Өнгөрсөн сарын 11-ний өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд байлдааны буудлага хийж байх үед гар бөмбөг дэлбэрснээс хоёр цэрэг амь насаа алдаж, найман хүн гэмтэж бэртсэн хэрэг гарсан билээ. Хоёр за-луухан амь цаг бусаар хорвоогоос буцаж, арваад залуу сумын шархнаас гадна анд нөхрөө алдсан сэтгэлийн шархтай үлдээд байна. Гуч ч хүрээгүй нас барсан хоёр залуугийн ард цэл залуухан бэлэвсэн бүсгүйчүүд, аавыгаа дахиад хэзээ ч харахгүй үрс нь хоцорлоо. Тайван цагт цэрэг эрчүүд дэлбэрэлтийн улмаас амь насаа алдана гэдэг үнэхээр харамсал харуусалтай. Үнэхээр уцаар унтуу ч хүргэм. Амьдын зол үхсэний хохь болгоод өнгөрөөх ёсгүй, хариуцлагын асуудлыг хөндөхөөс аргагүй хэрэг. Хариуцлагын асуудал яригдаагүй биш яригдсан л даа. Гэхдээ хариуцах ёстой хүмүүс нь хариуцаж чадсан уу.
Осол болсны орой Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сайдын дэргэдэх өргөтгөсөн зөвлөлийн хурлаа зохион байгуулж Таван толгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургах талаар хатуу чиглэл өгсөн гэж байгаа. Хожимдсон чиглэл юм даа. Үүнээс гурав хоногийн дараа дахин хуралдахдаа гэм буруутай этгээдүүдийг хатуу шийтгэх үүрэг даалгавар өгсөн. Хэрэг явдал ингэж өрнөөд ирэхээр олон нийтийн дунд хариуцсан яамны сайд нь хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн яриа газар авах болсон бөгөөд тухайн үед цэргийн алба хаагчид сонор сэрэмж алдсан байлаа ч гэсэн энэ бол яах аргагүй салбарын сайдтай холбоотой, ийм тохиолдолд өндөр дээд албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээж огцордог. Б.Бат-Эрдэнэ сайд ч огцрох ёстой гэж өөр зуураа хэлэлцээд эхэлсэн юм. Б.Бат-Эрдэнэ сайд бол спортын хүн, тэр дундаа үндэсний бөхийн хайр хүндэтгэл хүлээсэн аварга хүн. Тийм болохоор энэ тохиолдолд цэргийн хүний, эр хүний, аваргын буурийг харуулж үлгэр жишээ үзүүлнэ гэж хүлээж байлаа. Гэтэл тэгсэнгүй. Харин ч хэлж байгаа, хийж байгаа нь бүр эсрэгээрээ. Гэм буруутанд хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдээд хэсэг явлаа. Бас нэг хэсэг хэвлэлээр “Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөөд томилдог” гээд өөрөөсөө холдуулах гэж үзлээ. Түүнийхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэгддэг тул хариуцлагын асуудал босоод ирэхээр Батлан хамгаалахын сайд биш Ерөнхийлөгч огцрох ёстой юм уу даа. Тэгсэн мөртлөө “Хуулийн хүрээнд Зэвсэгт хүчний даргад тодорхой хугацаатай үүрэг өгөөд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооц” гэж үүрэг өгсөн гэж яриад байгаа юм. Тэгэхээр өөрөө үүрэг чиглэл өгдөг хүн мөн болж таарах шиг. Түүний ар, араасаа хийсэн мэдэгдлүүд, ангийн дарга нараар туг тахиад хариуцлага тооцсон болж харагдах гэсэн арга нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд хүнд, бүр улс төрийн албан тушаалыг нь тооцохгүй байлаа гэхэд Даяар дуурсагдах далай даян дархан аварга хүнд, энгийнээр хэлэхэд жүдо барилдаж байсан хүнээс гарамгүй зан харагдаж байгаа юм. Жүдочид бол ёсзүйн асар өндөр хариуцлагатайгаараа гайхагддаг сан. Энд ямар нэгэн эд мөнгөний хохирол биш, хүний амины асуудал яригдаж байна. Амиа алдсан залуус амиараа хариуцлагаа үүрээд одлоо. Гэтэл ерээд оноос хойш батлан хамгаалах салбарт гарч байгаагүй ийм хэрэгт хариуцлага хүлээх ёс зүйтэй албан тушаалтан байна уу. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр уригдаж оролцсоны дараа түүнийг жудагтайг нь гайхаж, жинхэнэ монгол эр, дархан аварга гээд байгаагүй бил үү. Энэ хэрэг явдалд хандаж байгааг нь харахад зүлэг ногоон дэвжээн дээр наадамчин олны нүдэн дээр өвдөг шороодчихоод цол дэвээрээ аархаад тахимаа өгөлгүй гүлдийчихээд нааш цааш алхаад байгаа юм шиг байх юм. Бас энэ нь Б.Бат-Эрдэнэ аваргыг хамгийн сүүлийн олимптоо оролцохдоо хориотой мэх хийгээд татамигаас хөөгдсөнийг нь санагдуулах ажээ. Тэрбээр Монголын тамирчид ямар ч медальгүй ирсэн 2000 оны Сиднейн олимпод амжилт муутай оролцсон жүдочдын сүүлийг мушгихдаа зүгээр ч нэг ялагдаад дэвжээнээс буугаагүй хориглосон мэхийг хийснээр тэмцээнээ дуусгахад хүрч байлаа. Түүнийг жүдоч хүн, бөх хүн шүү дээ гэж сануулаад байгаа нь арга л ядсан хэрэг юм даа. Өөр улс оронд иймэрхүү хэрэг гарсан бол Батлан хамгаалахын сайд хамгийн түрүүнд ёс зүйн хариуцлага хүлээж, огцордог. Батлан хамгаалахын салбар маш эмзэг, эрсдэлтэй салбар учраас энэ чиглэлийн сайд нар огцрох явдал харьцангуй түгээмэл байдаг юм. Түүнээс нэг албан тушаал авчихаараа улсын баяр наадамд завсаргүй 22 шөвгөрдөг шиг хэрэг биш л дээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд Афганистаны Батлан хамгаалахын сайд Абдулла Хабиби армийн командлагч Кадам Шах Шахимын хамт огцорлоо. Талибануудын зохион байгуулсан ээлжит дэлбэрэлтээс урьдчилан сэргийлж чадаагүй учраас хариуцлага хүлээн огцорч байна гэдгээ мэдэгдээд тэр ажлаа өгчээ. Афганистанд үргэлж дэлбэрэлт болж, асуудал өрнөж байдаг ч үүн шиг том хэрэг 2001 оноос хойш гараагүй ажээ. Талибчууд цэргийнхний дүрэмт хувцсыг өмсч цэргийн бааз руу орж дэлбэрэлт үйлдсэнээр нийтдээ зуу гаруй цэрэг дайчин амь насаа алджээ. Үүнийг үйлдсэн гэдгээ талибанчууд мэдэгдэж, харин Батлан хамгаалахын сайд нь ёс зүйн хариуцлагаа ингэж хүлээсэн байх юм. Дөрөвдүгээр сарын 21-нд хэрэг гарч, 24-нд тэр огцорчээ. Харин манайд амь алдсан ахмад, ахлагчийн 21 хоног нь болж байхад нам гүм. Афганистанд Хамид Карзайн үед тагнуулын газрын дарга нь Дотоод хэргийн сайдтайгаа бас л урьдчилан сэргийлж арга хэмжээ авч чадаагүйдээ хариуцлага хүлээн огцорч байсныг санаж байна. Тэнд бол ёстой хэзээ ч юу ч болж магадгүй газар.
Харин манайд дайн байлдаантай улс орон биш, үргэлж буу тачигнаж, дэлбэрэлт болж байдаг биш. Монголд энх тайван цагт цэргүүдээ ингээд алдчихна гэдэг дэндүү хариуцлагагүйнх.
Германы улс төрд од болон гялалзаж байсан барон Гуттенберг Батлан хамгаалахын сайд байхдаа огцорч байлаа. Ангела Меркелийн гаргаж ирсэн Карл Теодор Гуттенберг герман Кенниди гэгдэж, Афганистанд очихдоо өмссөн цэргийн хувцас, цөлийн шар, эрмэг харц бүхий фото зураг нь маш их эрэлттэй хэвлэлээр чухам шуугиулж байлаа. Түүнийг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Германы батлан хамгаалах салбарт шинэчлэл хийсэн нэгэн гэж үнэлдэг. Хэдийгээр түүнийг унагахаар докторын зэрэг хамгаалахдаа бичсэн эрдмийн ажил нь бусдаас хуулбарласан байсныг ил болгож, үг үсгийн алдаатай нь чамгүй зууралдаж ажлаа өгөхөөс аргагүйд хүргэсэн ч тэрбээр хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдэхдээ герман цэргүүд гэмтэж, амь насаа алдсан хэрэгт хариуцлага хүлээн огцорч байна гэж мэдэгдэж байлаа. Бид сайд нарын яаж, ямар сэдвээр докторын зэрэг хүртсэнийг нь яриагүй байна. Яривал ч гарах зүйл байх л биз. Олон улсад Батлан хамгаалахын сайд нар хариуцлага хэрхэн хүлээдэг талаар үргэлжлүүлэхэд жагсаалт дуусахгүй бололтой. Өнгөрсөн оны өдийд Израилын Батлан хамгаалахын сайд Моше Ялон улс оронд нь амар амгалан тогтохгүй, палестинчуудтай хийх мөргөлдөөн газар авч байна гээд огцорч байв. Саяхан гэхэд Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд ажлаа өгсөн дуулдсан. Энэ салбар бол маш эмзэг салбар. Тэр хэрээрээ хариуцлагаа хүлээж, мэдэрч чаддаг хүмүүс сайдаар очдог. Түүнээс тахим өгч үзээгүй, хариуцлагаа хүлээж сураагүй, үргэлж түмний магнайд залаатай юм шиг байх ёстой боддог хүмүүст амаргүй салбар ажээ. Нэг Батлан хамгаалахын сайд огцрох үедээ “Батлан хамгаална гэж өөрийгөө хамгаалахын нэр биш учраас би албаа өгч байна” гэж хэлсэн гэдэг. Түүн шиг Батлан хамгаална гэдгийг Бат-Эрдэнийг хамгаална гэж ойлгоод байж болохгүй юм. Хариуцлагыг хүлээх цагтаа хүлээж, албыг өгөх цагтаа өгч сурна гэдэг улстөрч төдийгүй улсын аварга хүнд том соёл. Монголчуудын хайрлаж хүндэлж явдаг дархан аваргын тахимаа өгөх цаг иржээ.