Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Далай багш ба квант физик

Гадаадын хэсэг зохиогчид Далай багш ба дэлхийн хэмжээний хэсэг гарамгай эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны гарамгай нээлт, ололтууд, Будда бурхны сургаалтай хэрхэн холбогдож болох тухай харилцан мэтгэлцээний сонирхолтой киног зохиож, түүнийг Далай багшийн төрсөн өдөр болох долдугаар сарын 6-нд үндэсний телевизорээр нэвтрүүлсэн нь сүсэгтэн олны таашаалыг хүртсэн.

Киноны гол агуулга нь бурхны сургаалын гүн бясалгалын арга, нөгөө талаас цэвэр туршилтын үр дүнд тулгуурлан хөгждөг орчин үеийн шинжлэх ухааны онол хоёр хорвоо ертөнцийн бодит үнэнд хүргэх хоёр өөр замын нэгэн уулзвар байж чадах уу? гэсэн асуултад хариулах зорилттой байв.
Мэтгэлцээн нь хүн төрөлхтний хөгжлийг авч яваа орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх салбарууд болох сансар судлал, космологи, квант физик, квант компьютер, молекулын биологи, генетик, тархи болон сэтгэл судлалын зэрэг асуудлуудад чиглэгдсэн юм. Энэ салбаруудын тэргүүлэх эрдэмтэд, Далай багшид нэг ёсондоо судалгааны ажлуудаа тайлагнаж, гарсан хачин сонин үр дүн, үзэгдэл юмс нь амьтай, амьгүй ертөнцийн нууцад хэрхэн хүрч байгааг бурхны сургаал, түүний гүн ухааны бясалгалтай хэрхэн дүйцэж байгааг харьцуулан ярилцсан юм. Баруунд Ромын Папыг Есүс Христийн амьд төлөөлөл гэж үздэгтэй нэгэн адилаар Далай багшийг Будда бурхны амьд дүр гэж бишрэн хүндэтгэдэг болохыг мэтгэлцээнд оролцсон эрдэмтдийн итгэл үнэмшил, үйлдэл, ярилцлагаас илт харагдав. Далай багшийн сургаал номлол баруунд ямар их эрч хүч авч байгааг түүнд олгосон хүндэтгэл, шагналууд харуулж байна. Жишээ нь, дэлхийн олон хотуудын гарамгай их сургуулиуд Далай багшид оюун санааны доктор, профессорын цол олгосон. Үүний дотор МУИС, ШУТИС, Улаанбаатарын их сургууль Далай багшид хүндэт доктор, Монгол Улсын ШУА түүнд профессор цол олгосон билээ. Далай багш нь Нобелийн энх тайвны шагнал, АНУ-ын тэргүүн зэргийн дээд шагнал “Эрх чөлөөний медаль” түүнийг дагалддаг 100000 ам.доллар, мөн Конгрессын алтан медаль авсан. Мөн түүнчлэн Далай багшийн хүн төрөлхтний оюун санаанд оруулсан гарамгай хувь нэмрийг үнэлж нэг сая долларын Тепольтоны шагнал хүртсэн билээ. Далай багш энэ шагналаа Энэтхэгийн ядуучуудад зориулсан байдаг.

Барууны нийгэмд Далай багшид ямар их бишрэл, хүндэтгэл үзүүлж, түүний ном, сургаалыг даган суралцаж, өөрсдийнхөө оюун ухааныг хэрхэн тэлэх зүрх зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байгааг уг киноны үйл явдлаас харахад олон зууны турш бурхны сургаалыг даган биширч ажил үйлсээ, эх орноо хөгжүүлэн авч ирсэн сүсэгтэн олон, өндөр настан, өвөг дээдсийнхээ өмнө өнөө цагийн бид ичгэвтэр байдалд орлоо. Эргэж санахад 2016 оны 25 хэмийн тэсгим хүйтэн өвөл Далай багшийг эх оронд минь морилон ирж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад нь төрийн төлөөллийн хүмүүс түүнээс мэлзэн зугтаж, нэг юмнаас айж сандран түүний зохион байгуулсан хурлыг ор нэр болгон, уух ус ч ширээн дээр нь тавиагүй билээ.
Кинонд дурдсанаар Далай багш ба тэргүүлэх эрдэмтдийн дээр дурдсан шинжлэх ухааны олон салбаруудаар хийсэн мэтгэлцээн нь онц сонирхолтой болсон бөгөөд үүний дотор миний мэдэх физикийн шинжлэх ухааны ололт, тэр нь биднийг хүрээлэн буй ертөнцийн үйл явдлууд, үзэгдэл юмсын мөн чанарт хэрхэн хүрч байгаа тухай харилцан ярилцлага онц сонирхолтой боллоо.
Гэгээлэг оюун ухааны дээд түвшин болох гүн бясалгал, шинжлэх ухааны дээд шалгуур болох туршлага хоёр ертөнцийн хөгжлийн уг сурвалж болсон танин мэдэхүйн нэгэн гайхамшигтай алтан түлхүүрийг хослон олсон юм. Тэр нь юу гээч.
Нэгдүгээрт: Ертөнцийн аливаа нэг юмны уг сурвалж, бодит үнэнд хүрч болохгүй юм байна.
Хоёрдугаарт: Хорвоогийн аливаа нэг юманд бидний оюун ухаан үл хүрэх тийм абсолют буюу үнэмлэхүй нууц байдаг байна.
Гуравдугаарт: Энэхүү нууцын нууцыг тайлах абсолют буюу туйлын үнэн байх учиртай.
Дөрөвдүгээрт: Гэвч энэхүү туйлын үнэн нь хязгааргүй олон шаттай харьцангуй үнэнүүдийн нийлбэр юм байна.
Математикийн хэллэгээр харьцангуй үнэнүүдийн нийлбэр туйлын буюу абсолют үнэнд хязгааргүй дөхөж очих боловч түүнд хэзээ ч хүрэхгүй. Жишээ болгож, дунд ангийн нэгэн хялбар бодлогыг авч үзье. Тоон тэнхлэг дээр тэгээс нэг хүртэлх урттай хэрчим байг. Тэг цэгээс эхэлж явсан сурагч нэг гэсэн цэг дээр байгаа үнэмлэхүй үнэнд хүрэхийн тулд хэрчмийг яг хагаслан явах ёстой. Эхлээд хэрчмийн 0.5-д хүрнэ. Дараа нь хэрчмийн 0.75-д хүрнэ, дараа нь 0.875-ыг туулна. Гэх мэт хэрчмийн үлдсэн зайг хагаслан явснаар бодит үнэн байгаа нэг гэсэн цэг дээр хэзээ ч хүрч чадахгүй.Аливаа нэг юмны абсолют буюу үнэмлэхүй үнэнд хүргэх гэсэн бидний оюун ухааны хүсэл тэмүүллийн зам ийм жишээтэй адил төстэй.
Ингээд бурхны сургаалд аливаа нэг юм нууц хэвээрээ үлдсэн учир тэр юмыг хоосон гэх ба бидний түүнд хүрэх гэсэн санаа бодлыг хоосон чанар гэнэ. Энэ бол танин мэдэхүйн гайхамшигтай зарчим. Яагаад гэвэл хэрвээ бидний оюун ухаан орчлонгийн үнэмлэхүй буюу абсолют үнэнд хүрдэг байсансан бол бидний амьдралын утга учир алга болох байв. Жишээ нь, бид аливаа нэг киноны үйл явдлыг үзээд л дараа нь түүнийг үзэх сонирхолгүй болдогтой адил. Хэрвээ бид орчлонгийн нууцыг бүрэн тайлсансан бол бидний амьдрах учир холбогдол алга болно. Яагаад гэвэл цаашид сэтгэн бодох юмгүй болсон, орчлонгийн нууцыг бүрэн тайлсан. Нэг үгээр хийх юмгүй, сэтгэн бодох юмгүй болж хоосон чанарт шилжинэ гэсэн үг. Ингээд амьдрал учир утгагүй болох байв.
Гэвч биднийг хүрээлэн буй хорвоо ертөнц, бидний оюун ухааны төгсгөлийн уйтгартай, өрөвдөлтэй, зорилгогүй гэмээр тийм замыг тас хааж өгчээ. Ингээд бидний танин мэдэхүйн бодол санаа, зорилго, хүсэл тэмүүлэл цагийн аясаар үргэлжид мөнхрөн үргэлжлэх хувь тавилантай. Одоо аливаа нэг юмны бодит үнэнд хүрэх гэсэн танин мэдэхүйн гинжин холбоосыг физикийн шинжлэх ухааны жишээн дээр үзүүлье. Эртний Грекчүүд биднийг хүрээлэн буй ертөнц атом хэмээх эгэл хэсэг-хумхын тоосноос бүтнэ гэж үзжээ. Энэ нь ертөнцийн бүтцийн тухай харьцангуй үнэний эхний шат мөн. Ертөнцийн бүтцийн тухай харьцангуй үнэний II шат нь XIX зуунд атом нь дотоод бүтэцтэй болохыг тогтоосонд оршино. Атомын дотоод бүтэц нь манай нарны аймгийн бүтэцтэй төстэй болохыг тогтоов. Атом нь нар шиг жин буюу масс ихтэй цөм, түүнийг гарагууд шиг тойрон эргэлддэг эгэл хэсэг болох электронуудаас тогтдог болохыг туршлагаар нээв. Атомын тухай танин мэдэхүйн харьцангуй үнэний III шат нь цөм нь бас цахилгаан цэнэгтэй протон, цэнэггүй нейтрон гэх эгэл бөөмсөөс тогтдог болохыг тогтоосон явдал юм. Атомын тухай харьцангуй үнэний IV шат нь цөмийг бүрэлдүүлэгч протон ба нейтрон бөөмс нь кварк гэж нэрлэгдэх бутархай цахилгаан цэнэгтэй бөөмсөөс тогтдог болохыг нээсэнд оршино. Атомын цөм ба электронууд нь өөр хоорондоо цахилгаан соронзон хүчээр барьцалдсан байдаг бол кваркууд нь цавуу буюу глюон гэх эгэл бөөмсийн тусламжтайгаар харилцан үйлчлэлд ордог байна. Одоо цагт атомын тухай харьцангуй үнэний V шат нь кваркууд нь бас прион(грекийн анхдагч гэсэн үг) гэх хачирхалтай эгэл хэсгээс тогтож болох таамаглалыг дэвшүүлээд байна. Гэвч физикчид өнөөдрийн өдрийг хүртэл атомын тухай абсолют буюу бодит-үнэмлэхүй үнэнд хүрэх яагаа ч үгүй байна. Харин хоосон чанар ёсоор түүнд хэзээ ч хүрэх ёсгүй.
Одоо олны гайхширлыг төрүүлсэн хоёр энгийн жишээг дурдъя. Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон таазанд өлгөөтэй байгаа чийдэн, шалан дээр байгаа модон сандал хоёрыг авч үзье. Бид эдгээрийг хараад ердийн л нэг байдаг бодит зүйл гэж бодно. Гэтэл гэгээрсэн гүн ухаантнуудын хувьд энэ хоёр юм хоосон чанарын бодит байдлыг илтгэнэ гэж хэлнэ. Мунхаг бидний хувьд энэ санаа бидэнд үлгэр, үнэмшихээргүй сонин санагдана. Яагаад?. Толин тусгалын цаана байдаг бидний барьж болдоггүй хоосон дүрс шиг дээрх хоёр юм эхлээд хүний оюун санаа, бодолд анх бий болдог. Тархин доторх тэдгээрийн геометр дүрслэл бидний амьдралд орж бодит чийдэн болон сандал болтол урт удаан замыг туулна. Цааш нь ухаад бодвол сандал юунаас тогтсон бэ? Модноос. Тэгвэл мод яаж ургаж бий болдог вэ? Нарны гэрэл, хөрс, ус, агаар хэрэгтэй. Нарны гэрлийг зөөгч нь физикийн хэлээр фотон хэмээх массгүй, цахилгаан цэнэггүй, секундэд 300000 км хурдалдаг эгэл хэсэг-долгион болно. Чийдэнгийн хувьд чийдэн нь шилэн бүрхүүл, түүний доторх хий болон төмөр утсан ороомгоос тогтоно. Төмөр утас нь төмрийн атомуудаас, атом нь цөм болон түүнийг тойрон эргэлддэг цахилгаан цэнэг зөөдөг электронуудаас тогтоно. Ингэхлээр чийдэн болон сандлын эцсийн амин шалгуур нь фотон болон электрон бөөмс болов. Хэрвээ бид энэ хоёр бөөмийн шинж төлөвийн тухай абсолют буюу үнэмлэхүй үнэнийг олж чадвал чийдэн, сандал хоёр бидний анх бодож санаснаар бодит үнэн болох байв. Энд ямар нэгэн хоосон чанарын тухай яриа хөөрөө огт болох ёсгүй.
Хүний мөн чанарыг хэзээ ч олж чадахгүй. Яагаад гэвэл хүн гэдэг хязгааргүй олон зан араншинтай. Тэгвэл бөөм, долгион гэсэн хоёрхон зан араншинтай эгэл бөөмс, тэдгээрийн төлөөлөл болох электрон, фотон хоёрын мөн чанарт хялбархан хүрч болмоор бодогдоно. Энэ хоёр бөөмийн зан араншинг тогтоохын тулд физикчид энэ хоёр дээр туршилт тавьдаг. Энэ хоёр бөөс шиг тэмтэрч болох бодислог чанартай юм бол замд нь тааралдсан хоёр нүхний аль нэгээр нь урсан өнгөрөх учиртай. Гэтэл туршлагаар үзэхэд энэ хоёр, хоёр нүхээр дуу авиа шиг нэг зэрэг гараад явчихсан зургийг гаргана. Ингээд электрон, фотон хоёр долгиолог шинжтэй болох нь туршлагаар батлагдав. Гэтэл энэ хоёр бөөмсийн урсгал нимгэн алтан ялтсан дээр буухдаа түүнийг бүрэлдүүлэгч алтны атомуудын электронуудтай мөргөлдөж, тэдгээрийг ялтаснаас суга татаж гаргаж чаддаг болохыг туршлагаар тогтоов. Иймээс электрон, фотон хоёр тодорхой импульстэй биллиардын шарик шиг биет бөөмс болох нь илэрхий болов. Энэ хоёр бөөмийн өөр нэг чухал сонин хачин шинж гэвэл хөдөлгөөн нь санамсаргүй буюу тохиолдлын хуульд захирагддаг байна. Энд багажид бүртгэгдсэн электрон хэсэг хугацааны дараа хаана байхыг огт хэлж чадахгүй. Саран дээр байх ч магадлалтай. Бас эгэл бөөмсийн хөдөлгөөнд хэзээ ч тайлж болмооргүй, нууц хэвээрээ үлдмээр тийм нэгэн сонин үзэгдэл бий. Тэр нь нэг үүсгэгчээс гарсан ихэр хоёр фотоныг бие биендээ мэдээлэл дамжуулж, дохио хүргэх боломжгүй тийм алс хол зайд салгаад нэг фотоны шинж төлөвийг туршилтын багаж төхөөрөмжийн тусламжтайгаар өөрчлөхөд нөгөө алс хол байгаа ихрийн өрөөсөн фотон нь урьдчилан хэлэлцсэн мэт өөрийнхөө төлөв байдлаа өөрчилдөг байна. Анх үүсгэгчээс гарахдаа чи улаан дээл өмсөнө, харин би цэнхэр дээл өмсөнө шүү гэсэн мэт тийм физик хуулийн тохиролцоо байдаг. Тэгвэл алсхолын зайд байгаа бөөм нь физик багажийн тусламжтайгаар улаан(эсвэл цэнхэр) дээл өмсгөж албадмал хүч хэрэглэсэн бөөмийнхөө шинж төлөвийг тэр даруй мэдээд цэнхэр(эсвэл улаан) дээлээ өмсөх жишээтэй. Энэ хоёр бөөмсийн харилцан хамаарлыг хоёр бөөмийн хэзээ ч салах ёсгүй орооцолдсон гэж нэрлэнэ. Энэ үзэгдлийн мөн чанарыг физикчид тайлж чадахгүй байгаа юм.
Ингээд чийдэн, сандал хоёрын цаад уг сурвалж нь электрон, фотон гэсэн бөөмсийн шинж төлөвтэй холбогдох ба энэ хоёр бөөмийн бодит үнэнийг бид тайлж чадахгүй учир бидний нүдэнд харагдаж байгаа бодит үнэн мэт харагдах чийдэн, сандал хоёр хоосон чанартай болох нь физикийн туршлагаар батлагдлаа.
Цахилгаан цэнэг, бодисын масс, соронзон гэдэг чинь чухам юу юм бэ? Масстай хоёр бие яагаад таталцдаг юм бэ? Яагаад их масстай биеийн ойролцоо цагийн явдал удааширч, огторгуй хоосон хэрнээ нум шиг мурийж, муруй огторгуйг бий болгодог юм бэ? гэх мэт танин мэдэхүйн тулгуур асуултуудад бодитой хариулт өгч, тэдгээрийн үнэнийг нь одоо болтол мөн алс ирээдүйд ч олж тайлж чадахгүй биз ээ. Ингээд бүх ертөнцийн таталцлын тухай Ньютоны хууль, Эйнштейний харьцангуйн ерөнхий онол хоёр ертөнцийн бүтэц, хөгжлийн жинхэнэ бодит үнэнд бас л хүрээгүй л байна.
Өөр нэг нууцын нууц гэмээр нэг зүйл бол цаг хугацааны тухай ойлголт юм.Цаг хугацаа гэдэг бидний ухамсрын гадна байдаг бодит үнэн үү, эсвэл бидний уураг тархины цэвэр ойлголт уу? Энгийн сэтгэлгээний хүрээнд нар гардгаараа гарна, дөрвөн улирал солигддогоороо солигдоно, дэлхий эргэлддэгээрээ эргэлдэнэ, хүн төрдгөөрөө төрнө, өснө, нирваан дүр үзүүлдгээрээ үзүүлнэ гэх мэт үзэгдлүүд цаг хугацаатай ямар ч хамааралгүй мэт санагдана. Ингээд цаг хугацааны тухай үнэмлэхүй үнэн нуугдмал хэвээрээ үлдэв. Иймээс цаг хугацаа бас хоосон чанартай.
Танин мэдэхүйн эцсийн шалгуур нь туршлага билээ. Гэтэл энд нэгэн тайлагдашгүй, эрдэмтдийн гол мэтгэлцээний бай болсон нэгэн зүйл бий. Тэр нь туршлагын хэмжилт, бүртгэлийн ямар ч нарийн багаж төхөөрөмж байлаа ч уг судлах гэж буй аливаа нэг юмны туршлагаас өмнөх түүний жинхэнэ мөн чанарыг өдөөж өөрчлөлтөд оруулах учир хэмжилтийн үр дүнд гаргаж авсан уг юмны тухай мэдээлэл нь түүний жинхэнэ бодит үнэнтэй хэзээ ч тохирох ёсгүй. Иймээс аливаа нэг юмны мөн чанарыг түүний шинж төлөвийг өдөөж, өөрчлөхгүйгээр таньж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс уг юмны эцсийн нууцад хүрч чадахгүй учир тэр нь бидний оюун ухааны гадна орших хоосон чанар болон үлдэнэ.
Дэлхий дээрх бүх амьдралын уг сурвалж, амин сүнс, эцсийн үнэн нь нар билээ. Гэтэл наран дээр очтол 5000 хэм, гүндээ хэдэн сая хэмийн дулаантай, байхын аргагүй халуун бөмбөлөг.Мөн биднийг хүрээлэн буй үй түмэн одтой орчлон хорвоогийн бодит үнэн, анхдагч эхлэл нь мөн л оюун ухаанд хэзээ ч хүршгүй, зүйрлэшгүй, тоолж, тогтоож боломгүй тийм аймшигтай халуун бөмбөгийн тэсрэлтийн үр дүн. Иймээс эх дэлхий дээрх амьдрал, одод хорвоогийн эцсийн бодит үнэн, мөн чанар нь бурхны хэллэгээр хоосон, шинжлэх ухааны хэллэгээр хэзээ ч хүрч боломгүй онцгой цэг. Үүнийг англиар singular point, оросоор особая точка гэж үзэхээс өөр тодорхойлолтгүй хязгааргүйн хязгааргүй билээ.
Эцэст нь бурхны сургаал, физик хоёр танин мэдэхүйн нэгэн замын уулзварт нийлсэн бодит жишээг дурдъя. XIX зууны гарамгай эрдэмтдийн нэг Америкийн физикч Гелл-Манн Будда бурханы сургаалын билиг оюуны найман замыг (зөв ойлголт, шалтаг шалтгааны учир, зөв хэл яриа, зөв үйлдэл, зөв хооллолт, хичээл зүтгэл, оюун ухааны ажил үйлс, бясалгал) геометрийн зөв олон өнцөгт дүрслэлд буулгаж, төв болон орой бүрт нь бодисын бүтцийн эгэл хэсэг-эгэл бөөмсийг ангилан байршуулах санааг оруулжээ. Гэтэл ертөнцийн нэгдмэл зүй тогтол ёсоор нэг орой дээр нь тодорхой масстай эгэл бөөм дутсан учир түүнийг байгальд заавал байх ёстойг урьдчилан хэлж, түүний нэрийг омега гэж нэрлэе гэж физикчдийн дунд санал тавьсан. Хожим энэ бөөмийг туршлагаар нээж, Гелл-Манн 1969 онд Нобелийн шагнал авсан түүхтэй.

Академич

Х.НАМСРАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *