Перуд болж буй авто спортын “Дакар ралли 2019” уралдаан өндөрлөхөд ганцхан өдрийн гараа үлдлээ. Өнөө шөнө 10 дахь гараа болсноор энэ жилийн уралдааны ялагчид тодорно. Авто машины SxS ангиллын дөрвөн дугуйтад өрсөлдөж байгаа Монголын баг өчигдөр болсон ес дэх гарааг амжилттай дуусгаж, 31-р байрт барианд оржээ. Одоогоор ах, дүү Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар нийлбэр дүнгээр 32-р байрт бичигдэж байна. Мөн UTV open ангилалдаа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж эхэлжээ. Өнөө шөнө сүүлийн 10 дахь гараа болж, тамирчдын эцсийн дүн гарна.
“Дакар ралли” өндөрлөх дөхөх тусам замын дундаас техникийн болон бусад шалтгаанаар тамирчид гарсаар байна. Мотоциклийн ангилалд дөрөвдүгээр байрт бичигдэж байсан “Yamaha” багийн тамирчин Ван Вэверэн харамсалтайгаар замаасаа гарчээ. Түүний мотоциклийн хөдөлгүүрт асуудал гарсан учраас цааш уралдах боломжгүй болсон байна. Мөн авто машины ангилалд өрсөлдөж байгаа хэд хэдэн оролцогчид техникийн саатлын улмаас байр ухарсан байна.
Энэ жилийн Дакар раллид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа “Dakar 2019 Team Mongolia” баг өнөө шөнө сүүлийн уралдаанаа хийснээр Монголын багийн түүхэн амжилтыг үзүүлэх юм. Хэдийгээр мотоциклийн төрөлд оролцсон Н.Лхамаа зургаа дахь гараанаас цааш уралдах боломжгүй болсон ч ах, дүү мастерууд уралдаанаа амжилттай үргэлжлүүлж байна. 41 дэх удаагийн Дакар раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр оролцож байгаагаас дүнгээ гаргахад ганцхан өдрийн гараа үлдлээ. Перугийн Лима хотод 10 хоногийн өмнө нээлтээ хийсэн авто мастеруудын уралдааны ялагчид тодроход хэдхэн цаг үлдлээ.