Categories
мэдээ улс-төр

Д.Уламбаяр: Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын айлчлал хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээнэ DNN.mn

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Монгол, Германы 1920 оны харилцааны түүхийг судлаачид юуны учир онцолдог юм бэ?

-1920-иод онд Монголын нам, засгийн удирдах зүтгэлтнүүд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан өндөр хөгжилтэй өрнөдийн зарим орнуудтай худалдаа, соёл боловсролын харилцаа тогтоон хөгжүүлэх чиглэлийг барьж байжээ. 1921,1922 онд АНУ, Ваймерын Германы дипломат төлөөлөгчдийн Монголд хийсэн айлчлалын дараа 1923 оны долдугаар сард тусгай комиссоос боловсруулан нийтэлсэн “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх Засгийн газрын бодлогын баримт бичиг бол түүний тод илрэл юм.

-Энэ баримт бичигт юун тухай тусгасан байдаг юм бол?

-Тэрхүү баримт бичгийн 17 дугаар зүйлд “Монгол Улсын гадаад харилцааны учир байцаавал Орос, Рибин, Америк, Англи, Герман зэргийн олон их, бага улс дотроос зарим нь хурц эрдэмтэй, зарим нь бүдүүлэг байх мэт чанар дүрс адилгүй учраас зүй нь харилцан худалдаа, ашиг, эрдэм, соёлын тухай гэрээ болзоо тогтоон нэвтрүүлэхэд хүрвэл эрх биш хэдэн давхар эргэцүүлэн хянаж тогтоовол зохино.

Герман, Англи, Орос, Америк, Хятад, Рибин хэмээн шилэх сонгоход хүрвэл аль ч талаар Герман, Орос, Америк хэмээх мэтээр дэс дараалан орох буй заа” гэж заасан байна. Энэ баримт бичгийг 1923 оны долдугаар сард хуралдсан МАХН-ын II их хурлаас «намын программд нэмэн өргөтгөж баталсан 9 дүгээр зүйлтэй адил сацуугаар улс төрийн ба намын хэрэгт удирдлага болговол зохино» гэжээ.

1924 онд Монголоос ЗХУ-д суух Бүрэн эрх барих элчин сайдаар томилогдсон Баатуд овогт Ажваан Данзанд Гадаад явдлын яамнаас өгсөн удирдамжинд ЗХУ-тай харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Герман, Франц гээд гадаад улсад биеэр очиж тэндэхийн улс төрийн байдал, худалдаа, соёлын харилцаа тогтоох боломж, Монголыг хэрхэн үзэж байгаа зэргийг судлах чиглэл өгч байсан байна. 1925-1929 онд Гадаад явдлын яамны сайдаар Улсын бага хурал, НТХ-ны тэргүүлэгч гишүүн Ваанчигийн Дорлигжав ажиллаж энэ чиглэлд ач холбогдол өгч байжээ.

Монгол-Германы 1920-иод оны харилцаанд Москва дахь Монголын ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч Ц.Дашсампилон, Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан нарын Засгийн газрын төлөөлөгчдийн 1925-1927 онд Германд хийсэн нижгээд удаагийн ажлын айлчлал чухал байр эзэлдэг. Энэ айлчлалд Москва дахь Германы элчин сайд, Ульрихийн гүн Брокдорф фон Ранцау, Монголын Элчин Ажваан Данзан нар чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

1925 оны тавдугаар сард Ц.Дашсампилон нар Германд очиж Монголд ажиллах мэргэжилтэн элсүүлэх, эх орондоо хэрэгтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа таваарыг сонгох, зохих газруудтай гэрээ контракт байгуулах зэрэг ажлыг хийжээ. Төлөөлөгчид Берлин, Хамбург, Дрезден, Лейпциг зэрэг хотуудаар явсан гэдэг. Германаас металлурч химийн инженер C.Линдблом, уурхайн инженер Ф.Вайске, тосгоны үйлдвэрийн инженер X.Геринг, зүтгүүрийн ииженер К.Шварце, авто инженер Дигеон фон Монтенон, мод боловсруулах машины мастер А.Байнлих, механик инженер Р.Моеллер, сүлжмэлийн мэргэжилтэн Ж.Бергер, мужаан Х.Храйсти, механикч Х.Бродериус, Х.Малтшен нарын зэрэг мэргэжилтнийг элсүүлж байсан тухай тэмдэглэж үлдээсэн байна л даа. Ингээд тэд өөр өөрийн мэргэжлийн дагуу Улаанбаатарт байгуулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тохируулга хийх, монгол хүмүүсийг дагалдуулан сургах, үйлдвэрлэлийг мэргэжлийн үүднээс удирдахад туслах, шаардлагатай судалгаа, санал боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр болов. Үүний тулд өөрийн мэдлэг боловсролоо бүрэн дүүрэн дайчлах, хариуцсан өмч хөрөнгөө ариглан хамгаалах, гадаадын аль нэг пүүс, байгууллага төлөөлөхгүй байх, Монголын хуулийг чанд сахих, улс төрийн аливаа ажиллагаа явуулахгүй байх зэрэг болзолтой гэрээ байгуулсан байгаа юм.. Монголын Засгийн газрын үүрэг нь герман мэргэжилтнүүдэд сар бүр 225-250 мексик долларын цалин хөлс олгох. Бас орон сууцаар үнэгүй хангах. Үүгээр зогсохгүй ирж, буцах замын зардлыг төлөх, эмнэлгийн үйлчилгээгээр хангах, өмч хөрөнгийг нь хамгаалах зэрэг байжээ. Ингээд төмрийн завод, цахилгаан станц, цэмбэний фабрик, тоосгоны завод, модны үйлдвэрүүд цөм Улаанбаатар хотод байгуулагджээ. 1883 онд үндэс суурь тавигдсан Германы цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, автомашин, нисэх онгоц үйлдвэрлэдэг нэр хүндтэй “АЕG” компанийн 50000 маркаар худалдаж авсан 500 квт чадалтай дизелийн цахилгаан станц нь Монголдоо анхных байсан байна.

1920-иод онд Москва дахь Германы ЭСЯ-ны зөвлөх Густав Хилгер Гадаад явдлын яамандаа бичсэн захидалдаа “Монголын тал Германтай худалдаа хийх маш сонирхолтой байна. Нэг сая рублийн бараа авах санал тавьсан. Туршилтаар авах бараагаа мөнгөөр юм уу, түүхий эдээр төлөх саналтай. Түүхий эд ашигтай юу, үгүй юу. Даруйхан Монголын талын сонирхож буй барааны жагсаалтыг өгмөөр байна. Германд очоод байгаа Дашсампилон одоогоор 20 мянган америк долларын бараа худалдан авах гэж байна” гэж байжээ.

-Германд сурагч хөвгүүд охидыг суралцуулах асуудлыг шийдвэрлэсэн нь тухай үедээ зоримог алхам байсан гэдэг шүү дээ?

-1925-1930 онуудад Монголын 13-17 насны 40 гаруй сурагчдыг Герман, Францад явуулж сургаж эхэлсэн. Тэр дунд таван л охин байсан. Ингэж сурагчдыг сургахаар явуулсан нь БНМАУ-аас Өрнөдтэй тогтоосон анхны зоримог харилцаа байсан. Энэ нь урьд өмнө нь үзэгдэж байгаагүй үйл явдал байв. Энэ нь зөвхөн соёл, боловсролын бодлого байсан төдийгүй бас улс төрийн чиг зорилготой байсан гэж дүгнэж болохоор байдаг.

1926 оны тавдугаар сарын 31-нд Эрдэнэбатхаан тэргүүтэй сурагч хүүхдүүд Германд анх хөл тавихад Ц.Дашсампилон нар Германы Гадаад явдлын яамны төлөөлөгчдийн хамт хүндэт харуул жагсан угтан авчээ. Эрдэнэбатхаан тэргүүтэй төлөөлөгчид, сурагч хүүхдүүд Ленинградаас Германы Штеттин боомт хот хүртэл усан онгоцоор, тэндээсээ Берлин хүртэл галт тэрэгээр аялан хүрэлцэн очжээ. Тэднийг германчууд “Хаанаас ирсэн”, “Аялан тоглолт хийдэг циркчид үү”, “Япон хүүхдүүд үү” гэх зэргээр асууж байсныг Берлин дэх монгол сурагчдын захиргааны гэрээт ажилтан Серге Вольф өөрийн дурсамж өгүүлэлдээ дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдаг. Германчууд анх удаа Алс Дорно дахины хүүхдүүдийг олноор нь харсан нь энэ байж.

Германд суралцагч залуус Берлин, Лайпциг, Потсдам зэрэг олон хотод айлаар амьдарч, нэхмэл, тоосго, автомашин, механик, цахилгаан хэрэгсэл, хэвлэл, гэрэл зураг, газар зүй, гар урлал, ХАА, арьс шир, хэл, утга зохиол зэрэг маш чухал олон чилэлээр сурч, дадлагажиж байжээ. Мөн эдгээр сурагч оюутнуудын сургалтын төлбөрийг Монголын Засгийн газар хариуцаж нэг оюутны жилийн дундаж зардал 1926 онд хуралдсан МАН-ын V их хурлын илтгэлд тэмдэглэснээр 2230,21 төгрөг болж байжээ. Хожим сурагч хүүхдүүдийн дундаас олон нэртэй хүмүүс төрснийг бид сайн мэднэ.

-Хүйтэн дайны үед Монгол Улс, ХБНГУ хоёр хэрхэн дипломат харилцаа тогтоосон нь сонирхолтой байдаг. Учир нь Монгол Улс 1950 онд БНАГУ-тай дипломат харилцаа тогтоосон байсан байх аа?

-Дэлхийн II дайны дараа Герман хоёр хэсэгт хуваагдсан нь “хүйтэн дайн”-ы үр дагавар байсан. 1949 оны есдүгээр сард Америк, Англи, Францын эзэмшлийн бүсийн нутаг дэвсгэр дээр ХБНГУ байгуулагдаж, ардчилал, зах зээлийн эдийн засгийг тууштай баримталж, нээлттэй бодлого явуулснаар дэлхийн нөлөө бүхий гүрэн болсныг бид сайн мэднэ. БНМАУ, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоох болсны эх сурвалж нь Холбооны канцлер, социал-демократ Вилли Брандтын явуулсан “Оstpolitik” буюу “Дорны бодлого”-той юуны өмнө холбоотой. Вилли Брандт ХБНГУ “Бүх Германыг төлөөлөх цорын ганц улс” гэсэн зарчмаасаа татгалзаж, 1970 онд ХБНГУ ба ЗХУ, ХБНГУ ба БНПАУ-ын гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд Европ дахь хил хязгаар, түүний дотор Одер-Нейсийн хил, ХБНГУ, БНАГУ-ын хоорондын хилийг халдашгүй гэдийг харилцан хүлээн зөвшөөрч, гэрээ 1972 оны зургадугаар сарын 3-наас хүчин төгөлдөр болсон. ХБНГУ нь Чехословак, Болгар, Унгартай харилцаагаа хэвийн болгож, дипломат харилцаа тогтоон, Баруун Берлиний асуудлаар дөрвөн гүрний хэлэлцээр байгуулсан. Улмаар 1973 онд хоёр Герман НҮБ-д адил тэгш эрхт, хууль ёсныхоо суудлыг эзэлсэн нь “Дорны бодлого”-ын гол үр дүн байв. Вилли Брандт “Дорны бодлого” явуулсныхаа төлөө 1971 оны Энхтайвны салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн юм. Тийнхүү Европод бий болсон намжмал байдлын нааштай уур амьсгал БНМАУ, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоох түүхэн нөхцөлийг бүрдүүлжээ. Гэхдээ дипломат харилцаа тогтоох санал, санаачилга ХБНГУ-ын талаас гарсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү үйл явц 1973 оньг тавдугаар сараас хоёр талын Лондон хотноо эхэлсэн зургаан удаагийн яриа хэлэлцээрийн үр дүн байсан. Тийнхүү бид эдүгээ хагас зуун жилийн ойг нь тэмдэглэж байна.

-ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын энэ удаагийн айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Аж үйлдвэржсэн, ардчилсан Долоогийн бүлгийн орнуудаас төрийн тэргүүн нь Монгол Улсад дөрөв дэх удаагаа албан ёсны айлчлал хийх гэж байгаа нь ХБНГУ болж буйгаараа онцлогтой. ХБНГУ бол Францын хамт Европын холбооны гол зүтгүүр хөдөлгөгч улс. Монгол, Герман хоёр улс 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан. 2022 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх саналыг талууд зарчмын хувьд тохирсон. Энэ зорилтоо 2024 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдэж, Монгол Улсын “гуравдагч хөрш” ХБНГУ-ын эдийн засгийн эрх ашиг, сонирхлыг татах чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар удахгүй хийх ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын төрийн айлчлал хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх чиглэлд чухал түлхэц үзүүлж, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээх болов уу. Айлчлалын үеэр “Хүнсний аюулгүй байдал”, “Тэрбум мод” санаачилга, хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, тээвэр ложистик, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, боловсрол, археологийн салбар зэрэг олон чухал асуудал хөндөгдөхөөр байна.

-Монгол Улс Францтай ураны салбарт холбогдож байна. Тэгвэл Германтай аль салбараар илүү их хамтран ажиллах боломжтой вэ?

-ХБНГУ бол Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг анхнаасаа тууштай дэмжсэн өрнөдийн орнуудын нэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Германд хийсэн айлчлалын үеэр дижитал технологийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон. Сэргээгдэх эрчим хүч, тээвэр, ложистик, ногоон хөгжил, боловсролын салбарын хамтын ажиллагаа ирээдүйтэй чиглэл болов уу.

-Монгол дахь Германы хөрөнгө оруулалт ямархуу үзүүлэлттэй байдаг вэ?

-ХБНГУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хувьд 2011 онд 19.2 сая, 2013 онд 10.1 сая, 2017 онд 35.5 сая, 2019 онд 9.2 сая, 2021 онд 7.5 сая, 2023 онд 9.7 сая ам. долларын хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн байдаг. Нийт 150 гаруй компани Монгол Улсад бүртгэгдсэн нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын дундажаар гурван хувийг эзэлж байгаа. Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсын хамгийн олон салбарт хөрөнгө оруулж байгаа, хамтарсан хөрөнгө оруулалт бүхий хамгийн олон аж ахуйн нэгжтэй нь ХБНГУ юм. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, тээвэр, аялал жуулчлал, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, банк, санхүүгийн салбарт Германы хөрөнгө оруулалт давамгайлж байна. Геологи, уул уурхай салбарт томоохон хөрөнгө оруулалт орж ирээгүй боловч монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль хүний нөөц, мянган инженер бэлтгэх чиглэлд чухал үүрэг гүйцэтгэх нь тодохой.

Монгол Улс социализмын үед хуучнаар БНАГУ-ын их, дээд болон техник мэргэжлийн сургуульд 1958 оноос, 1990-ээд оны эхнээс Нэгдсэн Германд оюутан сурч эхэлсэн. 2000-аад оны байдлаар 20 илүү мянган оюутан төгссөн байдаг. Энэ нь тухайн үеийн Монгол Улсын 2.3 сая хүн амын бараг нэг хувь нь герман хэлээр ярьдаг гэсэн үзүүлэлт болж, Зүүн Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. Энэ тоо эдүгээ 30 мянга давсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хүчин зүйл юм.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *