Дээрхийн гэгээн XIV Далай ламын Монгол Улсад хийж буй айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр өчигдөр Гандантэгчинлэн хийдэд сүсэгтэн олонд зориулан мэндчилгээ дэвшүүлсэн бол өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт иргэдтэй уулзан ном айлдлаа.
Энэхүү арга хэмжээ өглөө 09.30 цагт эхэлсэн бөгөөд 15.00 цаг хүртэл болсон билээ. Богд ламын ван авшиг, Шар жигжид бурхны насны авшиг зэрэг нэн ховор ном айлдаж байгаа ажээ. Далай лам маргааш 09.30-11.00 цагт Соёлын төв өргөөнд лам хуврагууд болон их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд зохион байгуулж буй “Шинжлэх ухаан ба бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно.