Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ээлжит хурал 2016 оны 6 дугаар сарын 10-нд болж өнгөрлөө. Хурлаар Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хорооллын Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, бичил 7 орон сууцны хороолол орчим А хэсэгчилсэн талбайн гадна ус хангамж, ариутгах татуургын барилга угсралт, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, А хэсэгчилсэн талбайд хийгдэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэв. Мөн Баянзүрх дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, гадна холбооны барилга угсралтын ажлын гэрээ, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийн ажил зэргийг гүйцэтгэх гэрээг сунгах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гэр хороололд иж бүрэн орон сууцны хороолол барихад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг дэд бүтцийн асуудлыг нийслэлээс шийдвэрлэж, дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авсаар байна гэж Нийслэлийн Гэр хороолын Хөгжлийн газраас мэдээллээ.