Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Д.УРИАНХАЙ: Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!

Тэр шувуунд би хачин их хайртай!

Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!

Тэр эгшгэнд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!

Тэр бараанд би хачин их хайртай!

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!

Тэр амьтдад би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!

Тэр үнэрт би хачин их хайртай!

Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!

Тэр баярт би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!

Тэр шивнээнд би хачин их хайртай!

Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!

Тэр амьсгалд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!

Тэр амгаланд би хачин их хайртай!

Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!

Тэр аниргүйд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!

Тэр хэлэнд би хачин их хайртай!

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!

Тэр оронд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа

Би яагаад ч үхэхгүй ээ!..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *