Улаанбаатар хотын агаарын бохирдол онц ноцтой хэмжээнд хүрч, үүнээс үүдэлтэй өвчлөлүүд бий болсоор байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Сүүлийн үед катализоргүй буюу нүүрсэн яндангүй приус машинууд замын хөдөлгөөнд хэдэн мянгаараа оролцсоноос болж агаарын бохирдолд нөлөөлж байгаа талаар “Өдрийн сонин” хөндөн бичсээр байгаа. Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажлын хэсэг гаран нийслэлийн агаарын бохирдлыг нэмэгдүүлж буй нүүрсэн яндангүй приус машинуудыг илрүүлэх шалгалтыг зохион байгуулсан байдаг.
Автомашины 200 гаруй төрлийн хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг ашгийн зорилгоор авч худалддаг явдлаас үүдэж хорт утаа ямар ч шүүлтүүргүйгээр агаарт дэгдэж байгаа гэсэн үг юм. Ялангуяа хүний сэтгэц, мэдрэлийн үйл ажиллагаанаас эхлээд бүх эрхтэн системийг гэмтээдэг хар тугалга гэх хорт бодис агаарт дэгдэж байгаа нь ноцтой асуудал.
Улаанбаатарын зам дээр нүүрсэн яндангүй приус машин хэдэн мянгаараа явж байгаа. Өнгөрсөн онд гэхэд гаалийн байгууллагын мэдээгээр Монгол Улсын хилээр 27.000 тонн нүүрсэн янданг БНХАУ руу хууль бусаар экспортолсон байдаг. Энэ бол хамгийн багадаа 5000 приус машины яндан гэсэн үг.
Үүнээс харахад агаарын бохирдол хар тугалга ямар хэмжээг эзэлдэг талаарх судалгаа зайшлгүй хэрэгтэй байгаа юм. Цаг уур орчны шинжилгээний газар бол нийслэлийн агаарын чанарын мэдээллийг 24 цагаар судалж гаргадаг байгууллага.
Д.Өнөрбат: Хар тугалгыг агаарын чанарт нөлөөлж байгааг хэмжихбагаж төхөөрөмж байхгүй
Тэгвэл хар тугалгыг судалдаг эсэх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбатаас тодрууллаа.
-Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал ямар байгаа талаар эхлээд товч мэдээлэл өгөхгүй юү?
-Цаг уур орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээг 24 цагийн туршид 18 цэгт хийж, олон нийтэд агаарын чанарын индексийн мэдээлэл болон тоон мэдээллийг хүргэж байгаа. Хамгийн сүүлийн байдлаар 2023 оны нэгдүгээр сарын 9-15-ны өдөрт агаарт байх түгээмэл зургаан бохирдуулагч болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM-10, PM-2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны хэмжээг өнгөрсөн онтой харьцуулсан байдлаар гаргалаа.
-Тоон үзүүлэлтүүд нь ямар гарах юм бэ?
-Хүхэрлэг хий долоо хоногийн дундаж агууламж 2022 онд 148 микрограмм (мг) байсан бол 2023 онд 152 болж өссөн үзүүлэлттэй. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2022 онд 505 мг байсан бол 2023 онд 648 мг болж бас өссөн байна. Агаарын чанарын стандарт агууламжаас хамгийн их байсан нь Зурагт орчим 12.9 дахин их байж. Азотын давхар ислийн хувьд долоо хоногийн дундаж агууламж болон 24 цагийн дундаж агууламжаар бас л өссөн үзүүлэлттэй гарсан. Нэгдүгээр хороолол орчим агаарын чанарын стандартаас 2.9 дахин их байсан. Харин PM-10 тоосонцрын хувьд 2022 онд долоо хоногийн дундаж агууламж 131 мг байсан бол 2023 онд 122, 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2023 онд 286 мг байсан бол 2023 онд 378 мг болж өссөн. Баянхошуу орчим агаарын чанарын стандартаас 3.7 дахин их байсан.
Тоосонцрын хувьд долоо хоногийн дундаж агууламж 2022 онд 101 мг, 2023 онд 97 мг байв. Мөн 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2022 онд 350 мг байсан бол 2023 онд 292 мг болсон байна. Хайлааст орчимд агаарын чанарын стандартаас 5.8 дахин их байна. Нүүрстөрөгчийн дутуу ислийн хувьд ойролцоо түвшинд гарсан. 24 цагийн дундаж хамгийн их агууламж Толгойт орчимд буюу агаарын чанарын стандартаас 1.2 дахин их байсан. Озоны хувьд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол байхгүй.
-Зөвхөн зургаан төрлийн бодисыг шинжилдэг хэрэг үү. Өөр бусад бодис агаарт нөлөөлөх үү?
-Агаарт байх түгээмэл зургаан бохирдуулагч гэж дээрх бодисыг л хэмждэг. Цаг уур, орчны шинжилгээний газар 1979 оноос агаарын чанарын шинжилгээг хийж эхэлсэн байдаг. 2010 оноос агаарын чанарын автомат харуулууд суурилагдаж, хүний үйл ажиллагаа оролцохгүйгээр автоматаар мэдээлэл хүлээн авч агаарын чанарын шинжилгээг хийдэг болсон.
-Өөр бусад бодисыг агаар бохирдуулагч гэж үздэггүй бололтой. Сүүлийн үед хар тугалгыг агаар орчныг бохирдуулж байна гэж мэргэжлийн хүмүүс ярих болсон. Гэтэл хар тугалгыг бохирдуулагч бодис гэж авч үздэггүй гэсэн үг үү?
-Хар тугалга бол автомашины бензиний шаталтаас үүсдэг. Манай орны хувьд евро-2 гэсэн ангиллын шатахуун хэрэглэдэг. Үүнд хар тугалга агуулагддаг гэж ярьдаг. Бусад орны хувьд энэ зургаан бодисыг л агаарыг түгээмэл бохирдуулагч үздэг. Гэтэл тэдгээр улсууд евро-5 ангиллын чанарын шаардлага хангасан шатахуун хэрэглэж байгаа. Үүгээрээ ялгаатай.
-Харин нөхцөл байдал ийм байгаа учраас хар тугалгыг шинжилж үзэх ёстой гэж хэлэх гээд байна л даа?
-Одоохондоо хар тугалга үздэг багаж, төхөөрөмж байхгүй гэв.
Д.Нарансүх: Хар тугалга хүүхдийн цусанд ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээсөндөр гардаг
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй машинууд мянга мянгаараа хар тугалга тэргүүтэй 200 гаруй хорт бодисыг агаарт ялгаруулан оролцож байхад агаарын чанарыг зургаан бодисоор л 2010 оноос хойш шинжилсээр ирсэн нь өрөөсгөл юм. Тиймээс хар тугалга хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, гадаад улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг хар тугалгаас яаж хамгаалж байгаа талаар Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч Д.Нарансүхээс хар тугалгын талаар тодрууллаа.
-Хар тугалга гэж ямар бодис болох талаар мэргэжлийн хүний хувьд тодорхойлж өгөөөч?
-Хар тугалга бол орчинд байдаг хортой металл хэлбэрийн элемент. Олон зүйлд хар тугалга агуулагддаг. Нүүрсний утаа, будаг, хөрс зэргээс илрэх боломжтой. Хар тугалга хүний хувьд орохоор мэдрэлийн эрхтэн тогтолцоо, ялангуяа хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжилд сөрөг нөлөөтэй. Тиймээс зайлшгүй хянах шаардлагатай. Манай улсад уг нь хар тугалгыг хянах лабораторийн чадамж бий. Манай лаборатори гэхэд 2021 оны 12 дугаар сард байгуулагдсан, агаарын сорьцонд хар тугалга болон бусад хүнд элемент агуулагдаж байгаа судалгааг хийх боломжтой. Бид ч өнгөрсөн хугацаанд энэ талаар судалгааг хийж ирсэн. Удахгүй дүн шинжилгээг танилцуулна.
-Өмнө нь танай лаборатори хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ ямар байгаа талаар судалсан байсан. Ямар үр дүн гарсан бэ?
-Улаанбаатар хотын 3-4 настай хүүхдийн цусанд хар тугалга 6-8 мг/бл хэмжээтэй гарсан. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт. ДЭМБ-ын зөвлөдөг хэмжээ таван мг/бл байдаг
Энэ хэмжээнээс хэтэрвэл сөрөг нөлөөтэй гэж үзнэ. Яахав, бидний тэр судалгаа цөөн тооны хүүхдийг хамарсан. Цөөн шинжилгээгээр бүрэн дүгнэх боломжгүй ч анхаарах ёстой. Түүнээс гадна хүүхдийн цусанд хар тугалга хаанаас ороод байна вэ гэдэг асуудал болоод байгаа. Бидний үзэж байгаагаар агаарын бохирдолд өндөр байх магадлалтай. Тиймээс эх үүсвэрийг заавал тодорхойлох хэрэгтэй байгаа юм.
-Гадны улс орнууд хар тугалгыг яаж авч үздэг юм бэ. Мэргэжлийн хүний хувьд та анхаарч судалж үзсэн үү?
-Бусад улс орнууд хар тугалгад нэлээд анхаарал хяналт тавьдаг. Үүний том жишээ бол АНУ. Тус улс хар тугалга агуулсан будгаар будсан барилга, орон сууцыг шууд битүүмжилж, будгийг нь арилгаж хоргүй болсны дараа хүн амьдрахыг зөвшөөрдөг. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, ус, агаарын бохирдолд ч маш сайн хяналт тавьдаг. Мөн Европын холбоо, Канад зэрэг улсад бага насны хүүхдийн цусанд хар тугалыг тодорхойлж, зөвлөмж хэмжээнээс хэтэрвэл бууруулах эмчилгээг эцэг эхчүүдэд зөвлөдөг. Хар тугалгын хурц хордлоготой байвал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, архаг хордлоготой бол хүүхдийн оюуны хөгжил, бие сэтгэхүй, чадамж, сурлага, зан авирт сөрөг нөлөөтэй гэж үздэг учраас маш хянамгай хандаж бууруулах арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлдэг.
-Та нүүрсэнд хар тугалга агуулагддаг гэлээ. Нүүрс уг нь органик бодис биш үү?
-ШУТИС-ийн багш, судлаачид аль 2010 онд судалгаа хийж Монгол Улсад олборлож байгаа нүүрсний ордын нүүрсний шаталтаас хүнд металл тодорхойлоход хар тугалга тэргүүтэй бодисууд илэрч байсан. Яахав органик гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ органик бүхэн аюулгүй гэсэн үг биш.