“Говь Хянганд тулалдсан нь” киног хийхээр ид ажил өрнөж байсан 1972 он. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Д.Сумхүү гуай Мао Зэдуны дүрд тоглуулах жүжигчинг хайж өдрийн бодол шөнийн зүүд болж байжээ. Шөнө унтахаар хэвтэж байгаад гэнэт “Ёо” хэмээн орилон босч ирээд Маогийн дүрд тоглуулах жүжигчнээ олсондоо учиргүй баярлаж гэртээ байсан ганц шил юмнаасаа аяганд хийгээд залгилсан гэдэг. Ёо гэдэг нь жүжигчин Ёоторын Гантөмөрийг хэлсэн аж. Найруулагч Д.Сумхүү маргааш өглөө нь босоод шууд л Драмын театрт ирж түүнтэй уулзжээ. Ийнхүү Ё.Гантөмөр гуай Мао Зэдуны дүрд тоглох шахсан түүхтэй.
Тухайн үед Драмын театрт Гантөмөр нэртэй хоёр жүжигчин байсан. Нэг нь Ардын жүжигчин агсан Ц.Гантөмөр. Тэднийг хооронд нь ялгахын тулд нөгөөг нь цагаан Ганаа гэх болжээ. “Агуйн нууц”, “Саруул талын ерөөл”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” зэрэг кинонуудад тоглон, үзэгч олны танил болсон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ё.Гантөмөрийнд бид энэ удаад өнжсөн юм. Гэрт нь очиход тэрээр ач зээ нараа тойруулчихсан хөзөр, шатар тоглосон шигээ сууж байв. Хоёр охин, нэг хүү бүгд л “Өвөө, өвөө” гэцгээн ам амандаа шулганана. “Та гуравхан ач, зээтэй юм уу” гэхэд “Үгүй, бараг арав гарсан. Зарим нь гэртээ байгаа. Уг нь бол олон байгаасай гэж боддог юм. Энэ хүүхдүүд чинь олигтой өндөглөж өгөхгүй юм” гээд инээмсэглэж билээ.
Цагаан Ганаа гуай ануухан, их сайхан харагдаж байлаа. Инээмсэглэх нь хүртэл нэг л сайхан. Яагаад цагаан Ганаа гэдэг болсон нь ойлгомжтой. Тэрээр цаанаа л нэг нямбай, цэмцгэр, мэргэжлийн жүжигчин хүн болохоор ярьж, хөдөлж, алхаж байгаа нь хүртэл цэгцтэй. Ярихаараа сэтгэл нь ихэд хөдөлнө.
Дээр дурдсан “Говь Хянганд тулалдсан нь” кинонд Мао Зэдун гардаггүй, яагаад өөрийг нь тоглуулах тухай яригдсан талаар хамгийн түрүүн сонирхов. Киноны зохиолд бичсэнээр Хятадын экс удирдагчтай хэсэг байсан гэнэ. Тиймээс найруулагч нь түүний дүрд тоглох хүнийг хайж нэг хэсэгтээ л бөөн юм болжээ. Гэтэл тухайн үед нам, засгийг тэргүүлж байсан Ю.Цэдэнбал гуай “Улс төрийн асуудал хүнд байхад Жү Дэ, Дян Сяопин, Мао Зэдун гурвын хэрэг байгаа юм уу” гэж хэлээд болиулсан байна. Драмын театрынхан цагаан Ганааг цаашлуулж “Чи мөн азгүй хүн шүү. Хэрвээ Маогийн дүрд тоглочихсон бол цаад хятадууд чинь нэрэлхсэндээ байдаг одон медалиараа чиний энгэрийг мялааж, Хятадад хүртэл урьж аваачаад бөөн юм болох байсан даа” гэдэг байжээ.
Ё.Гантөмөр гуай Архангай аймгийн Цэцэрлэг суманд тавдугаар сарын нэгэнд буюу олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр төржээ. Аав Ёотор нь Архангай аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах газарт, ээж нь цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байжээ. Ё.Гантөмөр гуай бүр багаасаа л урлагт өөрийн эрхгүй дурласан гэдэг. 1960-1970-аад оны үе. “Сүхбаатар”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Газар уснаа явагч” зэрэг кинонууд аймаг дээр гардаг байж. Киноны тасалбар нэг төгрөгийн үнэтэй. Гантөмөр хүү ч тэдгээрийг уйгагүй дахин дахин үзнэ. Мөнгө л олдвол кино үзнэ. Ээж, ааваасаа мөнгө гуйж нэг үзнэ. Найз Тунгалаг, Алтангэрэл хоёртойгоо нийлээд үзсэн киноныхоо хэсгээс дуурайж тоглоно. Тунгалаг нь Ариунаа, Алтангэрэл нь Дүлзэн болж Гантөмөр гуай өөрөө цагаан цэргийн генерал болно. Сэлэм зүүчихээд л Сүхбаатарыг дуурайгаад “Миний баруун гар ядрах болоогүй” гээд сэлмээ сугалдаг байснаа дурсан ярив.
Бас сургуулийнхаа драмын дугуйланд явна. Яагаад сэтгэл нь урлагт татагдсанаа өөрөө ч тайлбарлаж мэдэхгүй байлаа. Түүнийг есдүгээр ангийн сурагч байхад Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай бригадаар Архангай аймагт очиж байсныг ярив. Амидаатайгаа анх ингэж учирсан түүхтэй. Түүнийг харж, ярихыг нь сонсох тэр мөч одоо болтол санаасаа нь гардаггүй гэнэ. “Од” шүлэг уншсан нь сэтгэл зүрхийг нь хамгийн ихээр догдлуулснаа ярихдаа Ё.Гантөмөр гуайн нүд цаанаасаа гялалзаж байлаа.
Дунд сургуулиа төгсөх дөхөж, жүжигчний ангид элсэлт авахаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров тэргүүтэй элсэлтийн шалгалтынхан Архангай аймагт очиж. Сурагч Ё.Гантөмөр ч шалгуулаад амжив. Янз бүрийн этюд хийлгэсэн гэнэ. “Нэг сайн найз чинь онгоцоор яваад өглөө гэж бодъё. Чи яахав, этюдээр үзүүл” гээд л. Шүлэг уншуулж, дуу дуулуулж авьяастай эсэхийг нь мэдэхээр янз бүрээр үзсэн гэнэ. Ямар ч байсан Ёотор гуайн эрх банди Гантөмөр Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид тэнцжээ. Дашрамд дурдахад аав, ээж хоёр нь хүүгээ хачин их эрхлүүлдэг байсан гэнэ. Наймдугаар ангид байхад нь мотоцикль авч өгч, дөрөвдүгээр ангид байхад аав нь дуран хараатай калибраар буудуулж байжээ. Тиймээс ч анх эхнэртэйгээ гэр бүл болоход хүмүүс “Нэг нь айлын эрх хүүхэд, нөгөө нь айлын том. Энэ хоёр бүтэхгүй” хэмээн ярьж байсан гэдэг.
Гантөмөр хүү Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцахаар Улаанбаатарыг зорив. 1967 онд тус сургуульд орсон хэсэг залуус 1971 онд жүжигчин, найруулагч гэсэн мэргэжлээр дүүргэсэн. Эдний ангийнхан бараг бүгд Монголын урлагт өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсан нэртэй зүтгэлтнүүд болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Ё.Гантөмөр гуай дээд сургуулийнхаа ангийн монтажийг үзүүлэхэд дэлгэцнээ олны танил болсон жүжигчид нэлээд харагдав. Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Гарын таван хуруу” киноны Шагдарын эхнэрийн дүрээр бид бүхний танил болсон Ш.Цэцэгээ, “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрийг бүтээсэн Ш.Дэлгэржаргал, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр, Сүхбаатарын гэргий Янжмаад тоглосон Д.Нямаа, “Ичээнд нь” кинонд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Монгол Улсын Соёлын тэргүүн ажилтан жүжигчин Б.Цэцэгбалжид, UBS телевизийн найруулгч С.Болд, Элчин сайдаар гадаадад олон жил суусан Ж.Ломбо гээд л.
Ё.Гантөмөр хоёрдугаар курсын оюутан байхдаа “Агуйн нууц” кинонд мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Доржийн дүрийг бүтээсэн. Энэ киног үзэгчид маань андахгүй. “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны эрдэмтэн Төрхүүгийн дүрээр нь хүмүүс сайн танина. “Саруул талын ерөөл” кинонд Монголын нэрт зохиолч С.Буяннэмэхийн дүрд тоглохдоо түүний амьдрал, уран бүтээлийг нэлээд судалсан тухайгаа ярив. Дээд сургуулиа төгсөхдөө кинонд тоглочихсон, чамгүй туршлага хуримтлуулсан байв. Драмын театрт жүжигчнээр авах хүүхдүүдийн жагсаалтын хамгийн нэгдүгээрт түүний нэр бичээстэй байсан гэдэг. Үүнийг сонсоод бөөн баяр хөөр болж байжээ. 20 настайдаа дэлгэцнээ анхныхаа дүрийг мөнхөлж, 23 настайдаа Драмын театрт жүжигчин болсон түүхтэй. Тэр үед театр бидний ярьдгаар алтан үеийнхэн тэр чигээрээ ажиллаж байсныг дурсаад “Би ч их азтай хүн шүү. Театрт ч маш сайхан хамт олонтой байсан үе” гэв. Алтан үеийнх гэгддэг Монголын театрын урлагийн тулгын чулууг тавилцсан жүжигчдээс хэнтэй нь илүү ойр дотно байсан, хэн нь илүү байсан талаар сонирхоход “Тэр энэ гэж хэлэхийн аргагүй. Бүгд л их сайн ханддаг, сайхан хүмүүс байсан. Ах, дүү, ээж аав шиг л байлаа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Лха.Долгор хоёртой илүү ойр ажилладаг байсан юм уу даа” гэв. Ё.Гантөмөр гуайг театрт ирэхэд алтан үеийнхнээс хоёр л хүн байгаагүй гэнэ. Цагааны Цэгмид, Цэндхүү хоёр аж. Жүжигчин болоод хамгийн түрүүн “Отелло”-д тоглохдоо Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайтай илүү ойр хамтран ажилласнаа дурсав. Жүжигт тоглохдоо юу хэлж байгаагаа ч сайн ойлгохгүй байсан, тэгэхэд Г.Гомбосүрэн гуай “Чи юу хийчихээд ирэв ээ” гэж ч хэлж байсан гэв.
Тэрээр Б.Брехтийн “Эхийн сэтгэл” жүжгийн Симон Хахавагийн дүрээр дипломынхоо ажлыг хамгаалж, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Мэндбаяр хоёртой хамтран тоглосон байна. Дипломоо онц хамгаалаад театрт ирэхэд хоёр дахь Гантөмөр ирлээ ч гэж ярьж байсан гэдэг. Энэ үеэс цагаан Ганаа гэгдэх болсон.
Д.Намдаг гуайн бүтээл болох “Оролмаа” жүжиг бол түүнийг жинхэнэ уран бүтээлч болгосон аж. Жүжигт тоглох гэтэл хөдөлгөөнийг нь хөшүүн байна гээд ийш тийш нь баахан алхуулж байсан гэнэ. Ё.Гантөмөр гуай Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн найруулсан хэд хэдэн кинонд тоглосон. “Сахиул уу, сахиус уу” киноны данжаадын дүрийг тун ч сайн гаргасныг үзэгчид маань сайн мэддэг.
Драмын театрын жүжигчин маань яаж яваад хурандаа цолтой болж цэрэгтэй амьдралаа холбосон талаар асуухгүй байж чадсангүй.Тухайн үеийн нөхцөл байдлын улмаас тайзаа орхисон хэмээн тайлбарлав. 14 жил ажилласан театраа орхиход амаргүй байжээ. Түүнийг театраас явсны дараахан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам тэндээс явж дараа нь Д.Равдан, Д.Тунгалаг, Л.Чаминчулуун нар гарсан байна. Эдгээр цуг ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөд нь гавьяат болсонд ихэд баярладаг гэдгийг заавал бичээрэй хэмээн захиж билээ. “Идэр залуу насандаа ажаа нь үгүй явлаа даа” гэдэг шиг, шударга хүний хүү аливаа дутагдлыг хараад дуугүй өнгөрч чадаагүй аж. “Театр гэдэг чинь ариун сүм гэж багш нар маань хэлдэг байсан. Гэтэл энд үнэн юм алга. Хэн нь гавшгайч, хэн нь гавьяат болохов гэдгээ мэддэг болчихож” гэж хэлснээс болж хамаг юм буруугаар эргэжээ. Дарга, даамлууд ч хавчиж эхэлсэн байна. Энэ зовлонгоо хэнтэйгээ хуваалцах билээ. Хар багаасаа ханилсан эхнэртээ хэлэхэд “Чи хоёрын хоёр дипломтой байж” гэж зоригжуулжээ.
Ё.Гантөмөр гуайн хадам аав, эхнэр, эхнэрийнх нь дүү нар бүгд цэргийн хүмүүс. Хадам аав нь хуучнаар Барилгын цэргийн ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга асан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин, хурандаа Д.Бямбаа гэдэг хүн байсан. Дашрамд дурдахад, хадам аавынх нь насны ой саяхан тохиожээ. Жүжигчний маань эхнэр Б.Эрдэнэчимэг 073 дугаар ангид нууцын эрхлэгчээр ажиллаж байгаад өдгөө гавьяаны амралтанд суугаа. Ё.Гантөмөр гуайн ууган хүү Г.Эрдэнэбаатар нь Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга. Цэргийн хүн, мөн л хурандаа цолтой.
Хурандаа цолтой жүжигчин маань 40 нас хүрсэн хойноо цэргийн хүн болсон гэнэ. Жүжигчин хүнд театр, тэр тусмаа тайзаа орхин явна гэдэг мэдээжийн хэрэг тун ч амаргүй. Энэ тухайгаа дахин дахин ярихдаа урт гэгчийн амьсгаа авч байлаа. Театраас явсныхаа дараа нэг хэсэгтээ л тайзаа байнга зүүдэлдэг байсан гэнэ. Одоо ч урлагийн ариун сүм гэгддэг театрынхаа тайзан дээр Г.Гомбосүрэн багштайгаа сургуулилт хийж байна гэсэн зүүд салдаггүй аж.
Театраасаа гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагад сурган хүмүүжүүлэгчээр нэлээд олон жил ажилласан. Анх цэргийн газар ажилд ороход нь есөн сарын турш энгийн байлгаж байгаад шууд л ахлах дэслэгч цол өгсөн гэнэ.
Тэрээр Марксизм-Ленинизмийн дээд сургуулийг оройгоор төгссөн нь цаг хатуу үед их тус болжээ. Драмын театрт түүн шиг хоёр дипломтой жүжигчин байгаагүй гэнэ.
Ё.Гантөмөр гуай хорих ангийн байгууллагад үнэнч сэтгэлээр олон жил зүтгэсэн. Тиймээс ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан болжээ. Олон жил ажилласан болохоор өөрийгөө цэргийн хүн гэдэг. Тэнд ажиллаж байхдаа “Буян” компанийн Жаргалсайхантай ажил хэргийн шугамаар хамтарсан тухайгаа дурсав. Тус компани нь Засан хүмүүжүүлэх газар хоригдож байсан хүмүүсийг ажиллуулдаг байсан нь хүмүүжиж байсан хүмүүст ихэд эерэгээр нөлөөлсөн аж.
Ё.Гантөмөр гуайнх зургаан хүүхэдтэй. Хамгийн том хүү нь цэргийн хүн, дараагийнх нь Хот тохижуулах газарт тэгээд сувилагч, хувиараа бизнес эрхэлдэг гээд хүүхдүүд нь янз бүрийн ажил эрхэлдэг. Харин жүжигчний мэргэжлийг нь өвлөсөн хүүхэд байхгүй гэв. Гэхдээ ач, зээ нар нь өвөө шигээ урлагийн хүн болох ч юм бил үү. Ямар ч байсан хамгийн бага зээ охин Э.Энхдалай нь өвөө шигээ цэргийн хурандаа болно гэж ярьдаг гэнэ. Хамгийн сүүлд Ё.Гантөмөр гуай Ж.Батмөнх гуайн тухай “Бүү март” кинонд Улс төрийн товчооны гишүүн Б.Ламжавын дүрд тоглосон. Нэг сайхан лам хүний дүрд тоглох юмсан хэмээн бодож явдаг байжээ. Энэ хүслээ биелүүлж “Цагаан Дарь эх” кинонд Шанзав ламын дүрийг бүтээсэн гэнэ.
Архангай аймгаас урлаг, соёлын олон алдартан төржээ. Тэднийг бүгдийг нь дурдах юм бол дуусахгүй, зөвхөн Ардын жүжигчин гэхэд л Д.Ичинхорлоо, Ц.Гантөмөр, Д.Чимэд-Осор гээд гурван хүн бий хэмээн тэрээр онцлон дурдаж байлаа. Үүнийг ч заавал оруулж өгөөрэй хэмээн захисан юм.
Театр, урлагийн талаар ярихад өөрийн эрхгүй сэтгэл нь догдолж үе үе санаа алдана. Урлагийн эх уурхай болсон Кино үйлдвэр, цирк хоёрыг хувьчилж үгүй болгосонд хамгийн ихээр эмзэглэж явдаг хэмээн түүний харц нэг л гунигтай болов. Гэтэл ач, зээ нар нь “Өвөө, өвөө” гэсээр гүйлдэж ирээд л юм асууна. Тэднтэйгээ ярих зуур нүдэн дэх гунигийн сүүдэр нь тэр дороо алга болчихов. “Би ч эд нартайгаа тоглож, хүүхэдтэй хүүхэд болоод л сууж байдаг хүн дээ” гэв. Ингэж хэлэхэд “Хань” киноны архитекторын дүрд тоглосон цаанаа нэг цэвэрхэн тэр төрх яг л хэвээрээ харагдав.
Гэрэл зургуудыг ц.Мягмарсүрэн