Цэлмэг хөх тэнгэрийг нь, цэнхэрлэн харагдах эх уулсыг нь, цэнгэг гүн далайг нь үзэж “Мөсний баяр”-т нь оролцохоор хоймор нутгийн зон олныг зорин очлоо. Энд ирэхэд саадгүй сайхан байлаа. Учир нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хот, бүр цаашилбал Хатгал суманд орших Хөвсгөл нуур хүртэл 840 орчим километрийг хатуу хучилттай хар замаар туулан хүрч ирэв. Монгол Улсад дэлхийн цэнгэг усны 0.48 хувийг өөртөө агуулагч Хөвсгөл далай дээрээ түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Улаанбаатараас чанх хойд зүгт мянганы хар замыг тавьсан нь энэ ажээ. Хөвсгөл нуур нь манай улсад оршдог бүх нууруудаас хамгийн их эзлэхүүнтэй, гүн нуур бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолборт газрууд энэ л нутагт байдаг гэж олон хүмүүс дуу нэгтэй хэлдэг. Учир нь эл нутаг нь Оросын Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаардаг болохоор байгаль, уул, ус хосолсон байдаг аж. Сибирийн хүйтэн агаар түрэн ирж цас ихтэй, хүйтэн өвөлжиж байгаа болов уу гэж бодон явсан ч энэ нутаг намрын шаргал тал шиг налайж байлаа.
Биднийг Мөрөн хотод ирэхэд энэ нутаг хотоос ирсэн гийчдээр дүүрсэн байв. Буудаллах газар олдохгүй байх вий гэж санаа зовж байсан ч азаар нутгийн хөгшинтэй танилцан газар заалгаж, хамт явлаа. Энэ нутгийн зон олон бараг хотошчихсон гэж болохоор юм билээ. Өөрөөр хэлбэл, зуны улиралд Хөвсгөл нуурыг үзэж, сонирхох гэсэн аялагчдаар дүүрдэг. Газар мэдэхгүй гийчдийг хөтөлж, уул усаа танилцуулах, сонин содон зүйлсийг нь зарим мэргэжлийн хөтчөөс илүү тайлбарлаад л овоо хэдэн төгрөг олчихдог юм билээ. Мөн холоос нутгийг нь зорин ирсэн жуулчдыг нутгийн иргэд тосон авч таньдаг байр буудалдаа арай хямд үнээр буулгаад бас ашиг олоод амжина. Харин өвлийн цагт “Мөсний баяр”-т нь оролцохоор зорьж ирсэн бидэн шиг хүмүүст халуун хоол, дулаан байраар үйлчлээд зун хүртэл ажил хийж биеэ зовоохооргүй байхаар хэмжээний мөнгийг олдог аж. Аялж амрахаар хүмүүс ирэх тусам байрлах газар, нутгийн нэрийн бүтээгдэхүүнүүдийнх нь үнэ нэгээс хоёр дахин нэмэгддэг. Тухайлбал, Мөрөн хотод хамгийн хямд буудал энгийн үед 25000 орчим төгрөгөөр нэг өдөр байлгадаг бол мөсний баяр гэхчлэн олны хөл ихтэй үед үнээ нэмэн 50 мянган төгрөг болгодог. Мөн Хатгал руу ойртох тусам үнэ нь улам ихэсдэг. Тухайлбал, Хатгалд энгийн дөрвөн ханатай гэрт нэг хүн 45-50 мянган төгрөгөөр хонож, байрлаж болно. Харин хүн ихтэй үед нэг хүн гэр, эсвэл байшинд хонохоор бол 50-70 мянгыг төлдөг аж.
Биднийг Мөрөн хотод ирэхэд нутгийнхан нь Хөвсгөл нуураа “Далай ээж” хэмээн хүндэтгэн нэрийддэг болох нь анзаарагдав. Нутгийн буурай Д.Мянгандол гуай “Эрт үед Монгол оронд долоон том нуур байсны нэг нь одоо бидний хайрлан хамгаалж, тахин шүтдэг Далай ээж минь юм шүү дээ. Хоёр сая жилийн настай гэдгийг нь судлаач, мэргэд маань тогтоосон гэдэг. Хөвсгөл далайд 46 гол, горхи цутгадаг ч хажууханд нь байх Эгийн гол нь ганцаараа далай ээжээс эх аван Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Далай ээжийг Хөвсгөл гэж нэрийдсэний учрыг хэлбэл, эрт үед нуурын эрэг даган түрэг угсаатан суурьшин байсан бөгөөд нэр нь түрэг хэлээр “Их устай нуур” гэж хөрвүүлэгддэг. Хуучин цагт Далай ээжийг “Ариг ус”, “Хөх сувд” гэж нэрийддэг байсан. Харин Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь хөв бөгөөд ой хөвч гэдгээс ялгаа нь үгүй юм. Хөв язгуур нь хөвөрвөл олон их гэсэн утгыг өөртөө агуулна. Тэгэхээр Хөвсгөл гэдэг нь их уст нуур гэсэн утгыг өөртөө шингээсэн, нэртэйгээ эн зэрэгцэх сүрлэг том далай шиг зах хязгааргүй оршдог юм” хэмээн хуучилсаар биднийг буудаллах газарт маань хүргэж ирэв.
Харин “Мөсний баяр”-ыг 2000 оны үед Хатгал суманд суурьшсан зарим иргэд анх зохион байгуулж байсан бөгөөд үүнээс хойш 19 дэх жилийнхээ босгыг давж буй нь энэ аж. Нэг жил мөсний зузаанаас хамаараад тэмдэглээгүй өнгөрүүлж байсан гэнэ. Харин өнөө жилийнх нь гуравдугаар сарын 2-нд “Хөх сувдны орон Мөсний баяр”-ын эхний өдөр байсан тул бид Мөрөн хотод буудаллачихаад өглөө эртлэн Далай ээжийг зорихоор болсон юм. Нээлтийн ажиллагаа 10 цагаас, Мөрөнгөөс Хатгал хүртэл 100 километр явж хүрдэг тул эртлэн гарахаар болов. Бид Мөрөн хотоос өглөө зургаан цагийн үед Хатгал сум руу хөдөллөө. Эндээс 30 километр яваад Алаг-Эрдэнэ сумын нутагт дэлхийн уртраг өргөргийн 50:100 огтлолцлын цэг байдаг ажээ. Дэлхийн хэмжээнд уртрагийн 1000 градус, өргөргийн 500 градуст орших цэгүүд дөрвөн хавтгай тус бүрт нэг нэг байдаг. Тухайлбал ЗУ-1000, ХӨ-500 -д орших цэг Монгол Улсад, БУ-1000, ХӨ-500 -д орших цэг нь Канадад. Харин БУ-1000, ӨӨ-500-д орших цэг Номхон далайд байдаг бол ЗУ-1000, ӨӨ-500 -д орших цэг нь Энэтхэгийн далайд тус тус байрладаг ажээ. Эдгээрээс яг тэрхүү огтлолцлын цэг дээр зогсож, бодитоор мэдэрч болохоор нь энэ юм байна. Ийнхүү бид явсаар Хатгал суманд ойртох тусам зам бараг түгжирсээр, Далай ээжийн хөвөөнд хүрч очлоо. Энэ жилийн “Мөсний баяр” далайн мөсний зузаанаас хамаараад Жанхай буюу их далайгаас наана орших бага далайн баруун эрэгт болж байв. Хөлдүү далайг гатлан цаад эрэгт нь хүрч очиход Мөсөөр урласан монгол гэр, цаа буга, олон төрлийн хээ угалзаар чимэглэсэн мөсөн сийлбэрүүдээс гадна мөсөөр хийсэн сандал ширээнээс гадна хундага, аяга хүртэл байлаа. Ингэж мөсөн дээгүүр явах нь зуны цагт Далай ээжийг бохирдуулах магадлалтай байдаг аж. Мөсөн хотхонтой танилцан Мөсөөр урласан монгол гэрийн дотогш ороход их дулаахан байв. Мөс нь хэдий хүйтэн чанарыг өөртөө агуулах боловч бүрхүүл үүсгээд ирэхээрээ вакум орчин үүсгэж дулаан хадгалах чадвартай болдог ажээ. Гэрт байрлах мөсөн хундаганд халуун цай хийж уухад 20 орчим минутын хугацаанд хайлахгүй байсан нь хачирхалтай.
Эл мөсөн хотхоныг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид бүтээсэн аж. Аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захирал Н.Баатар-Очир “Манай сургуульд 21 мэргэжлээр 300 гаруй хүүхдүүд суралцаж байна. Энэ ч утгаараа мөсөн хотхоныг байгуулахад бид оролцлоо. Манай сургууль зураач урчуудын холбоотойгоо хамтран 10 гаруй хоногийг мөсөн хотхон байгуулахад зарцууллаа. Энгийн хүний нүдээр зүгээр нэг мөс давхарлаад тавьчихсан юм шиг харагдаж болох ч мөсөө зүсч хэлбэрт оруулахаас эхлүүлээд ажиллагаа их шаардлаа” хэмээв.
Уг баярыг үзэн сонирхохоор Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс иржээ. Тухайлбал, зүүн захын аймаг Дорноговийн Замын-Үүд сумаас гэр бүлийн хамт ирсэн Л.Өлзийтулга “Говийн бид энэ нутагт хүрч ирэх гэж их урт замыг тууллаа. Бараг тасралтгүй 17 цаг давхиж байж орж ирлээ. Хөвсгөл нутаг руу дөхөх тусам өндөр хадан цохио, гол горхи элбэг харагддаг юм байна. Говь нутгийн хүмүүс тэднийг нь хараад сүрдэж, басхүү жаахан эмээлээ. Гэхдээ Баярын талбайд ирэх гэж хөлдсөн далай дээгүүр явах л аймаар байсан. Ус үзээгүй бид гэнэт их далай дээгүүр явахаар цөмрөх гэж байгаа юм шиг санагдаад машинд байсан бүх хүмүүс сандал, бариулаас зуурч их болгоомжтой явцгаалаа” гэв. Харин Монгол орны алслагдсан аймаг гэгддэг Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас ирсэн Б.Аянагүл “Бидэнд их сайхан байна. Манай нутгаас ялгаа байхгүй сайхан байгаль, уул хангай, гол мөрөнтэй юм байна. Олон жил ирэхийг хүссэн ч чадахгүй явсаар өнөө жил хүслээ биелүүллээ” хэмээж байлаа.
Энд мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуйн бариа, тэшүүрийн тэмцээнээс гадна мото спортын үзүүлэх тоглолт, мөсөн дээрх олс таталтын тэмцээн, мөсөн дээрх буухиа зэрэг олон төрлийн тэмцээнүүд болж байв. Үүнээс гадна ирсэн зочдыг уйдаахгүй байлгахаар мөнгөөр тоглуулдаг дартсаар шаар хагалуулах, нум сум харваа, хийн буудлага зэрэг тэмцээнүүд болж байв. Эл нутгийнхны ихэнх нь тэшүүрээр хичээллэдэг. Найман настайгаас 80 настай буурлууд хүртэл канки өмсөн мөсөн дээр гулгадаг аж. Энэ өдөр болсон тэшүүрийн тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй дөрвөн насны ангилалд зохиогдсон бөгөөд тэшүүрийн 12 хүртэлх насны охидын ангилалд Хатгал сумын харьяат Л.Мөнхжин тэргүүн байр эзэлсэн бол энэ насны эрэгтэйчүүдийн ангилалд Хатгал сумын харьяат Б.Жавхлан тэргүүн байрт оржээ. Харин 13-15 насны эмэгтэйчүүдийн ангилалд мөн Хатгал сумын харьяат Б.Хонгорзул тэргүүлсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд Ханх сумын харьяат Г.Ганхүү тэргүүн байрыг эзлэв. Харин 19-40 насны ангиллын эмэгтэйчүүдээс ШУТИС-ийн Б.Бурмаа тэргүүлсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд Б.Гүндалай тэргүүлжээ. Харин эл тэмцээний хамгийн хөгшин буюу 40 дээш насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ханх сумын харьяат Б.Цэцэгмаа тэргүүлсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд Мөрөн сумын харьяат Л.Батцэнгэл тэргүүн байр эзэлжээ. 40-өөс дээш насны ангилалд тэргүүлсэн Л.Батцэнгэлийн сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Би уг нь Ханх сумынх. Далай ээжийн хөвөөнд Оросын хилтэй хил залгаа оршдог нутгийнх. Манай Ханхчууд ихэнх нь тэшүүрийн спортоор хичээллэдэг. Ер нь мөсөн дээр гулгаж чаддаггүй хүн гэж бараг л үгүй. Би таван настайгаасаа гулгаж, тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Тэр цагаас хойш насны ангилал бүртээ тэргүүлж ирлээ. Хэдийн 40 гарсан ч өөрийгөө хөгшин болсон гэж боддоггүй. 80 насыг давсан ч тэшүүрээрээ гулгасаар байна. Миний бэлтгэсэн шавь нараас спортын I,II,III зэрэгтэй тамирчид гэхэд л 300 гаруй бий шүү дээ” гэв.
Мөсний баяр болж буй Хатгал сум байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай аж. Далай ээжийн урд эргээс хойш баруун, баруун хойш чиглэлд харвал шовх оройтой өндөр сарьдгууд харагддаг бол зүүн эргийн уул нь тэднийгээ бодвол харьцангуй нам, мөлгөр, битүү ойн мод харагдана. Нуурын баруун хойд эргийг даган харагдах уулс нь Хорьдол Сарьдагийн нуруу, Баян нуруудын нэг нь аж. Шовх хад гэмээр ихэнх уулсын оргил нь 2500 метрээс дээш тэмүүлсэн байдаг гэнэ.
Далай ээж урд талаасаа хойд эрэг хүртэл 140 км бол баруунаасаа зүүн эрэг хүртлээ 40 гаруй км үргэлжилж, нэг эрэг дээр нь зогсоод алсыг ширтэхэд хязгаар нь үл үзэгдэх аж. Нуурын уусны гольдрол Монгол Оросын хилийг даван 1000 гаран километр урссаар Оросын Байгал нуурт цутгадаг гэдгийг хүн бүр мэдэж буй. Харин хоёр нуур хоорондоо 200 километрийн зайд орших аж. Зарим судлаачид эл хоёр нуурыг доогуураа холбоотой ихэр нуурууд гэж ч үзэх нь бий.
Далай ээжийн энгэрт баярлан цэнгэх нь таатай байсан ч нуурыг бохирдуулж байгаа олон зүйл анзаарагдана. Эл баяр жилийн жилд нойлын асуудлаа шийдэж чадаагүй, хэдэн мянган хүнийг авчирчихаад ариун цэврийн байгууламж муутай гэдгээрээ байнга асуудал дагуулж байдаг. Үүнийгээ өнөө жил ч гэсэн давтаж байлаа. Олон ч хүн нойл нь хаана байдаг юм бол далай дээр биш хуурай газар машинаа байрлуулж болохгүй юм байх даа гэж асууж байсан юм. Энэ талаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайханаас лавлав. Тэрбээр “Энэ жил ирж буй машины тоо 3000 хүрэхээр байлаа. Харин оролцож байгаа хүний тоо 20000 хол давсан гэдэг тооцоолол гаргалаа. Жил ирэх тусам оролцож, сонирхохоор ирж буй хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Гадаадын зочид төлөөлөгчид өмнө жилүүдийнхээс ч илүү их ирэх байхаа гэсэн тооцоололтой байлаа. Тиймээс бид жил ирэх тусам баярын арга хэмжээгээ өргөн цар хүрээтэй, байгальд ээлтэйгээр зохион байгуулахыг зорьж байна. Мөн иргэдээ орлоготой байлгах олон хэлбэрийг санаачилсан. Баярын өдрүүдэд иргэдийн амар тайван байдлыг хангах зорилгоор 120 орчим алба хаагчид баярын талбай дээр хүчин зүтгэж байна. Харин эмнэлгийн байгууллагаас хоёр баг гарсан. Энэ жил нойлын асуудлыг шийдэхийн тулд сайжруулсан нойл наймыг байрлуулсан. Цаашдаа үүнийгээ өргөжүүлж, энэ хавьд мөсний баярыг байнга тэмдэглэн өнгөрүүлэх зорилготойгоор мөснөөс хол хуурай газар дээр машин байрлуулахын тулд эрэг дээгүүр байгууламжууд барихаар төлөвлөж байгаа” гэв. Р.Жаргалсайханы ярьснаар нийт ирсэн 20000 хүнд найман нойл зориулан шинээр байрлуулсан бол нэг нойлыг нь ойролцоогоор 2500 хүн хэрэглэх аж. Нуулгүй хэлэхэд зарим хүмүүс нуурын эрэг дагуу бие засч, аяга таваг угаасан усаа шууд цацаж байсан нь их л муухай харагдаж байсан юм.
З.МӨНХСУВД