Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллэв. Хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд гааль дээр давтагдаж байгаа аж. Мөн арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлсэн юм. Өнгөрсөн оны байдлаар санаатай болон санаандгүй байдлаар Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2028 зөрчлийг илрүүлсэн байна. Үүний 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байжээ. Иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг сануулсан юм. “Гаалийн харилцаанд оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хамгийн түгээмэл үйлдэж буй зөрчил нь татвараас зайлсхийх зөрчил байгаа. Гаалийн байгууллага нэг ч төгрөгийн илүү татвар авах ёсгүй. Мөн нэг ч төгрөгийн татвар дутуу авах ёсгүй. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага 325 хууль бус үйлдлийг илрүүлсэн. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн. Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байна” гэдгийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч. Тамираа хэлсэн юм.Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нь нягталж үзэхийг анхааруулж байлаа. Хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж завдаж буй бүтээгдэхүүниий ихэнхийг дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүн байгаа аж. Энэ оны эхний хоёр сарын байдлаар хар тамхитай холбоотой 5 зөрчилтэй үйлдлийг илрүүлсэн байна.
П. САЙНЖАРГАЛ