Categories
мэдээ цаг-үе

Д.Улаан: Гэр бүлийн шүүх байгуулах цаг үеийн шаардлага бий болсон

Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайланд дурдсанаар иргэний хэргийн шүүх өнгөрсөн онд Гэр бүлийн эрх зүйн 4674 маргаан шийдвэрлэснээс 2980 гэрлэлт цуцалжээ. Өнгөрсөн баасан гаригт гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн III байрны нээлт болсон юм. Гэр бүлийн маргааны шалтгаан, шүүхэд хандсан хосыг эвлэрүүлэх боломж хэр байгаа талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Улаантай ярилцлаа.


-Шүүхэд салах өргөдлөө өгсөн хосыг эвлэрүүлэх оролдлого үр дүнгээ өгч байна уу?

-Гэр бүлийн харилцаа бол нийгмийн бусад харилцаанаас өвөрмөц, нандин. Тиймээс гэр бүл сална, харилцаагаа эцэслэнэ гэдэг тийм амар шийдэх асуудал биш. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хүмүүсийн хувьд зөрчилдөөн нь даамжирсан, харилцаагаа үргэлжлүүлэхгүй гэж бат итгэсэн байдаг. Тиймээс бусад маргаантай харьцуулахад эвлэрэл харьцангүй бага. Гэр бүлээ авч үлдэх эерэг ойлголт төрүүлэхэд их ажиллагаа шаарддаг.

Гэр бүл бол төрийн үндэс гэж үздэг шүү дээ. Гэр бүлийн баталгааг бэхжүүлэх, хүүхдийг элэг бүтэн өсгөх, хүчирхийллээс ангид байлгахад төрөөс авч байгаа арга хэмжээнүүдийн нэг нь шүүх хуралдаанаас өмнө гэр бүлийг гуравдагч этгээдийн оролцоотойгоор эвлэрүүлэх юм. Гуравдагч хүний оролцоотойгоор гэр бүлийн гишүүд ярилцаж, ойлголцох, цаашлаад үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх үүднээс Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан.

-Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлагч заавал ажиллахыг хуульчилсан. Хосуудтай хэр хугацаанд ажилладаг вэ?

-Эвлэрүүлэн зуучлалын хугацаа 30 хоног. Аль нэг тал хүсвэл дахин 30 хоногоор сунгаж болдог. Энэ хугацаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах, мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзуулж зөвлөгөө өгүүлэх, хамтран ярилцах, ганцаарчлан уулзах зэрэг ажиллагаа явуулдаг. Мөн өөрсдөө хүсвэл ойр дотнын ах дүү, найз нөхөдтэй нь уулзах ярилцлага зохион байгуулдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад удаагүй байгаа. Хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээлэл нэгдсэн санд бүртгэгдэхээр болсон. Хүчирхийлэлтэй тэмцдэг байгууллагуудтай эвлэрүүлэн зуучлагчид хэр холбоотой ажилладаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл цоожтой хаалганы цаана үйлдэгддэг, нууцлагдмал гэмт хэрэг. Хохирогч нь гэр бүлийнхээ нэр хүнд, үр хүүхдээ бодоод тэр бүр ил гаргадаггүй. Мөн янз бүрийн хамаарлаас үүдэж хүчирхийлэл дунд байдаг. Шинэ хуульд хүчирхийлэгчийг сургалтад хамруулах, ёс зүй болоод сэтгэл зүйг нь засах талаар заалтууд орсонд талархаж байгаа. Дан ганц шийтгээд байх биш тухайн гэр бүлийг хүчирхийлэлгүй, бат бөх байлгахын тулд урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сургах, шийтгэх гэх зэрэг бүхий л зүйлийг хуульд тусгасан.

Бидний хувьд сэтгэлзүйчидтэй байнга хамтран ажилладаг. Шүүхэд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж, гэр бүлд зөвлөгөө өгдөг. Мөн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл гүүр болдог. Мэргэжлийн сургалт, уулзалтыг байнга зохион байгуулдаг.

-Ихэнх улс оронд гэр бүлийн маргааныг тусгай шүүх шийддэг. Орчин нөхцөл, бусад хүмүүсээс тусгаарлах шаардлага гэх зэрэг хүний эрх талаас нь үзвэл гэр бүлийн шүүх тусдаа байх ёстой гэдэг. Манайд ийм шаардлага бий болов уу?

-Гэр бүлийн маргааныг шийддэг бие даасан шүүхтэй болох цаг үеийн шаардлага бий болсон. Гэр бүл бол нийгмийн гол харилцаа, төрийн үндэс. Тиймээс гэр бүлийн маргааныг шийддэг бие даасан шүүхтэй болох ёстойг судалгааны дүн ч харуулдаг. Жил ирэх тутам гэр бүлийн маргаан ихэсч байна. Гэр бүлийн маргаан бусад хэргээс онцлогтой. Гэрлэлтээ цуцлуулах гэж шүүхэд хандсан хүмүүс нууцлаг байхыг хичээдэг. Эргээд эвлэрсэн ч шүүхээр явснаа бусдад мэдэгдэхийг хүсдэггүй. Тиймээс энэ төрлийн маргааныг шийдэж байгаа байгууллагын ажиллах орчин, тэнд байгаа хүмүүс бүгд тэр онцлогт тохирсон байх шаардлагатай. Ядаж л үр хүүхдэд нь эерэг ойлголт өгөх нөхцөл шаарддаг. Гэр бүлийн амгалан тайван байдлыг хангах, бат бэх байлгахын тулд төр бодлогоо гүнзгий хэрэгжүүлээсэй гэж хүсдэг.

-Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хүмүүсийг ажиглахад салалтын гол шалтгаан нь юу байна вэ?

-Залуучууд сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж байгаа нь ажиглагдах боллоо. Нийгмийн асуудал ч гэр бүл салалтад нөлөөлж байна. Нэг нь гадаадад олон жил ажилладаг. Хоёр биенээсээ олон жил тусдаа амьдрахаар ойлголцохоо болих, бие биенийгээ үл хүндлэх асуудал бас байна. Архидалт бас салалтын том шалтгаан болдог. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, нэгийгээ гомдоох тохиолдол цөөнгүй байна. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, хүний гэр бүлийг үймүүлсэн хүмүүст хариуцлага тооцуулах хууль хэрэгтэй байна гэж ярих хүмүүс маш олон байдаг. Миний гэр бүлийг үймүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлж байгаа хүнд хариуцлага тооцуулахын тулд цагдаад хандах уу, шүүхэд хандах уу гэж асуусан хүмүүс олон бий. Хосын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлээс гадуурх харилцаанд төрөөс арга хэмжээ авах нь чухал гэж бодогддог.

1980-аад оны гэр бүлийг одоогийнхтой харьцуулъя. Тэр үед гэр бүл чөлөөт цагаараа гэртээ хамт, халуун дотно уур амьсгалтай байсан. Гэтэл одоо бүгд утсаа оролдох, телевиз үзэх гэх мэтээр тус тусдаа ажилтай болчихсон. Үүнийг судалгааны байгууллагууд зургаар илэрхийлсэн байдаг. Шинэ технологийг буруутгах аргагүй ч цахим ертөнц бий болсноор амьд харилцаа багассан. Эвлэрүүлэн зуучлалаар уулзуулахад “Энэ надтай ярилцдаггүй. Дэргэд утсаа оролдоод инээгээд суугаад байдаг” гэж гомдоллох хүмүүс байдаг. Ярилцъя гэхээр утсаараа өөр хүнтэй харилцаад, ар гэрийнхэнтэйгээ ярьдаггүй. Хайр сэтгэл нь хөрсөн гэхээсээ илүүтэй өнөөх нь зуршил болчихсон. Гэтэл эхнэр, нөхөр нь надтай ярилцахгүй, миний үгийг сонсохыг хүсэхгүй байна гэж гомдож явсаар салах шийдвэр гаргасан тохиолдол цөөнгүй бий. Сэтгэлзүйч ажиллаад, хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулахад ийм хүмүүс ойлголцдог.

Үүнээс гадна манайх, танайх гэж талцах, гэр бүлээсээ илүү аав ээж, ах дүүгээ илүү үзсэнээс болж маргалдсан хүмүүс ч байдаг. Гэр бүлийн зөрчилдөөнд энэ асуудал зонхилох хувь эзэлдэг. Үүн дээр гэр бүлийн хүмүүжил чухал санагддаг.

-Ямар шалтгаантай салсан гэр бүлийг эвлэрүүлэхэд хамгийн хэцүү байдаг вэ?

-Монголчууд гэр бүлийн нэр хүндийг маш их боддог. Үр хүүхдээ бодож байна гэж тэвчсээр л байдаг. Ингэж явж явсаар эцэст нь “Би яагаад ингэж амьдрах гэж” хэмээн тэсэрч, салах шийдвэр гаргадаг. Нас ахисан хүмүүс салахаар шүүхэд хандаж байгаа нь ихэнхдээ ийм шалтгаантай. Тийм хүмүүс шийдвэрээ өөрчилдөггүй учраас эвлэрүүлэх боломж хомс байдаг.

-Улс төрийн амлалтаас үүдсэн гэр бүлийн харилцаа, маргаан бас их бий болсон гэдэг. Шинэ гэр бүлд 500 мянган төгрөг төрөөс өгч байсан үед хуурамч гэрлэлтээ цуцлуулахаар хандсан хүмүүсийн тоо ч ихэссэн гэдэг юм билээ?

-Төрөөс гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг өгнө гэснээс болж тохиролцоод гэрлэлтээ батлуулсан, одоо салмаар байна гэж хандсан хүмүүс 2014 онд их байсан. Одоо харьцангуй цөөрсөн. Ер нь “500 мянгын гэр бүл” дууссан гэж ойлгож болно. Гэрлэлт батлуулчихаад ямар ч холбоогүй олон жил болсны дараа шүүхэд хандахад “500 мянган төгрөгийг одоо надад өгөхгүй бол гэрлэлтээ цуцлуулахгүй шүү” гэж ярих хүн хүртэл байсан.

-Өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл бас яригдаж байгаа. Үүнээс үүдэж хүмүүс гэрлэлтээ цуцлуулж төрөөс мөнгө авах хандлага үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

-Хоёр талтай. Өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж өгөх нь ахуй амьдралыг нь дээшлүүлэх төрийн бодлого. Гэхдээ манайхан аливаа асуудалд туйлширч хандах талтай. 500 мянган төгрөг өгч байхад мөнгө авах гэж гэрлэлтээ батлуулсан хүмүүс цөөнгүй байсан шиг заль гарахгүй гэх үндэслэлгүй. Ганц бие бол гадаад явах боломж бүрдэнэ гэж нэг хэсэг туйлширч гэрлэлтээ хиймлээр цуцлуулах хандлага байсан. Түүн шиг тэтгэмж авахын тулд гэрлэлтээ цуцлуулах оролдлого хийхийг үгүйсгэхгүй.

-Эвлэрүүлэн зуучлалаар эвлэрсэн хос дахиж салахаар шүүхэд хандах тохиолдол бий юү?

-Миний хувьд эвлэрүүлэн зуучлагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эвлэрч яваад дахин маргалдах, салахаар шүүхэд хандсан цөөн гэр бүл бий. Харин эвлэрүүлээд явсан гэр бүл нэгнийгээ хүчирхийлж, ямар нэгэн байдлаар гэмт хэргийн хор хохирол учруулсан асуудал гараагүй. Ер нь эвлэрсэн хосуудын олонхи нь бие биеэ ойлгож, хүндэлж гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалахыг ухамсарласан байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *