Categories
гадаад мэдээ

Дайны ирмэгт


ОХУ-ын https://news.ram­bler.ru сайт дээр энэ сарын 8-нд хэвлэгдсэн “Ивашов Леонид Григорьевич предложил Путину уйти в отставку” буюу бэлтгэл хурандаа генерал Леонид Григорьевич Ивашов ерөнхийлөгч В.Путиныг огцрохыг шаардсан «Канун войны-Дайны ирмэгт» мэдэгдлийг товчлон хүргэж байна.


Өнөөдөр хүн төрөлхтөн дайны ирмэг дээр амьдарч байна. Дайн гэдэг нь олон хүн амь үрэгдэж, олон сая хүнийг уй гашууд умбуулж улс, иргэдийн жирийн амьдралыг сүйтгэж, сүйрүүлдэг үйл явц. Харин том дайн гэдэг нь аугаа их гай гамшиг төдийгүй хэн нэгний маш том гэмт хэрэг. Болж магадгүй байгаа энэхүү гай гамшгийн төв нь өнөөдөр Орос болчихоод байна. Манай улс түүхэндээ анх удаа ийм байдалд орчихоод байна. Урьд нь бид улс болон иргэдийн амин чухал эрх ашгийг хамгаалж дайтахаас өөр аргагүй болсон нөхцөлд л дайн хийдэг байсан.

Өнөөдөр Оросын оршин тогтнолд яг юу заналхийлж байгаа юм бэ? Ерөөс аюул учруулаад байгаа зүйл байгаа юм уу? Гэхдээ Орос улс маань түүхэн төгсгөлийнхөө ирмэгт тулчихаад байгаа нь харин үнэн. Иргэдийн нөхөн төлжилтөөс авахуулаад улсын амин чухал бүх салбар уналтад орж, бид үхэгсдийн тоогоор дэлхийд тэргүүлэх болов. Уналтад орсон нэг салбар бусад салбараа татан унагадаг нь нийгмийн хууль. Бидний үзэж буйгаар энэ л манай ОХУ-д учраад буй том аюул юм. Энэ бол манай улсын төр, засгийн тогтолцооны чанар, онцлог, чадваргүй бас арчаагүй байдал, нийгмийн нөхцөлөөс үүдсэн дотоодын аюул юм. Ийм байдалд орсон ямар ч улс удаан оршин тогтнож чаддаггүй. Манай улсад гадаад аюул мэдээж байгаа. Гэхдээ мэргэжлийн биднийхээр бол одоогоор түгшүүр төрүүлэх гадаад аюул гэхээр зүйл алга байна.

Цөмийн зэвсэг найдвартай хяналтад, НАТО бидэнд заналхийлээгүй байна. Иймээс Украиныг тойрсон хурцадмал асуудал бол зохиомлоор бий болгосон Оросын дотоодоос гаралтай зүйл юм. Украинаас Крым, Севастополийг ОХУ булаан авсан нь дэлхийн ихэнх улсын эсэргүүцэлтэй тулгарч буй нь манай улсын гадаад харилцааны чадваргүй болсны илэрхийлэл юм. Тулган шаардалт, заналхийлэл, цэргийн хүчээр айлгаж ОХУ болон түүний удирдлагыг “хайрлуулах” бодлого нь ухаангүй бас маш аюултай үйлдэл. Украинд цэрэг оруулах нь нэгдүгээрт, ОХУ-ын бүрэн бүтэн байдалд аюул учруулна. Хоёрдугаарт, орос, украин ахан дүүсийг хэзээ ч эвлэршгүй дайсан болгоно. Гуравдугаарт, олон сайхан залуус амь үрэгдэж мөхөн цөөрч буй манай улсын хүн амын нөхөн төлжилт, цаашдын хөгжилд маш том гай тарина. Энэ дайн гарвал оросууд украинчуудаас гадна бидэнд дайн зарлахаас өөр аргагүй болох НАТО-гийн гишүүн улсуудын цэргүүдтэй байлдах хэрэгтэй болно. Бас Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган дайн гарвал хэний талд зогсохоо шууд илэрхийлсэн.Дайн дэгдвэл Турк Крым, Севастополийг “чөлөөлж” Кавказын нуруунд цөмрөн орох нь тодорхой. Харин Орос дэлхий нийтийн маш хүнд хоригт орж сүйрнэ. Үүнийг ойлгохгүй тэнэг ерөнхийлөгч, төр, засаг, батлан хамгаалахын сайд гэж байхгүй. Тэгвэл тэд биднийг дайны ирмэгт авчирч, Украины хил дээр хоёр талаас 100 мянган цэрэг цуглуулаад буйн цаад үнэн шалтгаан нь юу байж таарах вэ? Бидний үзэж буйгаар Оросын өнөөгийн төр, засаг улсаа авлигад бүрэн автсан системийн хямралаас гаргаж чадахгүйгээс иргэдийн бослого дэгдэж үр дүнд нь улсын удирдлага солигдоно гэдгийг маш сайн мэдэж байна. Иймээс тэдэнд хулгайлсан хөрөнгөө хамгаалж, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг төр, засгаа түр ч гэсэн оршин байлгахын тулд цаг хожих дайн хийхээс өөр арга үгүй болсон байна. Бидэнд өөр тайлбар олдохгүй байна. Иймээс орос офицерууд бид ОХУ-ын ерөнхийлөгчөөс барууны улсуудын эсрэг ганцаар, дайн өдөөх гэж буй гэмт үйлдэл болох гадаад бодлогоо зогсоож, ОХУ-ын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн огцрохыг шаардаж байна. Мөн Оросын бүх бэлтгэл офицер болон бүх иргэдэд хандан “Бүх Оросын офицеруудын цуглаан”-ны энэхүү мэдэгдлийг дэмжиж, дайнд турхирсан аливаа суртал ухуулга, үйлдлийн эсрэг бат зогсож, иргэдийнхээ дунд ямарваа хагарал гаргалгүй болгоомж, сэрэмжтэй байж цэргийн хүч хэрэглэх шалтаг гаргахгүй байхыг уриалж байна.

“Бүх Оросын офицеруудын цуглаан”-ны тэргүүн, хурандаа генерал Ивашов Л.Г

Орчуулсан Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *