Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, зураач, сүнс судлаач Дамбын Одгэрэлтэй ярилцлаа. Тэрээр “Тэнгэрийн нулимс”, “Зүрхний нүдэнд гэрэлтэх тэнгэр”, “Тэнгэрт нойрмоглох сарны үнэр”, “Зовлонд согтсон тэнгэрийн сүнс” яруу найргийн номуудтай. “Тэнгэрийн иргэний сурах бичиг” яруу найргийн номоороо шилдэг бүтээлийн “Алтан-Өд”-ийн шагнал хүртсэн.
-Та бол Монголын яруу найргийн ерээд оныхны содон нэгэн төлөөлөл. Утга зохиол болоод уран зургийн өргөөнд анх хөл тавихдаа дээд тэнгэр, сүнсний ертөнцийн тухай дуулсан. Тэр цагаас хойш өөрийн үзэл бодол, зам мөр, мөн чанартаа үнэнч явж иржээ?
-Миний бие дөрвөн настай байхаасаа зураг зурж, 12 наснаасаа шүлэг бичиж, хорь хүрээд амин сүнсний судалгаа хийсэн. Ерэн онд “Хурдан морины сүнс” анхны үзэсгэлэнгээ гаргаад “сүнс” хэмээх нэртэй болсон. Ерэн долоон онд сүнс гэдэг ургийн овог авсан. Соронзон орны долгио айхтар мэдрэгдэх болсон ийм цаг үед өөрөө ч мэдэлгүй сүнсний ертөнцтэй холбогдсон хүн л дээ. Ерээд оны эхэн үеэс өрнө дорнын олон хотуудаар явж үзлээ. Алдарт Луврын музейгээс аваад дэлхийд нэртэй том том музейгээр орж сонгодог зургуудыг уншиж мэдэрлээ. Тэгээд надад нэг л зүйл бодогдсон. Хүн төрөлхтний урлаг реалист буюу нүдэнд харагдаж буй бодит зүйл, модернист буюу сэтгэлд бодогдох хийсвэр зүйл хоёрыг эцэст нь тултал хийчихсэн юм байна. Үндсэндээ утга зохиол яруу найраг, дүрслэх урлагт реалист чиглэлээр яваад ч нэмэргүй, модернист урсгалаар бүтээлээ туурвиад ч нэмэргүйг ойлгосон хэрэг. Ингээд л би гэдэг хүн үхсэний дараахь амьд ертөнц буюу сүнсний ертөнц рүү орчихсон. Уран бүтээлч миний амьд орших ертөнц бол сүнс юм гэдгийг ерэн гурван онд баттай мэдэрсэн. Сүнсний тухай шүлэг хүчээр бичиж, зураг хүчээр өөрийгөө албадан зураад байдаг юм биш. Дээд тэнгэрээс миний оршин буй ертөнцөд өгч буй өгөгдөл, оюун сэтгэлгээний орон зайд зурагдаж буй амин сүнсний илэрхийлэл юм.
Хамгийн адармаатай нь сүнсний ертөнцөд нэвтэрч бүтээлээ туурвихад надад ямар ч хөрс суурь байгаагүй. Уянгын яруу найраг бичье гэхэд Монголын утга зохиолын уламжлал хадгалагдаж байдаг. Модернист шүлэг бичье гэхэд өрнөдийн утга зохиолын төлөөлөл болсон сонгодгуудын бүтээл байх жишээний. Үхсэний дараахь амьд ертөнцийн тухай шүлэг бичиж, зураг зуръя гэхэд ямар ч суурь байгаагүй л байхгүй юу. Шашны өөрсдийнх нь номлолын өгөгдөл, монголчуудын уламжлалт зан үйлэн дээр тулгуурлаж ирсэн сэтгэлийн боловсрол гэж агуу юм л нөлөөлсөн. Би чинь 2006 онд “Монголын гүн ухаан дахь сүнсний сэтгэлгээ” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. “Сүнс гэдгийг хүн төрөлхтөн нотлоогүй байхад чи доктор болно гэж юу байхав” гэж хэлэх хүмүүс ч байдаг. Энэ тухай дэлгэрэнгүй ярина гэвэл мэдээж барагдахгүй. Агуу ертөнц. Наргиан болгож хэлэхэд, улстөрчид “Энэ хуулийн үндсэн амин сүнс нь ийм” гээд хэлдэг биз дээ. Ямар ч шүтлэггүй хүн үр хүүхдээ хараад “Ээжийн минь сүнс юм” гэж сүслэх нь бий. Энэ бүхэн нэг зүйл хэлээд байна уу.
-Дөрвөн настайгаасаа зураг зурсан гэж байна. Дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа монгол хүн сансарт ниссэн зургийн уралдаанд түрүүлж байсан гэдэг?
-Төрийндээд гэж зураг зурдаг, шүлэг бичдэг ах маань байлаа. Тэр хүний нөлөө надад их туссан. Мөн Хэнтийн буриад Даваажав гэж зургийн багш, гавьяат цол хүртсэн эрхэм хүн байлаа. Даваажав багш, Ломбын Нямаа багш хоёрын нөлөөгөөр Хэнтий нутгаас уран зураг, яруу найргийн онцгой хүүхдүүд төрсөн. Тэдний төлөөлөл нь манай Галсансүх, Батжаргалын Одгэрэл бид гурав юм. Дэлхийн залуучууд оюутны 12 дугаар их наадамд миний бие Хэнтий аймгаас сонгогдож оролцож байснаа мартдаггүй. Залуучуудын холбооны ерөнхийлөгч байсан Зоригтбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Дарханы Пүрэвдорж гээд бид үе чацуутнууд. Тухайн үеийнхээ шилдэг сурагчид байв. Монгол хүн сансарт ниссэн зургийн уралдааны түүх бас сонин. Дөрөвдүгээр ангийн сурагч сахилгагүй Одгэрэлийг зургийн дугуйланд явуулахгүй гэдэг юм. Танхай этгээд гээд хасагдсан. Зургийн уралдаан зарлагдсаныг урьд орой нь мэдээд тэр шөнөдөө зураг зураад маргааш өглөө нь зөвшөөрөлгүй аваачаад өлгөчихлөө. Тэгтэл миний зураг түрүүлчихдэг юм. Дөрөвдүгээр ангийн сурагч долоо, наймдугаар ангийнхаа хүүхдүүдтэй өрсөлдөж байгаа хэрэг. “Сансарт мөнхөжсөн найрамдал” нэртэй зураг. Ленин, Сүхбаатар хоёрыг уулзуулж, дээд талд нь Нацагдоржийнхоо “Од” шүлгийг хүртэл оруулаад, яруу найрагчийн зөн билэг ч бас нөлөөлсөн байх, тийм л бүтээлээр түрүүлсэн юм. Арбатад Монголын гурван хүний зураг байдаг. Нэрт дуучин Адарсүрэн, манай Эрдэнэ-Очир, Мөнхцэцэг, Шатарын Энхбаяр гурвын багш Цагаандэрэм бид гурвын зураг байдаг. Москвад хүүхдийн зусланд амарч байхдаа зурсан бүтээлүүд. Миний бие Японы дэлхийд нэртэй зургийн уралдаанаас алтан медаль эх орондоо авчирч байлаа. Надаас хойш Монголын олон авьяаслаг сурагч “Гран При” хүртсэн. Урлаг судлаач, зураач, яруу найрагч, доктор Жүмпэрэлийн Саруулбуян ах бид хоёр Өндөрхааны нэг хашааны хүмүүс. Сонин юм шүү, нэг хашаанаас зураач, яруу найрагч, судлаач хоёр хүн төрнө гэдэг. Наян найман онд хотод Саруулбуян ахындаа амьдарч байсан. Тэднийд л агуу Дашбалбар, Ламжавын Мягмарсүрэн, Мэнд-Ооёо нарыг харж байлаа.
-Нямбуугийн Нямдорж, Ломбын Нямаа гээд бодохоор яалт ч үгүй Хан Хэнтийн яруу найргийн дэг сургууль санаанд бууна. Та бол тэрхүү дэг сургуулийн бүтээгдэхүүн?
-Галсансүх, Батжаргалын Одгэрэл бид гурав хүүхэд байхаасаа л урлаг, утга зохиолын шинэчлэлийн төлөө явсан. Тухайн үед гардаг байсан орос сэтгүүлүүдийг байнга уншина. Нямаа багш Галсансүхийг орос сэтгүүлийн хүчээр орос хэлтэй болгосон юм. Орос сэтгүүл дээрх шүлгийг Галсаа орчуулж, зурагтай нь би ноцолддог байлаа. Равдандаш гэж мундаг орчуулагч байсан. Чойномыг дандаа ярьдаг Цэвэлмаагийн Нэргүй гэж найрагч ах байлаа. Энэ хүмүүсийн нөлөө бидэнд яалт ч үгүй туссан. Дээрээс нь Батжаргалын Одгэрэл маш сонин ертөнц. Дандаа шинийг эрэлхийлдэг, өвөрмөц сэтгэлгээтэй. Өрнөдийн утга зохиолыг бишрэн уншина. Ямар сайндаа Буянзаяа “Одгэрэл бол европ маягийн сонгодог хувцас, Галсансүх бол америк жинс” гэж ерээд оны эхээр хэлж байхав. Би Одгэрэл шигээ франц хэлтэй болно гээд франц хэлний ангид сурч байсан удаатай. Ийм л боловсролтой залуучууд байлаа. Саяхан болсон “Хан Хэнтийн салхи” номын нээлтийн үеэр Одгэрэлийгээ их үгүйлсэн. Галсаа бид хоёрын уулзахаараа ярьдаг хүн Одгэрэл маань юм. Нямбуугийн Нямдорж найрагчийнхыг Эрдэнэтээс хотод ирэхэд нь Галсансүх, Одгэрэл бид гурав нүүлгэж байлаа. Тэр чинь ерэн оны намар. XI хороололд шинэ байранд орж байсан. Нямдорж гуай байрныхаа ордерийг ууж яваад хаячихсан хөгжөөнтэй түүх ч бий. Багшийн дээдийн шүлэг найраг, дүрслэх урлагийн оюутнууд XI хорооллын айл бүхнээс асууж байж ордерийг нь олж байсан. Нямдорж гуайтай шинэ байранд нь шөнөжин ярьж хоносноо мартдаггүй. “Алганы минь хээ арилшгүй, хурууны минь хээ хувирашгүй, өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй, миний хээ минийх ээ” гэх чамин үгээр хөөцөлдөөгүй гүн утга санаа бүхий түүний шүлгүүдийг ард түмэн мэднэ. Жинхэнэ буриад хүний халуун сэтгэл ханхалсан найрагч байлаа. Ер нь манай Хэнтийнхэн хөгжмийн Галмандах багшийн хэлснээр “урсаад л дуусдаг лаа”-нууд. Юу ч бодохгүй, ямар ч муу санаа байхгүй, урсаад л дуусдаг хүмүүс.
-Ерээд оны яруу найргийн их давалгаан дунд та явсан. Үеийн нөхдийн тухай халуун сэтгэлээр дурсах, үнэн мөнийг нь хэлэх хүн бол өөрөө юм?
-Саяхан Нямбуугийн Билгүүн Америкаас яриад “Одгэрэл ээ, чи бид хоёр 90-ээд оныхноос өмнө нөхөрлөсөн юм шүү” гээд уйлж байна лээ. Үнэндээ наян долоон оноос хойш нөхөрлөсөн байна. Жамьянгийн Болд-Эрдэнэ Москвагаас ирээд Соёл урлагийн дээд сургууль байгуулагдахад бид нэг ангид орж байлаа. Багшийн дээдийн утга зохиолын нэгдэл гэж байдгийг Өвөрхангайн найрагч Батнасан ахаас анх сонссон. Хүүхдийн зохиолч О.Сундуй, Дарь.Сүхбаатар, Жадамбын Батцэцэг, Төв аймгийн Өнжүүлийн Ц.Дашдамба, Лханаагийн Мөнхтөр, Пүрэвийн Бөхбат гээд утга зохиолын нэгдлийн аваргуудыг бараадаж Зохиолчдын эвлэлийн нээлттэй хаалганы өдрүүдэд очиж байлаа. Тэгэхэд офицеруудын ордны утга зохиолын нэгдлийн эрхлэгч Цахиагийн Элбэгдорж гэж нөхөр “Хөөе, Ленин чи энгэрээ товчил, хатгаа тусах нь уу” хэмээн Лениний хөшөөнд зориулсан шүлэг уншиж байсан. Одоо нэртэй бизнесмэн болсон Должидийн Батбаяр тухайн үед мундаг бичдэг байлаа. Жамсрангийн Баяржаргал, Жалцангийн Заяабаатар, Монгол телевизийн захирал байсан Цагааны Оюундарь, Дашзэвэгийн Банзрагч ахын хүү Гэрэлбаатар энэ хэд Улс төрийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцдаг байв. Дорждамбын Баттогтох, Тогоонтөмөрийн Содномнамжил бид гурав нэг гэрт амьдарч явсан үе ч бий. Ер нь би үеийн нөхдийнхөө тухай “Чимэглээгүй, муулаагүй, магтаагүй дурсамжууд” гэх нэртэй ном гаргах бодолтой байгаа.
-Ерээд оныхны түүх тэр чигээрээ бичигдэх нь дээ?
-Энэ тухай Баяржаргалдаа хэлсэн. Хүмүүс дурсамж дурдатгалаа хэтэрхий гоё болгох гээд худлаа бичээд байх юм. Бас зарим нэгнээ бүр муугаар бичээд байх юм. Гагцхүү чин үнэнийг бичиж үлдээх учиртай. Анд нөхдөө гэх халуун сэтгэл надад байдгийг манайхан мэднэ. Ганцхан жишээ хэлэхэд, ерэн нэгэн онд намайг Бээжингийн театрын их сургуульд явахад Галсансүх Монголын радиод жинхэлж чадаагүй үлдэж байсан. Морь тайлбарлагч, спортын сэтгүүлч, гавьяат Л.Цагаандалай, хайчилбарын нэртэй мастерууд болох Төрбурам, Баатарцог, тэгээд Галсансүх тэр хэд намайг гаргаж өгч байсан. Бээжинд байхад Үржингийн Хүрэлбаатар ах, Эрдэнээ эгчийн хамт очлоо. Би охинд нь Бээжингийн захаас савхин куртка авч явуулаад “Галсансүхийг ажилд аваарай” гэж захисан. Тэр үед Хүрлээ ах “Улаанбаатар” сонины эрхлэгч байсан. Ингэж найзыгаа би сонины бараа харуулсан юм. Ерээд оны мөнгөн үеийнхнийг хамгийн их дэмжсэн хүн бол Ц.Түмэнгэрэл юм. Хүнд бэрх, хатуу эдийн засгийн шуурганд хэдэн муусайн найрагч нөхдөдөө түшиг болж үнэт капитал бий болгосон хүн. Шартсан нэгнийх нь шарыг тайлдаг, сониноо гаргаж чадахаа байсан нэгнийх нь хэвлэлийн зардлыг даадаг. За тэгээд номыг нь гаргадаг, үзэсгэлэнг нь гаргадаг. Дуугаа бичүүлэх гэсэн нөхдийнхөө мөнгийг нь төлдөг. Ийм л сайхан сэтгэлтэй залуу байлаа. Баяржаргал тэр хоёр гар сэтгэл нийлж, “мөнгөн үе”-ийн баганыг босгосон. Олон сайхан нөхдөө замын дундаас алдлаа. Сүүлд гэхэд Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Арлааны Эрдэнэ-Очир гэсэн авьяас билэгт хоёр найрагчаа алдлаа. Баруун Алтайн авьяас билэгт найрагч, Монголын утга зохиолд Урианхайн хөх уулсаа дархалсан Эрдэнэбаатарыгаа нутаглуулахад Баяржаргал, Уянсүх бид гурав явсан. Урианхайн хөх уулсад нь нутаглуулчихаад ирсэн. Эрдэнэ-Очиртойгоо өнгөрөгч өвөл Говь-Алтайд болсон “Болор цом”-д хамт явж байв. Монгол хөрсөнд урган төлжсөн яруу найраг чухамхүү ямар тансаг байдгийг Эрдэнэ-Очирын минь шүлгүүд хэлээд өгнө.
-Таныг анзаараад байхад үеийнхнийгээ л түшихээс алдар цолтой ахмадуудаар өөрийгөө магтуулах нь ховор шиг…?
-Наад ах чинь харин үнэн шүү. Бавуугийн Лхагвасүрэн ах “Одгэрэлийг номоо аваад ир гэж хэл. Би юм бичээд өгье” гэх утга бүхий үгийг Амархүүгээр хэлүүлсэн байдаг. Одоо хэр нь би номоо авч очиж зүрхлээгүй. “Тэнгэрийн нулимс” анхны номын маань өмнөтгөлийг манай Баяржаргал бичсэн. Өөрийгөө мэддэг, ертөнцийг минь таньдаг хүнээр үг бичүүлэх нь надад үнэтэй. Ер нь их утга зохиолын эрс тэс ертөнцөд Баяржаргалтайгаа ойр явна. “Наян нэгэн мөнгөн шөнө” гээд олон бүтээлийнх нь дээжийг хүртэж байлаа. Дотно сайхан ах нар байлгүй яахав. “Одгэрэл ээ, чи аргагүй огт өөр ертөнцөөс ирсэн хүн юм” гэж Дан.Нямаа ах хэлдэг. Саруулбуян ах болохоор “Чи өөрийгөө таньж мэдсэн хүн” гэдэг. Хүү доктор “Монголын яруу найрагт байж болох хийгээд байж болохгүй шинэ боломжийг нээсэн” гэж миний тухай нэгэнтээ бичсэн.