Categories
мэдээ цаг-үе

Д:Амартүвшин: Хүмүүсийн олж хараагүйг огт өөр өнцгөөс харах л хамгийн сайн инээдэм болдог


“Comedy Lab” stand up comedy клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Таны хөтлөн явуулдаг Морин цагийн шоу хандалт өндөртэй контент болж чаджээ. Энэ шоуг ямар зорилготой эхлүүлсэн бэ?

-Гол зорилго нь ерөөсөө хүн инээлгэх. Мөн “New spaced comedy”-ийн төрлийг Монголд оруулж ирье гэсэн зорилготойгоор энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Энэ төрлийн комеди Монголд хараахан хийгдэж байгаагүй. Ихэвчлэн Америкт гадаадын орнуудад их хийгддэг. Түүнээс биш хүмүүсийг гэгээрүүлэх, улс төрийн мэдлэг олгох зорилго байхгүй. Долоо хоногийн сенсацитай мэдээнүүд дээр суурилуулаад инээлгэх л зорилготой. Миний хувьд улс төр, эдийн засаг сонирхдог болохоор энэ талаар нэвтрүүлгээ хийхэд илүү ойрхон байгаа. Ер нь улс төр, эдийн засгийн мэдлэг нь байгаа учраас дүгнэлтээ гайгүй гаргаад байна гэж бодоод байна шүү. (инээв)

-Комеди клуб боксын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Яагаад ийм контент гаргах болсон бэ?

-Энэ тэмцээний гол зорилго бол хүмүүсийн стрессийг тайлах. Ер нь стресстэй том хотууд чинь “UFC”, боксын тэмцээнүүд их зохиодог. Хүнд стрессээ тайлах шаардлагатай байдаг юм байна. Одоогийн байдлаар цуглараад спорт үзчихэж болохгүй, стрессээ тайлах зүйл бага байна. Энэ нэвтрүүлэгт бид нар яг жинхнээсээ боксдож байгаа шүү дээ. Би чинь бүр цусаа гоожуулаад, өөрийгөө үзэхээс ичсэн.(инээв) Амьдралдаа бокс тоглож үзээгүй. Ингээд ядаж бид нар стрессээ тайлаад хажуу хавиргынхаа хүнээ цохиж зодчихгүй байвал болох гээд байна.

-Танай клубийн цаашдын зорилго юу вэ?

-Өнгөрсөн цаг үе нөхцөл байдлаас болоод дөрвөн сар сул зогсчихлоо. Азаар тус тусдаа ажилтай байсан тулдаа эдийн засгийн хямралыг гайгүй даваад байна. Бид “Roast Battle” гээд комедигийн төрлөөр контент хийх гээд бэлдэж байна. Ер нь хүмүүс чинь гэртээ суухаараа их стресстдэг юм байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл ихэссэн талаар статистик мэдээллүүд байна. Тэгэхээр тэр стрессийг арилгах тал дээр л бодож контентоо бэлтгэж байна. Түүнээс гадна төлөвлөж буй ажлууд олон байна. Бүтэх бүтэхгүйтэй байх учир тэр энэ гээд хэлэхэд хэцүү байна.

-Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр танай клубээс “Gem stage” шоуг зохион байгуулсан. Үзэгчгүй комеди хийх хэцүү байв уу?

-Ер нь бол комедиг үзэгчгүй хийнэ гэдэг үнэхээр хэцүү байсан. Комеди урлаг бол зрительтэй урлаг шүү дээ. Яг тэр өдөр манай хошин урлагийнхан мөн тоглолт хийсэн. Бидний хувьд хүмүүсийн инээд баясал дээр суурилаад дараа дараагийн тоглолтууд маань явагддаг. Гэтэл тийм зүйл байхгүй. Гэхдээ үүнийг нэгэн том өөрчлөлт болоод л дууслаа гэж ойлгосон.


-Шинэ комедиан төрөл гаргах гэдэг хэцүү ажил байх. Ер сайн комедиан болохын тулд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Сайн комедиан байхын тулд сайн хошин яриануудтай байх ёстой. Би сүүлд хоёр гурван ном уншлаа. Тэндээс юу ойлгосон гэхээр бидний өдөр тутам тааралддаг, хажууд байдаг энгийн зүйлийг арай өөр талаас нь буюу хэний ч олж хараагүй тэр өнцгийг олж харсан хүн хамгийн сайн комедиан болдог. Тэр л хамгийн сайн инээд үүсгэдэг юм байна. Гэхдээ хүний хараагүй өнцгийг харна гэдэг хэцүү. Бид нар чинь амьдралынхаа дунд ороод л тийм зүйл бодох ч сөхөөгүй амьдрах нь бий. Харин тэр амьдралаас өөрийгөө гаргаад энгийн орон зайгаа ажиглаад тэндээс хэний ч олж хараагүй зүйлийг сугалж гаргаж ярина гэдэг бол авьяас. Хамгийн гол нь амьдралаас олсон тэр асуудалдаа дүгнэлт хийж ярих чадвартай байх л хэрэгтэй. Дараа нь мэдээж үзэгчиддээ сайн хүргэх, сандрахгүй байхаас эхлээд олон зүйл бий. Эдгээр зүйлс бол дадлага туршлагаар бий болдог.

-Та бүхний бичлэг үнэ төлбөргүй контент хэлбэрээр интернэтэд тавигддаг. Тэр хэрээрээ хандалт их авч, амжилттай явдаг байх. Ер нь интернэтэд тавигдаагүй нэлээд бичлэг байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Бидэнд бичлэгүүд их бий. Зарим нь техникийн шаардлага хангаагүйгээс болоод цацагдах боломжгүй. Гэхдээ үүнээс чухал нэг зүйл бол комедиан хүн өөрийн жоорны ярих жөөк буюу хошин яриатай байх ёстой. Нэг яриагаа хүмүүст хүргэсэн л бол тэр яриаг дахиж олон нийтэд ярих боломжгүй болно. Тэгэхээр олон удаа яригдаад, туршигдаад боловсроод гүйцчихсэн хошин яриануудыг л олон нийтэд цацдаг. Ер нь хошин яриа гэдэг ганцхан удаа яриад л болчихдог зүйл биш. Үргэлж боловсрогддог зүйл. Үүний үр дүнд 10-20 секундын хооронд хүн инээлгэдэг. Үнэхээр тэрийгээ боловсорч дууссан жимс гэж үзэх юм бол олон нийтэд контент хэлбэрээр хүргэдэг дээ.

-Та бүхний дараагийн таван жилийн бүтээлч ажил юу байна вэ?

-Бид олон жилээр төлөвлөөгүй. Ер нь манай комеди лаб платформ болох зорилготой байгаа. Айхавтар том клубтэй болохоосоо илүүтэйгээр санаан дээр суурилсан платформ болох буюу шинэ станд ап комедиануудыг гаргана гэсэн үг. Энэ зорилго маань ирээдүйд өөрчлөгдөх эсэхийг сайн мэдэхгүй байна.

-Улс төр, эдийн засаг сонирхдог учраас цаг үеийн асуулт асууя гэж бодлоо. Засгийн газраас гаргаж байгаа эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрхэн харж байна вэ?

-Коронавирус гарснаас хойш Монгол гэлтгүй дэлхийн улс орнууд шоконд орчихсон байдалтай байна. Хэн ч ийм зүйл болно гэж бодоогүй шүү дээ. Хаа хаанаа барьц алдаж байна. Шийдвэрүүдийг их хурдан гаргаж байна. Цаг хугацааны хувьд хурдан гарч байгаа шийдвэр алдаа дутагдалтай л байгаа. Ер нь цаашлаад эдийн засаг нэлээн эвгүйтэх шинжтэй байна. Үүнээс гадна нэг зүйлийг хэлэхэд төр биш, чи л өөрөө өөрийгөө аварна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Төр л ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гээд байна. Төрөөс гаргаж байгаа арга хэмжээнүүд чиний амьдралд бодитойгоор хүрээ ч үү, үгүй ч үү. Тэгэхээр иргэн та өөрөө л бэлтгэлтэй байх ёстой. Дор бүрнээ эдийн засгийн хямралд бэлдэж хамтдаа даваад туулах хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

8 replies on “Д:Амартүвшин: Хүмүүсийн олж хараагүйг огт өөр өнцгөөс харах л хамгийн сайн инээдэм болдог”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *