Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд хийж буй ес дэх удаагийн номын айлчлал өнөөдөр “Их тэнгэр”-т хэвлэлийн бага хурлаар үргэлжиллээ. Далай ламын энэ удаагийн айлчлалыг Х Богдыг тодруулахаар ирсэн гэсэн таамаглал байсан нь оргүй хоосон зүйл биш байжээ.
Сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон асуулт нь IX Богдын хойд дүрийг тодруулсан эсэх тухай байв. Энэхүү асуултанд дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам “X Богд Монголдп мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээн хариулсан юм. Бурхны шашны “Гурван өндөрлөг” буюу Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба нар харилцан бие биенийхээ хойд дүрийг хүлээн зөвшөөрдөг. Харин Хятадаас шинээр тодруулсан Ванчин IX Богдыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Далай лам зөвшөөрсөн байдаг. Х Богдыг тодруулахад энэ асуудал хэрхэн шийдэгдэх талаар лавлахад, “Ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү” хэмээн Далай лам хошигнов. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.
Яг одоо Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үдэн гаргаж байна.