Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Д.Золбоо: Жо.Байден 78 нас хүртлээ улс төрөөс өөр ажил хийж байгаагүй. Тэр тусмаа гадаад харилцаан дээр голлон ажилладаг

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо.Байдены хувьд ялалт байгуулах нь тодорхой боллоо гэсэн мэдээ байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл?

-Би ч мөн та бүхэнтэй адил мэдээлэлтэй байна. Америкийн хэвлэлийн үндсэн сайтаас гаргасан мэдээллийг хараад одоогоор дүгнэхэд арай эрт байна. Хүмүүс бол тодорхой л боллоо гэсэн хандлагатай болчихлоо.

-Ардчилсан намаас нэр дэвшигч Жо.Байдены хувьд Дэд ерөнхийлөгч байхдаа Монголд айлчилж байсан удаатай. Монголчуудын эчнээ танил гэж хэлж болно. Энэ хүн улс төрийн үзэл баримтлалын хувьд ямар онцлогтой вэ?

-Мэдээж Ардчилсан намын үзэл баримтлалтай, 78 нас хүртлээ улс төрөөс өөр зүйл хийж байгаагүй. Сайн улс төрч. Тэр тусмаа гадаад харилцаан дээр голлон ажилладаг. Насны хувьд Америкт 78 нас бол залуудаа тооцогдоно шүү. Ерөнхий чиглэл нь гадаад харилцааны бодлого юм. Манай улсад 2011 онд С.Батболд Ерөнхий сайдыг байхад айлчлал хийж байсан. Монголд бол элэгтэй байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ нэг ирсэн хүн ямартай ч Монголын талаар мэдээлэлтэй байгаа.

– Түүнийг сонгуульд ялалт байгуулахад юу нөлөөлсөн бэ?

-Энэ асуултад хариулахад хэтэрхий олон юм ярих нь. Миний зүгээс харж байгаагаар, Америкт олон улсын зочин манлайлагчдын хөтөлбөр гэж байдаг. Энэ оны хоёрдугаар сард тэр хөтөлбөрийн үеэр Америкийн гадаад бодлогын долоо, найман хүнтэй сургалтад хамт хамрагдсан юм. Цар тахал түгэхээс өмнө юм л даа. БНХАУ-аас бусад улс оронд тархаагүй байсан үе. Тэр үеийн хандлагыг ажиглаж байхад Трампын нэр хүнд маш өндөр байсан. Америкийг дахин хүчирхэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлсэн гэх мэт. Харин цар тахлаас улбаалсан маш олон хүчин зүйлээс шалтгаалсан. Хөл хорио, арьс өнгөний асуудал гэх мэтийн зүйлсээс болж өнөөдрийн үр дүнд хүрч байгаа болов уу.

– Жо.Байден хувь хүн талаасаа америкчуудад хэрхэн үнэлэгддэг юм бол?

-Миний ойлгосноор маш сайн үнэлэгддэг. Улс төрийн албыг олон жил хашсан болохоор бохир зүйлд хутгалдах нь бага байсан. Гэхдээ ар гэрийн асуудал бол байгаа. Ардчилсан нам талаас нь харахад мөрийн хөтөлбөрийн хувьд хэт их олон нийтэд таалагдах гэсэн амлалтууд өгсөн байсан. Амьдрал амлалт хоёр үргэлж зөрдөг. Яахав дунджаараа цаашаа явах байх.

Жо Байден АНУ-ын 59 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдвол манай улсад эдийн засгийн болоод улс төрийн талаасаа ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

-Аль нь ч гарсан огцом өөрчлөлт гараад байх юм бол байхгүй. Тэр хүн Монголын талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй, өөрийн гэсэн бодолтой хүн. Ерөнхийлөгч хууль дээр хориг тавих юм уу, гарын үсэг зурах хэмжээнд байх болов уу. Гурав дахь хөршийн худалдааны хууль ч юм уу, батлагдаж боловсруулах асуудал нь Конгресс шийдэх учиртай.

Жо Байден энэ оны эхээр намынхаа сунгааны хэлэлцүүлгийн үеэр “Хятадууд дэлхийн хамгийн муухай нүүрсийг Монголоос авдаг. Тэрнийхээ утааг дэлхий даяар цацаж байна” гэж хэлсэн нь ямар учиртай юм бол?

-Аль ч үед улс төрчид олон нийтэд таалагдах гэж иймэрхүү үйлдэл гаргадаг. Монгол судлаач биш, Монголын талаар сайн мэдэхгүй учраас тэгж ярьсан байх. Тэрийг нэг их эмзэг хүлээн авах шаардлагагүй. Монголд нэг ирсэн хүн учраас гадаад бодлогодоо анхаарал хандуулж, эерэг өөрчлөлтүүд ихээхэн гарах байх гэж найдаж байна.

Энд голлох хоёр нэр дэвшигч л дурдагдаад байгаа болохоос цаана нь олон нэр дэвшигч байгаа. Гэхдээ санал хуваах хэмжээнд биш байна?

-Конгресс болон сенатын түвшинд Ардчилсан нам илүү байгаа тал бий. Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд энэ хоёроос өөр хүн байх боломжгүй. Улс төр, соёл, түүхийн нэлээд урт хугацааг туулаад тодорхой хэмжээнд нийгмийн дундаж давхаргад байгаа учраас иргэдийн савлалт маш бага байна. Мужууд дээр нь харахад 49, 48 ч юм уу арав хүрэхгүй хувийн зөрүүтэй байгаа. Тэр савлаж байгаа хэсгийг яаж эргүүлэх нь улс төрийн том намуудын ажил.

Доналд Трампын ялагдал хүлээж байгаа нэг шалтгаан нь цагаачдын бодлого байлаа гэж зарим эх сурвалжууд харж байна?

-Мэдээж энэ дөрвөн жилийн хугацаанд маш их зүйлс болсон. Цагаачлалын бодлогоор олон ч хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж байсан. Энэ нэг шалтгаан нь мөн.

Цар тахлын улмаас бизнес, ажлын байр нь хумигдмал нөхцөлд хүрсэн. Тиймдээ ч бидний төсөөлж байснаас өөр үр дүн гарч байна. Гэхдээ энэ бол Америкийн ард түмний сонголт, бид хүндэтгэлтэй хандах нь зөв. Миний бодлоор “Хэн нь сонгогдвол манай улсад илүү ашигтай вэ” гэх асуултыг тань зөөллөх хэрэгтэй. Энэ бол тусдаа асуудал. Хэн ч сонгогдсон түүнийг өөртөө ашигтайгаар эргүүлэх нь бидний л асуудал.

У.Уранбилэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *