Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Би амьдралаас өнгөлөг, өөдтэй, сайн сайхан зүйлийг мэдрэхийг хүсдэг

“Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяртай ярилцлаа

-Сүүлд гарсан “Маргаашийн нар луу хамт явах уу” дуунд монгол хэв маягийг шингээсэн байсан. Энэ дуу өвөрмөц, стиль жанртай болжээ?

-Үндэсний их баяр наадмаар хүмүүс маш гоё дээлнүүд өмссөн байсан. “Маргаашийн нар луу хамт явах уу” дууны клипэн дээр монголчуудынхаа үндэсний гоёл болох дээл өмссөн. Энэ нь монголчуудын дээлээ зөвхөн үндэсний баяр ч биш, есдүгээр сарын нэгэн болон ямар нэг тоглолтыг үзэх үедээ ч гэсэн өмсөж байгаасай гэсэн санаа. Үндэсний хувцас гэхээр үндэсний баяраар л ганцхан өмсөх ёсгүй шүү дээ. Монгол дээлийг өдөр тутмын хэв маяг руу оруулах гэсэн санааг тусгасан юм. Дээлийг яагаад дэлгүүр хэсэхдээ өмсөж болохгүй гэж. Зуны улиралд нимгэн тэрлэг үнэхээр гайхалтай. Өвөл үстэй дээл хамгийн дулаахан, сонгодог хувцас юм шүү дээ. Үндэсний дээлийг өдөр тутмын гангараа болгоё. Бодоод байхад хамгийн амархан өмсөж, тайлдаг төвөггүй, хүний биеийн өө сэвийг хаачихна, эсвэл сайхан зүйлийг нь ч тодотгож өгдөг шүү дээ. Монгол бүсгүйчүүд эрт дээр үеэс тэрлэгийг саалиа саахдаа өмсөж ирсэн уламжлалтай. Үүнийг эргэж үндэсний хэв маягт оруулахыг илтгэж өгсөн юм.

-Монгол хүн болж төрсөн учраас монгол ёс заншлаа их дээдэлдэг бололтой?

-Манай найруулагчид уран бүтээлд маань монгол ёс заншлыг их тусгаж өгдөг. Ерөнхийдөө манай үндэсний ёс заншлыг тодорхойлдог гол хүчин зүйл юу вэ. Мэдээж хэрэг морь, монгол гэр, нүүдэлчин соёл маань шүү дээ. Их энгийн хэрнээ хүний сэтгэлд тод тусдаг юм. Энэ бүгдийг тусгахыг хичээсэн.

-Та шинэ уран бүтээлээ юун дээр тулгуурлаж хийж байна вэ?

-Ерөнхийдөө Монголын анхны классик хөгжмийн оргил зохиолчид болох Мөрдорж, Лувсаншарав зэрэг чадварлаг хөгжмийн зохиолчдын зохиолоос санаа авч ажилласан байгаа. 60, 70-аад оны утга санааг илтгэсэн. “Киви” хамтлагийнхан маань надад маш их тусалж, дэмжиж байгаа. Хамтлагаараа шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Миний эргэн тойрон дахь бүх л хүмүүс чадлаараа тусалж, дэмжиж байгаа. Маш их баяртай байна.

-Ирэх есдүгээр сарын 2-нд хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ гэсэн. Тоглолтынхоо үеэр гурав дахь цомгоо танилцуулна гэсэн үү?

-Ирэх есдүгээр сарын 2-нд “Маргаашийн нар луу хамт явах уу” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байдаг “Хар сувд” усан онгоцон дээр 20:00 цагаас болно. Цаг гучин минутын тоглолт болно. Тоглолтдоо “I am in love”, “11.06” цомгийн дуунуудыг үзэгчдэдээ дуулж, сонордуулна. Мөн гурав дахь цомгоо танилцуулна. Бие даасан гурав дахь цомгийг маань залуучууд болон бүх насныхан сонсох боломжтой нөхцөлөөр бүтээлээ хийж байгаа. Гурав дахь цомог маань миний хамгийн оргил хэсэг гэж бодож, ажиллаж байна. Тус цомогтоо маш олон өнгө төрхийг хамаатуулж байгаа. Өнгөрсөн үеэ санан дурсахуй гэсэн хэв маягийг шингээнэ. Монгол Улсынхаа соёл урлагт хийж буй томоохон ажил, уран бүтээлийн маань нэг юм. Үзэгч, сонсогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байна. Би “Гоёо” брэндтэй хамтарч ажиллаж байгаа. “Гоёо” брэнд маань монгол үндэсний уламжлалт, өргөн цар хүрээтэй компани. Ийм амжилттай үйл ажиллагаа явуулж буй Монголынхоо брэнд компанитай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Ирэх есдүгээр сард шинэ цомог, шинэ хэв маягийг гаргаж ирнэ.

-Анхны гэсэн юм бүхэн хүний сэтгэлээс гардаггүй шүү дээ. Та “I am in love” анхны бие даасан цомгоо 2011 оны аравдугаар сарын 27-нд гаргасан. Цомгоо гаргачихаад биеэ барьж чадахгүй маш их баярлаж, “Киви” хамтлагийн продюсер Ангирмааг таван минут орчим тэврэн уйлсан гэсэн. Та их сэтгэл хөдлөлтэй бололтой?

-Би хамгийн анхны цомгоосоо маш их зүйлийг сурч, туршлагажиж авсан. “Ука” гэсэн тодотгол явж байгаа учраас анхны цомгоо мэргэжлийн өндөр түвшинд хийх юмсан гэж маш их зорьж, тэмүүлж ажилласан. Тэгээд “I am in love” цомгоосоо маш олон зүйлийг сурч, ойлгож авсан юм. Харин хоёр дахь цомгоо яг өөрийн хүсэлдээ тааруулж, дуулахыг хүсч буй уран бүтээлээ сонгож дуулсан. “11.06” цомогтоо хүссэн мэдрэмжээ гаргасан. Гурав дахь цомогтоо юу тусгаж, гаргаж ирэхийг хүссэн бэ гэхээр, би үзэгч, сонсогчдынхоо хүрээг тэлэхийг хүссэн. Энэ нь аав ээж, ах эгч нар миний цомгийг сонсоосой гэсэн зорилго юм. Өмнөх цомгууд маань аав ээж, ах эгч нар нэг удаа үзээ л ёстой сайхан бүтээл болж гээд орхисон (инээв).

-Уран бүтээлч хүн их эрч хүчтэй байх ёстой. Та юунаас эрч хүчийг илүү их мэдэрдэг вэ?

-Эргэн тойрон дахь бүхий л сайн сайхан гэсэн зүйлсээс урам, эрч хүч авдаг. Маш мундаг, алдартай уран бүээлчдийн уран бүтээлийг сонсч урам авна. Өөрт таалагдсан хувцас өмсөөд эрч хүч авдаг. Их гоё цай, кофе ууж сэтгэл маань сайхан болдог. Миний мэдэрч буй бүхий л зүйл сонин содон байдаг. Миний хийж, бүтээж буй уран бүтээл болгон өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, шинэ тэсрэлттэй. Тиймээс би шинэ тэсрэлт, хэв маягаас эрч хүч авдаг. Хүн төрөлхтөн бие биенээсээ шинэ мэдрэмж, шинэ хэв маягийг олж авдаг шүү дээ.

Би гэр бүлтэй болсноос хойш уран бүтээлээ илүү их хийж байна. Гэр бүлийн хүн маань намайг маш их дэмжиж, урамшуулдаг. Эргэн тойрны хүмүүс маань намайг гэр бүлтэй болоод улам жавхаалаг болсон байна гэж хэлсэн л дээ. Илүү их урам зориг, амжилтыг хүсч байгаа. Тиймээс асар их эрч хүч авч байна. Одоо л өөрт байгаа хүчээ гаргаж, уран бүтээлээ хийх хэрэгтэй. Ажлаа сайн амжуул гэж нөхөр маань хэлдэг. Харин хөгширсөн хойноо хамт зугаалж аялаад, сайн сайхан зүйл үзнэ гэдэг. Гэр бүлийн дэмжлэгээс миний гэсэн бүх зүйл ундарч гарч байна. Долоо хоногийн таван өдөр хөдөлмөрлөж, ажил хийдэг. Хагас сайн өдөр нөхөртэйгөө болздог. Бүтэн сайнд гэр бүлээрээ хүүдээ цаг заваа зориулдаг даа.

-Та дуу дуулж байхдаа бүжиг бүжиглэдэг. Дуу, бүжгийг хослуулна гэдэг амаргүй байх?

-Бүжиг бол хүн төрөлхтөн өөрийгөө илэрхийлэх нэг хэв маяг. Соёл урлаг, спорт өөрөө хүний дотоод ертөнцөд дутагдаж буй зүйлүүдийг нөхөж өгдөг. Бүжиг бол хүн төрөлхтний соёлын хэмжүүр. Бүжгийн хамтлаг хүнийг их хөглөж, эрч хүч сэлбэж, стресс тайлна. Ач холбогдол өндөртэй. Юу хүсч тэмүүлж байна, тэрхүү тэмүүллийг бүжиг үйл хөдлөлөөр гаргаж, хэмнэлээр илэрхийлдэг. Дуу дуулж байгаад бүжиглэхэд дотроо хүсч буй бүх зүйлээ давхар гаргаж байгаа юм шиг санагддаг. Сэтгэл дотор маань хуралдаж буй тэрхүү мэдрэмжийг биеийн хөдөлгөөний цацалтаар гаргадаг. Иймээс маш их эрч хүч, сэтгэл хөдлөлтэй хүмүүс дуулж, бүжиглэдэг байх. Хүний оюун санаа дотроо маш олон төрөл шүү дээ. Сэтгэл дотроо нуугдаж буй тэрхүү зүйлийг бичгээр илэрхийлж, оюун санааны бядаар сэтгэлийн хэмнэлийг гаргадаг хүн байхад дуу хөгжмөөр илэрхийлдэг хүн ч байна шүү дээ.

-Та бага байхдаа ээждээ би цасан охин болно, дуу дуулна гэдэг байсан гэсэн. Багаасаа урлагийн хүн болно гэдгээ мэдэрч байсан уу?

-Ер нь хүүхэд бүхэн өнгө үзэмж сайтай, өөрийнхөө анхаарлыг татаж буй бүх зүйлд өөрийгөө сорьж, дайчилж, би энэ хүн шиг болно ч гэдэг юм уу. Хүн бүхэн хорвоо ертөнц дээр төрөөд барилга байшин, радио телевиз өөр бусад хамгийн сайхан санагдсан, тэрхүү зүйл рүү тэмүүлж, сонголт хийдэг шүү дээ. Би ийм хүүхдүүдийн адил байж болох хамгийн сайхан, үзэсгэлэнтэй зүйл рүү тэмүүлж, аав ээж болон гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг татаж, хайр хүндлэлийг хүлээх юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсан. Багаасаа хүнийг дандаа баярлуулж явах юмсан л гэж боддог байлаа. Бага байхад миний анхаарлыг татдаг байсан зүйл бол урлаг. Урлагтай холбогдсон хүн сэтгэл хөдлөл маш их гаргадаг. Урлаг, спортынхныг харахаар л сэтгэл минь сэргэж, миний явах ёстой зам мөр мөн байна гэж бодогддог байлаа. Тэгээд л би урлагтай зүрх сэтгэлээ холбосон юм.

-Эх хүн хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрх нь мөнхөрдөг гэдэг. Ээж тань миний охин өөрийнхөө бор зүрхээр өдий зэрэгтэй явж байгаа, их хөдөлмөрч гэсэн байсан. Таны хөдөлмөрч зан уран бүтээлээр нь илэрхийлэгддэг?

-Ямар сайхан үг вэ. Хөдөлмөрч, хичээнгүй төрлийн хүмүүсийн нэг байхыг хичээдэг. Хүн өөрийнхөө хийсэн зүйлийг бусдад үнэлүүлнэ гэдэг хамгийн гайхалтай мэдрэмж. Би аав ээж, гэр бүл, найз нөхдөөрөө бахархаж явдаг даа.

-Таны сонирхол юу вэ?

-Хоёр хоцрогдсон шивээстэй. Шивээс хийлгэх дуртай. Магадгүй нэг өдөр бүх биеэрээ шивээстэй болчихож магадгүй юм. Гэхдээ яг шивээс хийлгэх үү гэдгээ сайн мэдэхгүй байна. Амьдрал баян ш дээ. Хэзээ нэг өдөр маш их хүсэж, тэмүүлж магадгүй ш дээ. Манай нөхөр ч гэсэн шивээс сонирхдог, дуртай.

-“Мөрөөдөл бид хоёр” дууныхаа тухай ярихгүй юу?

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг. Тэрхүү мөрөөдлөө биелүүлсний дараа бүгд аз жаргалтай болж, бүжиглэж, залуучууд шоуддаг. Тэгээд хамгийн гоё гэж бодсон үдэшлэг дээр дуу дуулдаг. Ийм утга санааг гаргасан. Хүн хайрлаж, дурласаар байгаад насыг бардаг шүү дээ. Хайрласаар, дурласаар би өдөр бүр тэмүүлсээр гэсэн үгтэй. Тиймээс хүмүүс миний энэ дууг сонсоод сайн сайхан зүйлийг хүсэж, мөрөөдөөсэй гэж бодож байна.

Миний хийж байгаа зүйлд миний хүсэл мөрөөдлийн өнгө аяс илэрхийлэгдэж байгаасай гэж зорьдог. Тэгээд продюсерууддаа өөрийнхөө бодсон утга санаа, өнгө төрхийг ойлгуулж, найруулагч нартайгаа ярилцдаг. Би амьдралаас өнгөлөг, өөдтэй, сайн сайхан зүйлсийг мэдрэхийг хүсдэг. Энэхүү гэгээлэг бүхнийг үзэгч, сонсогчдодоо түгээдэг юм.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *