Categories
мэдээ цаг-үе

Далай ламын эмч Барри Керзин: Далай багшийн “Миний шашин бол сайхан сэтгэл” гэсэн айлдвар нь онцгой санагддаг

Уншигчидтайгаа Далай ламын эмч Барри Керзинийг уулзуулж байна. Анагаах ухааны докторын зэрэгтэй энэ эрхэм гэлэнгийн санваартай бурханы шашны хувраг. Бясалгалын үед тархи хэрхэн ажилладаг тухай судалгааг дэлхийн нэртэй эрдэмтэдтэй хамтарч хийсэн, өнгөрсөн зууны наяад оноос XIV Далай ламтай хамтран “Оюун санаа ба амьдрал” лекцийг тавьсаар ирсэн Барри Керзин энэ өдрүүдэд монголчуудад лекцээ түгээж байна. Бидний яриа эерэг бодол, зөв сэтгэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, стресс бухимдлаас гарахын тулд бясалгалд дурлахын шалтгаан, бясалгаснаар тархинд гардаг өөрчлөлт гэсэн сэдвээр өрнөлөө.


-“Стрессийн шууд ерөндөг бол бясалгал” гэсэн үг тань анхаарал татлаа. Хүн төрөлхтний хувьд стресс том асуудал болсон. Гэхдээ олон хүн “Бясалгал миний хийж барах зүйл биш” гэсэн бодолтой яваа нь анзаарагддаг. Бясалгал үнэхээр тийм хэцүү, холын сэдэв үү, энгийн хүмүүс бясалгаад үр өгөөжийг нь хүртэх боломжтой юу?

– Бясалгалыг стресст баяртай гэж хэлэх нэг том арга гэж хэлмээр байна. Энгийн хүмүүс бясалгалаар өөрчлөгдөх боломжтойг нотолсон судалгаанууд бий. Германы “Макс Планк” хүрээлэнд ажилладаг Японы Таня Сингер гэж залуухан эрдэмтэн бясалгаснаар энгийн хүмүүст ямар өөрчлөлт гарсныг судалсан байдаг юм.

Өмнө нь огт бясалгадаггүй байсан хүмүүсээр хоёр долоо хоногийн турш асрах, энэрэх сэтгэлийг төрүүлсэн бясалгал хийлгэхэд гайхалтай үр дүн гарсан. Бясалгал тийм холын сэдэв биш л дээ. Танай сонины уншигчдад хэн ч хийж болохоор бясалгалын нэг арга хэлж өгье. Хамрын нүхний доод, уруулын дээд хэсэг дэх хонхорхойд анхаарлаа төвлөрүүлээд л болоо. Нуруу эгц, толгой өөдөө, хэт хойш гэдийж, хэт урагш бөхийхгүй байрлалд суух хэрэгтэй. Тэгээд харцаа доош буулгана. Хагас аних маягаар зөөлөн харна. Ямар нэг зүйлийг цоо ширтсэн маягаар харж болохгүй гэсэн үг л дээ. Бүр тодруулж хэлбэл өөрөөсөө 1-1.5 метр газарт харцаа буулгаж харна. Болж өгвөл нүдээ анихгүй суувал сайн. Амаа хамхиж, энгийн зөөлөн амьсгална. Түрүүн хэлсэнчлэн хамрынхаа доод хэсэгт анхаарлаа төвлөрүүлээд суухад л бясалгал болно. Суудлын хувьд сандал дээр суух, завилах гээд өөртөө тухтай байрлалыг сонгоно. Энэ бясалгалыг өглөө бүр дор хаяж таван минут хийгээд үзээрэй. Ихэнх хүмүүс цаг алга гэдэг л дээ. Тэгж хэлсэн хүмүүсээс би “Та шүдээ угаасан уу” гэж асуудаг. Бүгд л “Мэдээж тэгэлгүй яахав” гэсэн хариу хэлдэг юм (инээмсэглэв). Бясалгал хийх нь шүд угаахтай л адил зүйл. Бие махбод, сэтгэлээ эрүүл байлгая гэвэл өглөөдөө таван минутыг бясалгалд гаргаад дадчих хэрэгтэй.

-Бясалгалыг тархи судлалын шинжлэх ухаантай харьцуулсан судалгаануудын гайхалтай үр дүнгүүд сүүлийн үед давтамжтай сонсогдох боллоо. Хамгийн сонгодог судалгаа гэвэл та ямар судалгааг онцлох вэ?

-Тархи судлаачид сүүлийн 20 жилийн турш хүний эерэг сэтгэл хөдлөлийг сонирхон судалсаар өнөөг хүрлээ. Бүр онцгой сонирхон судалж байгаа шүү. Эерэг сэтгэл хөдлөл хүний зан байдал, уураг тархинд хэрхэн яаж нөлөөлдгийг судалж байна. Тархи судлалын эрдэмтэд бясалгалыг сонирхож үзсэн хамгийн сонгодог судалгааг хийсэн хүмүүс бол АНУ-ын Уисконсин Мэдисон их сургуулийн тархи судлалын лабораторийн судлаач Ричард, Дэвидсон нар. Тэд бясалгал хийснээр тархинд илэрч буй өөрчлөлтийг судалсан юм. Тэд судалгаандаа 19 мянган цаг бясалгасан хүнийг хамруулсан. Ингээд ч зогсоогүй 44 мянган цаг бясалгагч ч хамрагдсан. Үүнээс гадна бясалгаж эхэлж буй хүнийг мөн хамруулсан байдаг. Тэд хүмүүсийг гурван аргаар судалсан. Эхлээд MRI-гаар судалсан бол дараа нь EEG буюу тархины бичлэг хийсэн. Гурав дахь арга нь сэтгэл зүйн асуулга. Урт хугацаанд бясалгал хийсэн хүмүүсийг MRI буюу тархины маш нарийн зураглалаар судалж үзэхэд духны дэлбэнгийн өмнөд хэсэг нь бусад хүмүүстэй харьцуулахад хамаагүй том байсан. Үүнээс гадна урт хугацаанд бясалгасан хүмүүсийн тархины цусан хангамж бусад хүмүүстэй буюу хяналтын бүлгийнхэнтэй харьцуулахад хамаагүй идэвхтэй сайн байсныг тогтоосон.

-Духны дэлбэнгийн өмнөд хэсэг гэдгээ тодорхой тайлбарлаач. Энэ хэсэг том байхын давуу тал нь юу вэ?

-Бодох, сэтгэх, мэдрэх, аливааг төлөвлөх, юмс үзэгдлийг учир шалтгааны үүднээс авч үзэх, төсөөллийн болон хүмүүстэй харилцах чадвар, бусдыг энэрэх хайрлах үйлдлүүд тархины энэ хэсэгт хийгддэг. Бүр үүнээс ч гайхалтай үр дүн Ричард, Дэвидсон нарын судалгаагаар ил болсон. Би түрүүн бясалгагчдад тархины бичлэг буюу EGG хийсэн гэж хэлсэн дээ. Тархины бичлэг хийсний эцэст тархи судлалын сурах бичиг, ямар нэг ном зохиолд хараахан бичигдээгүй нэг зүйлийг баталсан. Тодруулж хэлбэл шинэ төрлийн гамма долгион илрүүлсэн.

-Ямар учиртай долгион юм бол?

-Таны сонирхож асуусан гамма долгионы ачаар тархины эсүүд хоорондоо харилцаж байдаг юм. Духны дэлбэнгийн өмнөд хэсэг дэх тархины хэсгийн нейронууд буюу мэдрэлийн эсүүд хоорондоо илүү их холбогдож ажиллаж байна гэсэн үг. Бүр энгийнээр хэлбэл бясалгал хийснээр тархины үйл ажиллагаа илүү идэвхждэгийг баталсан хэрэг л дээ. Ийм хүмүүс шинэ зүйлийг хүлээж авах, эзэмшихдээ гойд байдаг нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан.

-АНУ-ын Умард Каролинагийн их сургуулийн судлаач Фредриксон сөрөг бодол хүний тархи, сэтгэхүйд хязгаар хашилт тавьдаг бол эерэг бодол маш олон боломж гарцыг олж харахад хүргэдэг гэдгийг тогтоочихсон байдаг. Таны сая хэлсэнтэй агаар нэг сонсогдож байна…?

-Бурханы шашны онолд бясалгал хийснээр тархи хөгжих ч түүнээс илүүгээр ухаан нь хөгждөг гэж үздэг л дээ.

-Та бага залуугаасаа бясалгасан хүн. Бясалгалаа хэзээ хийдэг вэ?

– Би 14-тэйгөөсөө бясалгал сонирхож эхэлсэн л дээ. Тууштай бясалгасан жил гэвэл хорь гаруй наснаас минь тоологдоно. Анагаах ухааны доктор, эмч хүн учраас уураг тархи хэрхэн ажилладгийг байнга сонирхож байсан л даа. Бурханы шашинтан болсноос хойш хүний сэтгэл, уураг тархийг нэг шугаманд судлах шаардлагатайг ойлгосон. Бясалгалын хувьд өглөө босоод шүдээ угаасныхаа дараа шууд бясалгадаг. Энэ дашрамд би танай сонины уншигчдад нэг л зүйлийг онцгойлж захиж хэлмээр байна. Өглөөний цөөхөн минутыг бясалгалд зарцуулаарай, үр дүн нь таныг гайхашруулна. Мэдээж тэр дороо эерэг өөрчлөлт мэдрэгдэхгүй байж болно. Балчир багаас тогтсон дадал зуршлыг өөрчлөх тийм амар зүйл биш. Уйгагүй удаан хугацааны дараа ямар үр дүн гарахыг би сая судалгааны үр дүнгээр жишээ татаж хэллээ шүү дээ. Дараагийн захих зүйл маань их энгийн. Гэхдээ маш утга учиртай, өгөөжтэй зөвлөгөө. Хүмүүст энэрэлтэй ханд. Бас өөрийгөө хайрла. Өөртөө сайхан сэтгэлээр хандаад үзээрэй. Хүн бүр өмнөө зорилго тавьдаг. Тэгнэ, ингэнэ гэсэн хүслийн жагсаалт хүн бүрт бий. Миний хувьд хүмүүст хүсч байгаагаа багасгаад үзээрэй гэж хэлэх дуртай. Ингэж чадвал өөртөө үнэнч хандаж, өөрийгөө хайрлаж байна гэсэн үг. Бясалгал хийснээр өөрийгөө бусдаас илүү үзэх хандлага арилдаг. Омог бардам сэтгэл зөөлөрдөг. Бусдад атаархах сэтгэл алга болдог. Уур хилэн багасдаг. Омог бардам сэтгэл, бусдад атаархах сэтгэлийг яаж багасгах талаар би олон зүйл бичсэн. Фэйсбүүкээр миний нэрээр хайлт хийж нүүр ном руу минь ороход бүх бичлэг маань бий. Саяхан бас нэг ном хэвлүүлсэн. “Айдас үгүй, үхэл үгүй” гэсэн нэртэй. Дараагийн нэг чухал зүйл бол “Бид яавал өөртөө зөв итгэж сурах вэ” гэсэн асуултад зөв хариу олох. Хариу нь тун энгийн. Өөрийгөө доош нь хийхгүй, бусдыг дорд бодохгүй гэсэн хоёр дүрэм дээр өөртөө итгэх итгэлийг нэмчихэд л болчих асуудал. Өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгох талаар миний фэйсбүүкээс харж болно.

-Далай багштай анх хэзээ уулзаж байсан бэ?

-Анх 1989 онд Далай багштай уулзаж байлаа. Тэр үед би Далай багшаас нэг зүйл асуусан юм. Бурханы шашны билиг билгүүний чиглэлээр бясалгал хиймээр байна, зөвлөгөө өгөөч гэж хандсан л даа. Гэтэл Далай багш над руу нэлээд нухацтай харснаа “Дан билиг билгүүн биш шүү. Бодь сэтгэл буюу бусдыг асрах сэтгэл дээр бясалгал хийх учиртай. Билиг билгүүн, бодь сэтгэлийг тавь тавин хувиар бясалгавал илүү тустай” гэж айлдсан юм. Далай багшийн тэр үг зүрхэнд цахилгаан цахих шиг мэдрэмж өгсөн. Тэгээд л өдий хүртэл энэ их хүний сургаалыг дагаж бясалгаж явна даа.

-Ярилцлагынхаа эхэнд дурдсан стрессийн сэдэв рүүгээ эргээд оръё. Стресстэхэд хүний тархинд ямар өөрчлөлт ордог бол. Шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж өгөөч?

-Архаг стрессийн үед тархинд юу болдгийг энгийнээр тайлбарлах гэж оролдъё. Тархины хамгийн гол бүтэц, нарийн үйл ажиллагааг явуулж байдаг духны доод хэсэг архаг стрессийн үед хатангиршдаг. Маш жижигхэн болдог. Сэтгэж, бодож, мэдэрдэг хэсэг хатангиршина гээд төсөөл дөө. Дараа нь тархины гүн хэсэг дэх лимбийн тогтолцоонууд бас жижгэрдэг. Тархины энэ хэсэг хүний сэтгэл хөдлөлийг удирдаж байдаг юм. Товчхондоо архаг стресст орох хэрээр тархины маш нарийн үйл ажиллагаануудыг хийхэд бэрхшээлтэй болдог гэж ойлгож болно. Үүнээс гадна сэтгэл хөдлөлөө удирдаж зохицуулах чадвараа алдана. Бүр энгийнээр тайлбарлая. Стресстэхээр одоо цагт юу болж байгаагаа мэдэрч ухаарахаа байдаг. Стресст орохоор нэг бол өнгөрсөнтэйгөө зууралддаг, эсвэл ирээдүйдээ санаа зовнидог. Тэгэхээр стрессээ багасгая гэвэл сэтгэлээ өнгөрсөнд ч биш, ирээдүйд ч биш бодит байдал дээр, өнөөдөртөө авчрах хэрэгтэй. Тийм чадварыг үүсгэх хэрэгтэй. Хүүхдүүдийг анзаараарай. Яг одоо цагтаа амьдарч чаддаг учраас баяр баясалтай, чин сэтгэлээсээ талархаж чаддаг шүү дээ. Бясалгал ерөөсөө л энэ. Яг одоо дээрээ байх, өнгөрсөн ирээдүйд сэтгэлээ савчуулахгүй байхад л тусалдаг. Хүн байгальд яг одоодоо оршиж чаддаг.

-Цаг зав гарахаараа өөрийн эрхгүй л хөдөө гараад явчихмаар санагддаг шүү?

-Та яг зөв ярьж байна. Хүн бүр тэгж хүсдэг. Ая зөндөө, байгалиасаа, цаанаасаа тийм мэдрэмж хүмүүст байдаг. Харамсалтай нь бид хэтэрхий завгүй амьдралдаа, стресстээ дарлагдаад энэ чадвар, мэдрэмжээ хэсэгхэн хугацаанд мартаж гээгээд байна л даа.

-Та түрүүн стрессгүй эерэг амьдрах нэг том арга нь бясалгал гэж ярьсан. Бясалгалаас өөр юу хүнийг бодит байдалдаа, одоодоо байхад туслах бол?

-Иог хийх нь өгөөж тус ихтэй. Дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл бодит байдал дээрээ байхад дадуулна. Эрүүл хооллохыг мартаж болохгүй. Кофе, архи, мах, өөх тосны хэрэглээгээ бууруулж зөв хооллоод эхлэхээр бие аяндаа цэгцэрч стресс багасдаг. Дахиад хэлье стрессгүй, одоодоо, жаргалтай амьдаръя гэвэл бусдыг энэрч хайрла. Өөрийгөө хайрла. Үнэнч шударга бай. Үнэн шударга байж чадвал бид ядаж л хүүхэд шиг гүн нойрсож чадна. Шударга биш байх хэрээр санаа зоволт ихэснэ, тайван амарч чадахгүй гээд зовлон үүсдэг. Стрессийг бууруулахын тулд бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч эрүүл, зохистой амьдрах хэрэгтэй. Стрессийг ийм аргаар буруулна гээд ярихаар зарим хүмүүс надад тохирохгүй гэдэг л дээ. Ингэж хэлдэг хүмүүст би “Танд ч тохирно” гэсэн хариу өгдөг.

-Таны аав, ээж бясалгадаг хүмүүс байсан уу?

-Манай гэр бүлд бясалгадаг хүн байгаагүй. Би 11 настайдаа тархины маш хүнд өвчин тусаад комд орж байсан юм. Энэ хүнд өвчнийг давж гарах үед ямар нэгэн чадвар надад бий болсон байж магадгүй. Магадгүй нуугдсан мэдрэмж маань сэрсэн байх. Өнгөрсөн амьдралдаа бясалгадаг хүн байсан ч юм билүү (инээмсэглэв). Гурав, дөрөвхөн настай хүүхэд гэнэтхэн төгөлдөр хуур, хийлийг гайхалтай тоглоод эхэлдэг. Богинохон хугацаанд мэргэжлийн хөгжимчин болчихдог. Гэтэл өчнөөн хичээллээд хөгжиж өгдөггүй хүүхдүүд олон байдаг. Өнгөрсөн амьдралдаа дадуулж хэрэгжүүлсэн ур чадвар нь нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг тийм ийм гэж хэлэхэд хэцүү л дээ. “Би хүүхэд байхдаа нээрээ тэгэх, ингэх дуртай байж билээ” гэсэн дурсамж хүн бүрт байдаг байх. Би арваад настайдаа найзуудаасаа бясалгалын тухай сонсоод л бясалгах хүсэл төрсөн. Бурханы шашинд эргэлт буцалтгүй орсон минь тэр үеэс эхлэлтэй.

-Хүмүүс хэт ахуйдаа анхаараад сэтгэлийн хөгжлөө орхихоор баруун тархи нь түлхүү хөгждөг, барууны тархины хэт хөгжил тархины бор гадаргыг гэмтээдэг гэдэг. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Хүмүүс материаллаг ахуйгаа илүү сайжруулахыг хүсч, зөвхөн тэрэндээ анхаараад ирэхээр тархины бүтээлч сэтгэхүйг сайжруулдаг, урлагийн мэдрэмж төрүүлдэг, аз жаргалтай амгалантай байдлыг бий болгодог хэсгийн хөгжил орхигддог. Хүмүүсийг анзаарах нь ээ материаллаг ахуйгаа сайжруулчихвал аз жаргал тэртэй тэргүй ирнэ гэсэн хандлага ажиглагддаг. Мэдээж бүрэн үгүйсгэх аргагүй хандлага. Материаллаг байдлаа сайжруулж чадвал маш олон давуу тал бий болно. Ая тухтай орчин бүрдэнэ. Тэр хэрээр сэтгэл таатай болдог. Эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, сайн боловсрол эзэмших боломж гарч ирдэг. Гэвч дан ганц материаллаг байдал хүний дотоод амар амгаланг тэтгэж хүчрэхгүй, чадахгүй.

-Далай багшийн айлдвараас сэтгэлдээ тод байдаг сургаалыг манай уншигчидтай хуваалцаач?

-Далай лам монголчуудад хэлсэн байж магадгүй. Барууныханд Далай багшийн өгч байгаа хамгийн гол нэг мессэж бий. “Бие биедээ үргэлж найрсаг сайхан сэтгэлээр ханд. Миний шашин бол сайхан сэтгэл юм” гэсэн айлдвар нь надад ч онцгой санагддаг. Далай багшийн бусад орнуудад морилох бүртээ хэлдэг нэг үгийг нь танай сониноор дамжуулж монголчуудад хэлмээр байна. “Монголчууд хувь төгөлдөр улс. Шашин соёл нь бурханы шашин учраас тэр” гэж хэлдэг юм. Монголчуудын эсэнд буддизм шингэсэн байдаг. Барууныханд язгуураасаа нэг зүйл үгүйлэгддэг. Монголчуудтай адил үнэ цэнэтэй уламжлал, үнэ цэнэтэй барилдлага тэдэнд үгүй. Танай улсын иргэдийн хувьд жар, далан жилийн турш шашнаа дадуулах, сайн сайхныг нь мэдэх, сонсох, хэрэгжүүлэх боломж олдоогүй. Гэхдээ өнөөдрийн нийгэмд эсэндээ шингэсэн үнэ цэнэтэй уламжлал, ном, сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх, гүнзгийрүүлэн судлах боломжтой. Магадгүй хорь, гучин жилийн дараа монголчууд барууныхны толгой дохиж эхэлсэн зөв, ухаалаг сургаал, ухаан, амьдралын талаар маш сайн мэдлэгтэй болно гэдэгт итгэж байна. Учир нь та бүхэнд үндэс суурь нь байна шүү дээ. Үндэс сууриа сэргээх тийм ч хэцүү биш.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *