оруулж байгаа. Эхний дугаарт гэхэд л манай Очирбатын Дашбалбарын захидал гарсан. Их гоё захидал. Арван долоохон настай, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ажилчин хүү Монголын радиогийн сэтгүүлч, яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатарт захидал бичиж, найман мөрт, найман шүлгээ явуулж байж. Тэгэхдээ арван долоотой хүү “Яруу найргийг дүү нь зүгээр нэг сонирхсон биш, амьдралынхаа жинхэнэ утга учир болгохоор зорьсон” гэж бичсэн байгаа юм. Арван долоотой ажилчин хүү хөдөөнөөс яруу найрагчид тийм захидал бичээд тэр захидлынхаа хэлсэн үнэ цэнд хүрч амьдарна гэдэг үнэхээр гайхамшигтай. Магадгүй тэр үед Дашбалбартай уулзаад тэгж ярьсан бол бид үнэмшихгүй ч байсан байж мэднэ. Гэтэл тэр яг хэлсэндээ хүрч яруу найргийн төлөө амьдарч, бадарч, гэрэлтэж, ая эгшиг болж цуурайтаж явсан ийм амьдралтай хүн шүү дээ. Энэ мэтчилэн сонин содон ховор нандин захидлуудыг хүмүүс бидэнд өгч байна.

-Өөр ямар захидлууд танд байна? 

-Хоёр дахь дугаарт маань манай Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч хэмээх Данзангийн Нямсүрэн соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Даваадаш гуайд бичсэн захиа гарсан. Энэ захиандаа Нямсүрэн Зохиолчдын эвлэлд элссэн тухайгаа сэтгэл хөдөлмөөр бичсэн байгаа юм. Зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг зохиолч хүнд ямар их өндөр босго, ямар их баяр хөөр, ямар их аз жаргал, ямар том урам байдгийг тэр захиандаа бичсэн байна. Ухаандаа, Нямсүрэн, өгүүллэгийн нэрт мастер Дашзэвгэ, Балжирын Догмид гурав нар хамтдаа нэг өдөр элсч байсан байна шүү дээ. Гэх мэтчилэн сонирхолтой баримтууд их байх юм. Туужууд гэхэд л эхний дугаартаа Санжийн Пүрэвийн “Аргагүй амраг” гэдэг сайхан тууж нийтэлсэн бол, хоёр дахь дугаартаа До.Цэнджавын “Өнцөгдсөн сэнтий” гэдэг тууж нийтэллээ. Найраглал мөн тавьж байгаа. Өнөөдөр утга зохиолд найраглал, тууж хоёр жаахан ховордчихоод байгаа учраас энэ хоёр төрлийг дэмжих үүднээс би байнга сэтгүүлдээ найраглал, тууж нийтлээд байгаа л даа. Гадаадын уран зохиолын шилдэг бүтээлүүдээс нэлээн сайн тавьж байгаа. Нобелийн шагналтнуудын өгүүллэгүүд, утга зохиолд шинэчлэл хийсэн, янз бүрээр хэлүүлж явсан зохиолчдын бүтээлээс Жойсоос эхлээд тавьж байна. Манай орчуулагч нар бас сайн хамтарч ажиллаж байна. Сонгодог зохиолчдын зөвхөн ярилцлагуудаас бас тавиад эхэлсэн. Маш сонирхолтой ярилцлагууд байна. Далан дөрвөн онд дэлхийн уран зохиолын том том сэтгүүлд тухайн үедээ өгч байсан ярилцлагуудыг өнөөдөр уншихад цоо шинээрээ байна. Уран зохиолын тухай гайхалтай үгсийг, чиг хандлагыг тодорхойлж байгаа. Тэр чиг хандлага өнөөдөр ч бидэнд хэвээрээ байгааг тэр захидлуудаас харж болно. Эхний дугаараа гаргах гэж байх үед Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес нас барсан, тэр их зохиолчийг үдэх үдэлтийн өдрүүд үргэлжилж байсан. Энэ  үйл явдлыг тохиолдуулаад Маркесын ярилцлагыг тавьсан.  Маркесын сэтгүүлчийнхээ хувьд хийсэн сүүлчийн ярилцлага нь. Японы нэрт кино найруулагч Курасаватай хийсэн их сонирхолтой ярицлага л даа. Тэр хоёр том хүний ярилцлага гэдэг чинь гайхалтай сонин. Хоёр дахь дугаарт Жан Поль Сартрын ярилцлага гарсан. Америкийн “The New York times book review” сэтгүүлд 1975 оны наймдугаар сард өгсөн энэ ярилцлагадаа Сартр Камюгийн тухай ярьсан байгаа шүү дээ. “Камю бол миний сүүлчийн сайн найз байжээ” гэж. Ер нь би утга зохиолын нэлээн мэргэшсэн сэтгүүл гаргая гэж бодоод байгаа. 

-Хайрын шүлгүүд тань хэрхэн үргэлжилж байгаа вэ. Данзангийн Нямаагийн хайрын шүлгүүд гэж таны уран бүтээлийг хүмүүс бүхэлд нь онцолдог?

-Нэгэн насны маань, надаас салшгүй оршигч тийм зүйл байна л даа. Зарим хүмүүс шүлэг минь баяртай л гэдэг. Янз янзаар ханддаг. Би бол тэгж чадахгүй юм шиг байна. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр би “Зүрхэн тольтын цаглабар буюу хайрын шүлгүүд” гэж гучин жил бичсэн хайрын шүлгийн эмхэтгэлээ гаргасан. Уншигчдадаа бас л хөөрхөн хүрчихлээ. Манай үеийнхэн ч, утга зохиол судлаачид намайг голдуу хайрын шүлэгч гэж онцолж бичих юм. Энд тэнд уулзалт дээр ч хайрын шүлэгч л гэдэг юм. Ер нь ч миний шүлгүүд гол төлөв хайрын шүлгүүд л дээ. Хайр гэдэг бол хүн төрөлхтөн оршихуйн учир шүү дээ. Хайр байгаа цагт хүн гэрэлтэж оршино гэж би боддог юм. Хайр гэдэг бол гайхалтай юм шүү дээ. 

-Бүсгүй хүнд сэтгэл алдрах тохиол танд олон байв уу? 

-Олон дурлахаас илүүтэй олон бүсгүйн гоо сайхныг мэдэрсэн, тэднээс гэрэл гэгээг олж авсан, гоо сайхныг олж харсан бүсгүйгээр дамжуулж өөрийгөө нээсэн, бүсгүйгээр дамжуулж энэ ертөнцийн сайхныг мэдэрсэн гэж хэлбэл илүү зохино. Ер нь бүсгүй хүн бол энэ ертөнцийн гоо сайхны тодорхой илэрхийлэл, тусгал шүү дээ. Бүсгүй хүнээс би энэ ертөнцийн гэрэл гэгээ, гоо сайхан, ая данг олж авдаг. Олж авах болгондоо шүлэг бичдэг. Бичсэн шүлэг маань тухайн агшны үзэгдэл, тухайн агшны хөгжим, тухайн агшны таталбар болж сэтгэлд буудаг л даа. Хайрын шүлгүүд хэзээд маш хүчтэй сэтгэл хөдлөлөөс гарч байдаг. Тийм учраас хайрын шүлэг хүнд их сайн хүрдэг байх. Хайрын шүлгийг олон хоног бодож бичдэггүй. Нэг тийм хайрын шүлэг бичнэ дээ гэж бодож байж бичихгүй шүү дээ. 

-Зохиолч Б.Золбаяр уран зохиолын нөхөдтэйгөө Богд уулнаа аялсан тухай нэгэн тэмдэглэлдээ таныг гайхалтай торгомсог нарийн зураглаж бичсэнийг санаж байна уу. Тэр дүр дүрслэл, агаар амьсгал санаанаас ер гардаггүй. Таны тэр эмзэг нандин дотоод ертөнцийн гадна орхигдох юмс ер нь бий юу?  

-Ер нь их л хүүхдээрээ хүн л дээ, би. Ихээхэн сониуч. Юмыг жигтэйхэн шинээр харна. Амархан баярлана, тэгээд жигтэйхэн догдолно. Хаврын улиралд гэхэд үргэлж л гэгэлзэнэ. Догдлонгуй л хүн юм уу даа. Заримдаа уярна, уйлна. Байж байгаа маань өөртөө төвөггүйгээр л байдаг гэх юм уу даа. Шаналлаа ч гэсэн ямар нэгэн юмнаас дандаа гэрэл гэгээг олж харж байдаг ийм л хүн шүү дээ. Би ер нь гунихаасаа илүү баяр хөөр гэх юм уу, юм  бүхнээс л гэрэл гэгээ олж хардаг юм. Амьдралаас дандаа сайн сайхан нь надад түрүүлж мэдрэгддэг. Сүүдэр гэж байдаг бол түүнийг нь сүүлд нь олж харна даа. Шууд муу талыг нь, сүүдрийг нь, шүүдрийг нь олж харахгүй шүү. 

-Сэтгэлийн хөдөлгөөн хүний нас дагаж өөрчлөгд­дөг болов уу. Яруу найраг­чийнхаа хувьд та юу гэж бодож байна?

-Нас ахихаар сэтгэл хөдлөл багасдаг гэдгийг би ойлгодоггүй. Шинжлэх ухаанаар тэгж дүгнэдэг байж болох юм. Харин ч нас ахихын хэрээр сэтгэл хөдлөл илүү торгон нарийн болдог. Залуу насандаа бичиж байсан хайрын шүлгээс одоо бичиж байгаа хайрын шүлэг арай илүү нандин болоод байгаа юм уу гэж бодож байгаа юм. Нандин, эрхэмсэг, мэдрэмж гүнзгий. Магадгүй, өөрөө гоё сайхнаас алсрахын хэрээр гоё сайханд илүү их татагддаг бололтой юм, хүн. Тийм учраас сэтгэл хөдлөл өөрөө улам тунгалагшдаг. Залуу цагийн сэтгэл хөдлөл өнгөцхөн гэх юм уу даа.. Одоогийнх харин илүү тунгалаг тодорхой, илүү хөгжимлөг болж байгаа байхгүй юу. Магадгүй, миний дотор байгаа гэрэл гэгээ, тэр хөгжимлөг анир чимээ надаас өдөр тутам холдож л байгаа. Тэр холдож байгаа бүхнийг би сайхан бүсгүйчүүдээс, цэцэг ногоо, тэнгэрийн цэлмэгээс, үүлсийн бужгараас нөхөж аваад байгаа байх. Тиймдээ нас ахих тусам сэтгэл хөдлөл улам илүү болж байгаа юм болов уу даа. Хүн туулсан амьдрал, зам мөрөөсөө дандаа шинэ юм олж харж байдаг. Урдаасаа ч хойноосоо ч шинийг л олж харна. Тиймдээ хүмүүсийн дурсамж болгон үргэлж өнгөлөг байдаг шүү дээ. 

-Хүмүүсийн ховор нандин захидлуудын тухай та сая сөхлөө. Танд өөрт тань захидал хэр олон бий вэ?

-Би арваад жилийн өмнө “Захидал  бүхэн хариутай” гэсэн нэртэй захидал ойллого гэж ном гаргасан юм. Шүүмжлэгч нар захидал дурсамж гэсэн нэр томъёо өгөөд байгаа юм. Тэр ном маань уншигчдад маш хурдан хүрсэн. Надад ирсэн захидлуудаар бичсэн ном л доо. Гэхдээ тэр захидлуудаас үүдээд бичихгүй юу. Ер нь тэнд би нэг ийм гаргалгаа хийсэн л дээ. Хүн бол бурхнаас ертөнцөд илгээсэн захидал юм байна. Бидний амьдарч яваа маань тэр бурхан юм уу тэнгэрт илгээж байгаа хариу захидал юм аа. Тэгэхээр бидний амьдрал бол их гүн утга учиртай шүү. Бид тэнгэр бурхандаа бичиж байгаа энэ захидлаа утга учиртайхан бичих ёстой гэсэн санааг гаргаад, тэгээд захидлын тухай орсон байгаа. Миний анх зургадугаар ангийн жаахан хүүхэд анхны хайрын захидал бичиж байгаа тухай, тэр захидлын тасархай нь хүртэл байх жишээтэй. Миний анхны номыг уншсан уншигчдаас ирсэн захидал, ээждээ бичсэн захидал гээд бүх захидлуудаа эвлүүлээд дурсамж маягийн ном гаргасан минь тэр. 

-Европт залуучууд ч гар бичмэл захидлыг цахимаас илүүд үзэх болсон нь чамгүй хэдэн жилийн өмнөөс анзаарагдаж эхэлсэн л дээ. Манайхан харин нэг их тоодоггүй?   

-Ер нь ингээд та бид хоёрын ярьж суугаагаас илүү захидлаар харилцан ярилцах нь илүү гүн гүнзгий, утга учиртай, илүү элгэмсэг дотно байдаг. Яагаад захидал бичихдээ хүн тийм илэн далангүй, тийм өөрөөсөө, тийм зүрхнийхээ аглагаас байдгийн утга учрыг бид ойлгохгүй байх. Гэхдээ ямар ч хүн ярьж сууснаасаа илүү нандин зүйлсийг, хамаг байдгаа нээдэг. Одоо бол даанч цаг хугацаанаасаа болоод хүмүүс бие биедээ захидал бичихээ больсон байна. Цахим шуудангийн захидлыг  цаасан дээр бичдэг тийм дотно, тэр бичиг үсгийн хэв маяг, цаасны үнэр, холоос нисч ирсэн тэр олон хоногийн хүлээлт тээсэн гар бичмэлтэй яаж зүйрлэх билээ. Тэгээд зарим нь захидлаа бичиж байгаад уйлах нь хүртэл бэх нь нүүчихээд ирдэг шүү дээ. Бэх нь нүүсэн үгийг уншиж байгаа хүнд үгийг нүдээрээ, зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа тэр зүрх сэтгэл ямар байх вэ, тийм ээ. Цахим захидал бол хүнд хүрэх нь хүрдэг л байх. Гэхдээ би бол бие биедээ гоё захидал бичиж байхыг уриалмаар санагддаг юм. Захидал бичнэ гэдэг чинь өөрийгөө нээнэ гэсэн үг шүү дээ. 

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *