Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджавтай ярилцлаа.
-Та өнөөдөр (өчигдөр) “Рио Тинто” компанитай холбоотой хэвлэлийн хурал хийнэ гэж байсан. Хэвлэлийн хурал яагаад хойшлогдох болов?
-Хэвлэлийн хурал хийгдэнэ. Цаг үеийн асуудлаас хамаараад хэвлэлийн хурал хойшилсон.
-Саяхан Засгийн газрын хуралдааны үеэр “Оюу толгойн” үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг зүйлийг та хэлсэн. Яагаад ингэж хэлэх болов. Та ямар эрх ашгийн үүднээс “Оюу толгой”-той холбоотой асуудлыг хөндөн ярих болов?
-Тэвчээрт хязгаар бас бий. Оны өмнөхөн болсон Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой” компаниудын үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэж Засгийн газрын гишүүд асууж санал бодлоо хэлсэн. Алдаа, оноо аль аль нь байгаа байх. Тухайлбал, манай үндэсний компаниуд эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж баялагтаа эзэн болж байгаа нь харагдсан. Тэр ч утгаараа Тавантолгойн нүүрснээс олсон ашгаас Чалкогийн өрийг хамгийн эхний ээлжинд төлж барагдууллаа. Гэтэл бид хамгийн том баялгаа Рио Тинтод өгчихөөд юу олж байгаа билээ гэхээр учир дутагдалтай байна. Энэ талаар ч иргэд, нийгмийн сэтгэлзүй ч шаардаж байгаа. Дүгнэлт хийхэд улс оронд нөлөөлөх нөлөөллийг тооцохоор чамлалттай байна. Тэр утгаараа ярихаас аргагүй байдалд хүрлээ. Би тэдний өмнөөс Рио Тинто компанийг Монголын ард түмний эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахыг хүсч дараахь зүйлийг яримаар байна. Рио Тинто буюу түүний охин компани (Turquoise HillLtd) монголоор бол “Оюу толгой” ХХК хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй байна. Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Авто болон төмөр замын аль ч хэлбэрээр. Гэтэл өнөөдөр манай монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж давуу эрх эдлэн тээвэрлэлт хийж тэнд манай монгол иргэд олон мянган жолооч тээвэрчид зуу зуун километрийн урт дараалалд саатаж чирэгдэл үүсэж байна. Мөн Монгол Улсад Цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан. Үүнийгээ хийж хэрэгжүүлэхгүй гаднаас жил бүр 140-150 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч ашигласаар байна. Цааш нь яривал нөгөө зэс хайлуулах үйлдвэр байгуулах яасан. Нийт 3 сая гаруй тонн баяжмалыг концентраци хэлбэрээр нь гаргасан хэвээр л байна. Түүнчлэн Монголын ард түмний баялгийг олборлон борлуулж хангалттай ашиг олж байгаа энэ компани нийгмийн хариуцлагын хүрээнд яагаад санаачлагатай ажиллахгүй байгаа гэдэг анхаарал татна. Хамгийн энгийн жишээ гэхэд одоо байгаа засаг захиргааны нэгжийг суурилан Оюу толгойн баялагт түшиглэсэн Ханбогд хотыг ч байгуулах боломжтой. Ингэж жижиг ч болсон жудаг гаргаж баялгийн эзэн манай ард түмнийг жаахан ч гэсэн баярлуулмаар байна.
-Уул уурхайн томоохон төсөл хөдөлж байж улс мөнгөтэй, эдийн засаг урагштай байна. Манай улс томоохон төслүүдээ хэрэгжүүлнэ гэж олон жил ярьж буй ч “Оюу толгой”-гоос өөр томоохон төсөл хэрэгжээгүй гэж хэлж болно. “Оюу толгой” өнөөдөр ажлын байрнаас эхлээд эдийн засагт бодитой хувь нэмэр болж байгаа талаар яригддаг. Ганц хөдөлж байгаа ордоо бас буруу хэлэмгүй байна л даа?
-Монгол Улс Засгийн газрын нэрийг барьж манай баялгаар том том хэмжээний арилжаа хийж хөрөнгө босгож тэрбум, тэрбум долларын санхүүжилт олж байгаа. Энэ олсон ашгаа манай орон руу оруулахгүй байгаа нь бидний тэвчээр алдрах нэг шалтгаан боллоо. Жишээ нь, би дээр хэлсэнчлэн 5,4-6 тэрбум ам.долларын хөрөнгө босгоод тэрбум гаруйхныг нь “Оюу толгой” төсөлд оруулж бусдыг нь гадна тараасан байгаа юм. Та бүхэн өөрийнх нь сайт руу ороод (www.turguoisehill.com 2015-12-14) хэвлэлийн мэдээг хараарай. Ер нь энэ Рио Тинто гэдэг компанийн дэлхийн зах зээлийн өөрийнх нь ханш 60 орчим тэрбум ам.доллар, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10 тэрбум ам.доллар тэгэхээр одоогоор манай улсаас зургаа дахин том харагдаж байгаа боловч манай улс, тусгаар тогтнол, ард түмэнтэйгээ газар нутаг, мал сүрэг, байгалийн баялагтайгаа хэдэн 10 дахин том, дээрээс нь хоёр том хөрштэйгөө нэмбэл олон улсын банк санхүүгийн байгууллагууд ч жижигдэнэ шүү дээ. Өнгөрсөн 2012 оноос унаж эхэлсэн зэсийн үнийн уналт 2016 оны эхээр 4400 ам.доллар байсан бол одоо 7200 ам.доллар болж 2018 ондоо 8000 ам.доллар ч хүрэх төлөвтэй байна. Үүнээс манай улсад юу олдож байна. Улс орны өрийн данс нэмэгдсээр, зээл, зээлийн хүү төлөх хугацаанд шахагдсаар, иргэдийн амьдрал ч төдийлөн сайжирдаггүй цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхийг хүссээр, хойч үедээ ч юу үлдээх нь тодорхойгүй, нийгмийн халамж, хамгааллын тулгамдсан асуудлууд, авто замын хөдөлгөөний түгжрэл, агаар орчны бохирдол, ажилгүйдэл ядуурал гээд буман асуудал шийдлээ хүлээсээр байна.
-Уул уурхайн салбарт энэ жил ямар томоохон төслүүдээ хөдөлгөх вэ. Засгийн газраас энэ жил томоохон төслүүдээ хөдөлгөхөөр Ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн?
-Монгол Улс томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулж байж эдийн засгийн хямралт байдлыг богино хугацаанд даван туулна. Үүний тулд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, энэ онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэнэ. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг нарийвчлан гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ. Багануурын уурхайг түшиглэн барих “Нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг үндэслэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2018 онд дуусгаж, төслийн ажлыг эхлүүлнэ. Мөн Гацууртын алтны үндсэн ордыг ашиглах ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг дуусгаж, Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар төслийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Дархан-Сэлэнгийн бүс нутагт хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэсэн. Төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 500 мянган тонн шууд ангижруулсан төмөр, 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг 2018-2012 онд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Ингэснээр дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хувийг хангаж, импортын хэмжээг бууруулах боломж бүрдэх юм. Зэс хайлах үйлдвэр байгуулж, таваарын зэс үйлдвэрлэх, хүнд үйлдвэрийн томоохон асуудлыг шийдэх зорилт тавин ажиллаж байгаа.
-Та шатахуун импортлогчдын үнийн зөвлөлийн даргын хувьд шатахууны үнийн асуудлаар асуух асуулт байна. Шатахууны онцгой албан татвар нэмэгдсэн ч жижиглэнгийн үнэ нэмэгдэхгүй байх боломжтой талаар оны өмнө албаны хүмүүс мэдээлж байсан?
-Сүүлийн саруудад шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлдөг дэлхийн зах зээл дээр тосны үнэ нэмэгдэж байгаа тул түүнийг дагаад импортын үнэ өсч байна. Мөн онцгой албан татвар долдугаар сараас хойш тонн тутамд 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэсэн хэдий ч шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч ирсэн. Цаашид тодорхой хэмжээнд үнэ өсөх нөхцөл бүрдээд байна. Үнийн огцом өсөлт гаргахгүйгээр Засгийн газраас тодорхой арга хэмжээг авах талаар хэлэлцэж байна.
-Үнийн зөвлөлийнхөн хуралдана гэж байсан. Хуралдсан уу. Шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой байна гэж байна?
-Үнийн зөвлөл өнөөдөр хуралдана. Үүссэн нөхцөл байдлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд тал талаас нь хэлэлцээд тодорхой зөвлөмж чиглэл гаргана.
-Цаашид нефть боловсруулах үйлдвэр барих, дотоодоос нөөцөө хангах талаар ямар бодлогын арга хэмжээ авах вэ?
-УИХ-аас дотоодын түүхий тосыг ашиглан газрын тос боловсруулах үйлдвэр барих, санхүүжилтийг Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэн, Засгийн газраас холбогдох тогтоол шийдвэр гарч төслийг хэрэгжүүлэх төрийн өмчит компанийг байгуулан ажиллаж байна. Энэхүү чухал төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч дэмжиж ажиллана.