Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дайдаа, эмээ, пионер гурав

НЭГ. НУУЦ ГЭГЭЭН

Гэгээнтний нэрийг анх “Андиа”, “Агент гуай” гэж дуулсан санагдана. Жараад оны сүүлээр, манай Шарав ах тэднийхний хүргэн болсон юм. Миний эмээ ээж Балбарын (Жамбалын) Содномдамба надад хэлэхдээ “Шарав ах чинь тэдний хүргэн болсон учраас “Дайдаа” гэж дуудах хэрэгтэй” гэж хэлсэн. Гэгээнтнийг төрөл саднууд нь “Дайдаа” гэж авгайлдаг, харин гол усныхан нь Андиа гэдэг, тэгээд алсрах тусмаа “Агент гуай” гэхчлэн нэр цээрлэдэг байсан юм. О.Шарав ахыг дагаад манайхан гэгээнтэнд нэг шат дөхөж, төрөл садны хүрээлэлд багтсан тул “Дайдаа” гэж арай дотночлон дуудах эрхтэй гэж эмээ маань үзсэн хэрэг. Харин гэгээнтэн гэж юу болох, түүнийг хэрхэн тодруулсан, хутагтын солдивийг хэрхэн “намын улаан батлах”-аар өнгөлөн далдалж үлдээсэн зэргийг аажим аажмаар ухаарсан бөлгөө.

Ингээд сургуульд орж сумын төв бараадсанаас хойш Дайдаа хэмээх тэр хүнтэй Шарав ахынд голдуу байнга тааралдах болсон юм. Эмээ маань голдуу л элдэв шид үзүүлсэн, хутагт гэгээний гайхамшгийг баталсан явдлуудыг нь надад сонирхуулан хуучилдаг байв. Харин Дайдааг өөрийг нь харахад тийм шидийг үзүүлэх, сүр харуулах явдлаас хол хөндий, жирийн л хүн шиг санагддаг байж.

Жирийн гэснээс миний үеийнхний шүтлэг бишрэл их өвөрмөц. Албан байгууллага, сургууль соёлын орчинд бол бид шашнаас бүрэн ангижирсан нийгэмд амьдарч байлаа. Хэдийгээр БНМАУ-ын Үндсэн хуульд, иргэд шашин шүтэх эрхтэй гэж заасан байх боловч нам, эвлэл, пионерийн гишүүд шашин шүтэж болохгүй дүрэмтэй. Сургуульд сурах, ажил алба эрхлэхийн тулд МАХН, МХЗЭ, МПБ-ийн гишүүн байх учиртай. Гэтэл, миний л мэдэхээр манай сумынхан, нам эвлэлгүй эмээгээс маань эхлээд, пионерийн улаан бүчтэй намайг хүртэл нам засгаас илүү, Андиа гэгээний хамааралтнууд болчихоод байдаг. Нэг иймэрхүү, хоёр нүүртэй нийгэмд бид бойжсон юм. Яг л Р.Л. Стивенсоны “Доктор Жакиль, ноён Хайд” зохиолын хоёр амьдралтай баатар шиг, Нарны гэрэлд гуйвшгүй марксист, эвлэршгүй атейст боловч гэр орон сэтгэл зүрхэндээ бурхны шашинтан, шүтлэгтнүүд болон амьдарч байлаа.

Нэг талаас хувьсгалт үзэл суртал чангааж, нөгөө талаас нь эмээгийн уламжлалт шүтлэг уяад, миний үзэл санаа яг л В.Брехтийн “Цэрдэн тойрог”-т орсон мэт байв. Энэ бол дорно дахины хүүхэд булаалдсан эмэгтэйчүүдийн домгоос сэдэвлэсэн бүтээл л дээ. Шүүгч маргааныг шийдэхийн тулд шохойгоор тойрог зураад, хүүхдийг голд нь хийнэ. Тэгээд булаалдагч талууд хүүхдийг өөр өөрийн тал руу татаж гаргах үүрэг хүлээнэ. Төрсөн эх нь хүүгийнхээ хааг ханзлахаас эмээн, гараа сулруулдаг. Үүнийг ажигласан шүүгч шийдвэрээ гаргадаг.

Эмээ маань ч гэсэн намайг цаг үетэйгээ зохицохгүй амьтан болоод өөрийгээ хөнөөхийг хүсэхгүй учраас, гараа алхам алхмаар, тэгэхдээ маш ухаалгаар суллаж байсан нь сонин. Түүнийхээр бол, ач хүү нь шашинтан болохгүй юмаа гэхэд, шашны дайсан болон өсч хүмүүжихгүй байх нигууртай ажаам.

Шашингүйн сургалт, уншсан соцреалист зохиолуудынхаа нөлөөгөөр “бяцхан марксист” царайлаад эмээтэй маргана аа, бас. Тэр тоолонд эмээ маань “Чи олон юмыг том болоод гүйцэд ухаарна. Тэр болтлоо ажиглаал явж бай. Энэ олон дарга нар чинь өдөр нь хэнхэглэж хэнхэглэчихээд, шөнө нь болохоор сарны гэрэлд товч нь гялтганаад л Дайдаа руу чинь цувардаг юм” гээл тасхийдэгсэн. “ Сарны гэрэлд товч нь гялалзаад…” гэдэг нь ийм учиртай, Аюулаас хамгаалах, Сэргийлэхийнхний шинелийн алтлаг товчийг хэлж байгаа юм.

Хөгшин ээж маань намайг Дайдаа гэгээнд даатгах талын ажлыг миний оролцоогүйгээр хийх боловч зарим нэг зан үйлд оролцохоос аргагүйд хүрнэ. Жишээ нь намар сургуульд мордохын өмнө эмээ маань сайн өдөр товлоод “Эрдэм номын орон руу мөрөө гаргах” ёслол хийнэ. Эмээгийн заасан өдөр цагт, морио унаж цүнхээ үүрэн, сайн зүгтээ мордоно. Яг л сургуульд явж байгаа юм шиг “баяртай, эрдэм ном сайн сураарай” энээ тэрээ болоод л явна шүү дээ. Гол нь ийм явдал болоод байгааг төр засаг байтугай, ойр хавийн айлууд ч мэдэхгүй өнгөрнө. Чухам энэхүү нууц ёслол маань жигтэйхэн сонирхолтой болж, яг л тагнуул туршуул, нууц ажиллагаанд оролцож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэгсэн. Сүүл сүүлдээ, жаахан архагшаад, залхуу болоод “Өнөөдөр, мөрөө гаргачлаа гээд бодчихвол болох юм биш үү” гэхчлэн гурилдахыг санаархах болж билээ.

Судлаачдын хэлдгээр хүн нь сэтгэлийн амьтан учраас, шүтэн бишрэх нь оюун ухаант хомосапиенсын үндсэн шинж болдог гэнэ. Шашныг нь хааж боогоод ирэхээр юу ч хамаагүй шүтдэг, тэр бүү хэл шашинтай тэмцэх үзэл санаагаар шүтлэгээ орлуулдаг байна. Үнэн хэрэгтээ, “бурхан байгаа гэдэгт бат итгэх”, “бурхан байхгүй гэдэгт эргэлзээгүй үнэмших” хоёр бол нэг зоосны хоёр тал л юм даа.

Манай орон нутагт ч үл шүтэх явдал нь өөрөө мухар сүсэг болсон хүмүүс мэр сэр байх. Үр хүүхдийг нь бодоод нэрийг нь хэлж хэрэггүй нэг хүн юм үнэртүүлчихсэн орж ирээд эмээг маань зул өргөлөө гэж загнаад байсан. Тэр хүн “Хайран шар тосоо зул өргөж үрэхийн оронд өөрөө идэх хэрэгтэй” гэж “зөвлөсөн” ажгуу. Сандарсан эмээ маань Шарав ахтай яаралтай зөвлөлдөж, дахиад ингэж шаардвал сумын төв дээр байх хугацаандаа “бурхнаа зулаар таслах” шийдэлд хүрч билээ. Аз болоход тийм юм болоогүй өнгөрсөн.

Ингээд бодохоор, Дайдааг шашны асуудлаар дээш доош нь алтан хошуу өргөх явдал байсан л байх гэж бодогддог. Гагцхүү өөртөө “намын гишүүн бөгөөд худалдааны салбарын тэргүүний ажилтан, үлгэр жишээ социализм байгуулагч” гэсэн хана хэрэм амжин босгож чадсан нь гайгүй сайн хэрэм хамгаалалт болсон болов уу? Нөгөө талаасаа, сум орны жирийн ардууд байтугай, эрх мэдлийн тодорхой өндөрлөгт хүрсэн олон хүн түүнийг үл тасрах шашин шүтлэгийн алтан хэлхээсийн нэгэн уулзвар гэдэг утгаар нь сэм далд хүндэтгэн хамгаалдаг ч байсан байх.

ХОЁР. ШАНЗАВ БА ОНГОЦ

Дайдаа намайг ном уншдаг хүүхэд гэсэн хэмээн нэгэнтээ магтаж байсан юм. Нэг удаа Шарав ахынд тааралдаад “хамгийн сүүлд ямар ном уншив” хэмээн асуулаа. Би тэгэхэд С.Дашдэндэвийн “Улаан наран” хэмээх хувьсгалч романыг уншиж таарлаа. Уг номонд гардаг “Урвагч шанзав Бадамдорж, Богд нар хэрхэн эх орноо худалдаж байгаа” хэсгийг урам зориг дүүрэн ярьж өгөөд магтаал хүлээн маасайв. Гэтэл Дайдаагийн царай барайж байснаа “Дэмий юм уншиж байхын оронд хичээлээ давтаж бай. Харин тэр онгоцоо хийсэн нь дээр” хэмээн тун ч янзгүй хэлж билээ. Би мааш их гайхлаа. Ном уншдаг сайн хүү гэж магтаж байсан атлаа, уншсан номоо ярихаар уурладгийн учир юу билээ гэж бодоод бодоод учрыг нь олсонгүй. Олоо ч үгүй. Бас ном уншихаа болио ч үгүй.

Хожим эргэн санахнаа, доромжлогдон гутаагдсан шашин, эвдэгдсэн санваарынх нь тухай мартаж ядаж явсан гунигт дурсамжийг нь тун ч эвгүйгээр хөндсөн юм билээ. Ялангуяа шинэ залуу үеийнхэн нь үндэсний шашин суртал, хутагт гэгээдийн талаарх хувьсгалт гүтгэлэгт үнэмшиж хөөрсөн амьтад болон өсч байгааг харах ч гашуун байсан буйзаа.

Харин энэ мөрүүдийг тэрлэж байхад, “Г.Бадамдорж: шар хүнийг харлуулсан түүх” хэмээх ном маань яг хэвлэгдэж, зууны турш гүтгэгдэж, хэлмэгдэн доромжлогдсон нэгэн санваартанд зориулсан миний бяцхан өмгөөлөл нийтэд түгэхээр завдан буй нь бас л нэгэн учир ерөөлийн зангилгаа буйзаа.

Дээр өгүүлээд орхисон онгоц бол ийм юм. Манай ангийн Ж.Цогтгэрэл бид хоёр дөрөв, тавдугаар ангид байхдаа, онгоц хийж нисэх гээд, сум даяараа “онигоо” болж байсан юм. Онигоо гэхэд хэцүү юм аа. Хүмүүсийн ихэнх нь биднийг шоолохоосоо илүү, хүсэл мөрөөдлийг маань хүндэтгэн урамшуулж байсан юм. Бидний онгоц хөөрөөгүй ч гэсэн, тэр үед асан дүрэлзсэн хөөрөн нисэх хүсэл мөрөөдлийн жигүүр маань урган төлжсөөр, амьдралын даль жигүүр болсонд эргэлзэх юм үгүй билээ. Дайдаа маань ч, энэ даль жигүүрийг л урамшуулан, аясын салхи хайрлагсдын нэгэн.

ГУРАВ. НУУЦ УТЛАГА.

Дайдаагийн тухай дурсамжуудад хутагт хувилгааны дүвчин зан, мэргэч төлгөчийн араншин огт байдаггүй нь сонин. Нутаг оронд үлдсэн бичигдээгүй хуулиар багачууд бид хол газар сургууль соёлд одохын өмнө Андиа гэгээн дээр очдог байв.

Хүүхдүүдэд түүнд өргөх хадаг яндар, мөнгө төгрөг юу байхав, зүгээр л ороод гарах боловч тэрний цаана, ажил хэргээ даатгах, хүндэтгэл үзүүлэх гээд олон ёс уламжлалын товчлол нуугдаж байдаг билээ. Гэгээнтэн бидэнд сурлагын амжилт хүсч, хичээл номдоо шамдахыг захиад тав, арван төгрөг бэлэглэнэ. Хөгшчүүд уг мөнгийг бараг л сахиус, шүтээн болгон хадгалахыг зөвлөх боловч мань мэт нь яаж тэсэх билээ, чихэр боов, маруужин, хуушуураас л “буян болтугай” гээл өгч орхино.

Хожим олноороо таарах болсон янз бүрийн хувраг дүрмийн улсаас ялгаатай нь хүний юмыг зүгээр аваад, цааш нь тавьчихна гэж байхгүй. Өгсөн юмтай дүйцэх ямар нэгэн зүйлийг “Гар цайлгаж байгаа юм” гээд л буцаагаад барьж байхыг олонтаа харснаа санаж байна. Тэр үед “18-ын торго” гээд нэг метр нь 18 төгрөгийн үнэтэй, дугуй хээтэй торго байв даа. Харж байхад хол ойроос ирсэн цөөнгүй хүн Дайдаад тийм торго бариад, хариу “гар цайлгалт”-нд арай өөр өнгөтэй торго эргүүлээд авч байхыг харсан. Энэ дүрмийг шашин бурхны өмнөөс бусадтай харилцдаг хүмүүс үлгэр болгомоор санагддаг юм.

Харин миний хувьд сүүлд албан хаагч болж, айл орон тэргүүлэх хүртлээ бол “хүүхдийн”, “төрөл садны”, “ядарсан оюутны” гэхчлэнгийн хөнгөлөлтөд багтаж, их төлөв зүгээр ороод, бэлэгтэй гарч явснаа нуух юун.

Дайдаа залууст таарсан бэлэг өгөхдөө, дотор нь юмаа нуудагсан. Хамгийн сүүлд ийм далд бэлэг авсан нь ерээд оны босгон дээр болжээ. Аймгийн сонины эрхлэгчтэй хамт, “бор Ботго”-ын хавьд намаржиж байхад нь очсон юм. Хөндлөнгийн хүний нүдээр харвал, хот газрын сонин, нутаг орны зуншлага гээд ямар ч сэжиггүй яриа өрнүүлээд мордох үед надад сороочгон цамц бэлэглэв. Цамцны захны хавьцаа гялгар уут нь цоорсон байхыг ажигласан нь юмны учир мэддэг мань мэтэд бол их л тодорхой зүйл. Учир нь цоорхойгоор нь Дайдаа гурван бяцхан боодолтой зүйл нуусан байдаг нь арцан утлага, элсэн чихэрт шүншиглэсэн хүртэх рашаан, давсанд шүншиглэсэн угаал үйлдэх рашаан сэлт байдаг билээ.

Айлын гэрт өрөө тасалгаа гэж байх биш, хол ойроос ирэгсэд Дайдаатай уулзаж байхад бишгүй л таарах. Ялангуяа нэг дорын улсууд бол онцгой нууцаасаа бусдыг бол бие биеийнхээ хажууд асуун зөвлөх нь олон. Тэр бүхэнд жирийн ахмад хүн, туршлагатай нэгний байр сууринаас хандсан маягтай зөвлөлгөө өгч байдагсан. Тэрнээс биш “Ингэвэл сайн гэж бууж байна”, “Тэгвэл зөвдөнө”, “Ийм юмнаас болсон байна. Тэндээс гайтаж, тиймэрхүү өнгийн эд байгааг гаргаж хая” гэж дүвчигнэж байхыг үзээгүй, үзсэн хүнээс сонсоогүй болно.

Ухаандаа хэн нэгэн настан хот орж өвөлжих эсэхээ шийдэхээр Дайдаагаас асуулаа гэж бодоход зөв зүйтэй гэдгийг “Хүн байна даа, энэ чинь. Улсынхаа нийслэлийг үзэлгүй яахав дээ. Хот ч гоё шүү дээ” хэмээн урамшуулна. Хэрвээ эсрэгээр нь бол “Ээ, хот ч горьгүй шүү дээ. Цайны сүү олдохгүй, мах ховор. Өвөл сэрүүдээд, хавагнавал яана” гэхчлэнгээр сануулна. Энэ бүхнээс үүдээд бурхан шашин бол зарлиглахаас илүүтэй зөвлөн сануулдаг юм байна гэсэн ойлголт бидэнд үлдсэн билээ.

ДӨРӨВ. ШИНЭ ЦАГТ “ХУУЧИН”-ААРАА ҮЛДСЭН ГЭГЭЭН

Дайдаа бол итгэл найдвар тасарсан бүрэнхийд үлдсэн ганц нууц зул төдийгүй шашин шүтлэгтэй хийсэн хатуу тэмцлийн сүүдрийг даван туулах, эрх чөлөөт үеийг харах хувьтай нэгэн байсан юм.

1990 оноос хойш шашин шүтлэг чөлөөтэй болсон ч Дайдаа өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л болгоомжтой зөвлөгч, сануулан сургагч, хүний өргөсөн зүйлийг дүйцүүлээд гарыг нь цайлгах бэлэг баригч хэвээрээ үлдсэн юм. Харин хол ойроос ил тодоор зорин ирэгсэд нээлттэй ил тод болов. Эмээгийн хэлдэг байсан “Сарны гэрэлд гуулин товч нь гялалзсан” шүтлэгтнүүд ил болтол ихэнх нь аймаг орны удирдлага, том дарга нар байсан байж таарав.

Миний хувьд ч гэрээрээ айлчлан очихдоо илүү хүндлэл хүлээдэг болсон маань яах аргагүй өөрчлөлт байв. Энэ нь намайг ороод л утлагаа сэм аваад гардаг байсан залуу хөвүүн бус хот газраас гэр бүлээрээ айлчлан хамаатан садан хэмээн хүндэлж үзснээс эхтэй юм. Нэг удаа алс газраас ирсэн нэгэн уяач уулзаж байхтай миний айлчин хийх давхцаж тааралдав. Дайдаа тэр хүнд “Та одоо явж үз. Миний төрөл садан ирээд байна. Би тэдэнтэй таван үг солимоор байна” хэмээн явуулж, би танихгүй хүнээс баахан ичингүйрч, бас дотроо хөөрхөн онгирч билээ. Удалгүй Богдын голд зусч байсан хадмындаа иртэл мөнөөх танихгүй хүн маань саахалтынх нь малчин байж таарч энэ тэр.

Хамгийн сүүлд 1996 оны зун уулзлаа. Хүү Ядамдоржийндоо байсан юм. Надад арц утлага, бас хадаг гаргаад өгөөтөх гэж Ядамдорж гуайд хэллээ. Ядамдорж гуай арц боож эхлэхэд “ахиухан хий, ахиухан хий” гээд байв. Би “Надад ахиухан арц өгье” гэж бодож дээ хэмээн дотроо баясаж суув. Дараа нь Ядамдорж гуайн гаргасан хадгийг голж, “арай дээр хадаг алга уу” гэж хайлгаж байгаад нэлээд том цэнхэр хадган дээр сонголт тусав. Том сайхан хадагтай болохнээ гэж би их л додигор байсансан. Гэвч бидний энэ төрлийн сүүлчийн уулзалт, отгон хадаг, утлага тэр байсныг яахин мэдэх билээ. Дайдаа гэгээн тэр зундаа тэнгэрт хальсан билээ.

Эрх чөлөөт нийгэмд улс орон маань орж ирэхэд, хувь заяаны зураг төөрөгт найдахаас илүү сэтгэл зүрхээ даган сонголт хийх цаг ирээд, энэ тухайд би түүнтэй зөвлөж, итгэл тээсэн урмын үг, сайны ерөөлтэй хүлээн авч байлаа. Үүл нь арилсан ч айдас нь арилаагүй цаг төрийн тэнгэр дор, эрчүүл хамтдаа морь харах замд, зөвхөн бид хоёрын дунд болсон ярианы төгсгөлд тэрээр “Зөв өө, цаг нь болсон” гэдэг үгийг яг л Богд хаан тусгаар тогтнолын санаа өвөрлөсөн шавь нартаа айлддаг шиг хэлж билээ.

Хойхно талд мянганы уулс сүмбэрлэн, тэртээ алсад Отгонтэнгэр цайвалзсан тэр л хээр талд энэ яриа болсон. Тийм ээ, гэгээнтний зөв гэх шиг уул ус дүнхийсээр л байнам.

2019 оны зургадугаар сарын 17

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *