Categories
мэдээ цаг-үе

Д.Түвшинтөр: Би угаасаа хоолоо сойдог

Холбоотой Зураг

“Эмоци” продакшны захирал, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөртэй ярилцлаа.


-Та 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцож байгаа. Шоуны талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Мэдээж реалити шоу нэвтрүүлэг учраас өрсөлдөх ёстой. Гэхдээ миний хувьд нэвтрүүлэгт түрүүлэх бодол байхгүй. Мэдээж “Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг” шүү дээ. Та бүхэн нэвтрүүлгийн дундаас мэдэх байх л даа. Эмэгтэй хүн ямар арвич, хямгач, аливаад яаж ханддаг вэ гэдгийг харна байх. Мөн эрэгтэй хүн хэр үрэлгэн бэ гэдгийг ч бас харна. Ер нь эмэгтэй хүнтэй өрсөлдөх амаргүй юм билээ. Харин хоёр эрэгтэй хүн өрсөлдвөл боломжтой юм шиг санагдаж байлаа.

-Хүссэн зүйлээ идэж чадахгүй байх ямар байна вэ?

-Би угаасаа хоолоо сойдог. Учир нь их таргалахыг хүсдэггүй. Таргалснаар зүрх өөхөлдөг. Үүгээр ч тогтохгүй бүхий л өвчлөлтийн үндэс суурь нь таргалалтаас бий болдог гэж ойлгодог. Тэр утгаараа би хоолыг маш сайн сойж чаддаг. Тиймээс 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцоод айхтар өлсөөд байгаа юм алга.

-Хоолны дэглэмийнхээ тухай сонирхуулаач. Илүүдэл жингээс айдаг, зөв хооллолтыг эрхэмлэдэг хүмүүс сонирхох нь дамжиггүй…

-Би урлагийн хүн учраас үргэлж дэлгэц, тайзны өмнө гарч байдаг. Тэгэхээр биеийн формыг барихыг эрхэмлэдэг юм. Тийм ч айхтар бусдад зөвлөхөөр хоолны нарийн дэглэм бариад байдаггүй. Яахав өдөр сайн хоол иддэг. Заримдаа идэхгүй үе ч байна. Ер нь их цадталаа иддэггүй. Үргэлж чихээд байхгүй. Бас мэдээж өлсөж, цангаад яваад байна гэж юу байхав.

-“Эмоци” продакшны уран бүтээлчид энэ намар шоу тоглолт, кино гээд олон сайхан уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьж байгаа. Ер нь хэр амжилттай үргэлжилж байна вэ?

-“Эмоци” продакшн энэ намрын шоу тоглолтоо үзэгчдэдээ өргөн барьсаар байна. Сезоны тоглолт ч гэж ярьдаг л даа. Ямартай ч наймдугаар сарын 25-наас эхлэн үзэгчдэдээ хүргэж байгаа “Гоё өдөр” хэмээх шоу тоглолт маань амжилттай үргэлжилсээр байна. Тоглолттой зэрэгцээд “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 8-нд хийсэн. Кино театр, Соёлын төв өргөөгөөр зэрэг, зэрэг л уран бүтээлүүд маань үзэгчдэд хүрч байна даа.

-Шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа болов уу?

-Одоогоор шинэ уран бүтээлээ хараахан төлөвлөж амжаагүй байна. Харин “Гоё өдөр” шоу тоглолтоо орон нутгийнхаа үзэгчдэд хүргэхээр бэлдэж байгаа. Соёлын төв өргөөнд гарч байгаа тоглолт маань энэ сарын 27-нд өндөрлөх юм. Ингээд 28-наас эхлэн Багануур, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сайншанд, Бор-Өндөр, Чойр луу явна. Харин дараа нь хойшоогоо Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан гэсэн маршрутаар явах юм. Орон нутаг дахь аялан тоглолтоо өндөрлөөд арваннэгдүгээр сарын эхэн үеэр Өмнөдмонголд очиж “Гоё өдөр” шоугаа тоглоно. Ингээд л залгуулаад шинэ жилийн баярт зориулсан нэвтрүүлгүүдийн зураг авалт эхэлнэ байх.

-Та хошин урлагийн тайзтай холбогдоод хичнээн жил болж байна вэ?

-Сургуульд сурсантайгаа нийлээд 20 жил болж байгаа юм байна шүү дээ. Би 1997 онд СУИС-ийн кино, драмын ангид элсэн орж байлаа. Г.Нарансолонго маань ч гэсэн хамт элсэн орж байсан. Манай ангийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж багш дааж авсан юм. Нэгдүгээр курсээсээ эхлээд л шоу урлаг яаж үзэгчдэд хүрдэг талаар мэдэж, бага багаар сурч эхэлсэн дээ. Мөн оюутан байхдаа тайзны ард бужигнаж, олны хэсэгт ч тоглох үе гарна. Энэ бүгдтэйгээ нийлээд яалт ч үгүй 20 жилийн амьдрал минь тайзтай салшгүй холбоотой байсаар ирсэн байна.

-Таныг жүжигчин болохын тулд хоёр ч удаа конкурс өгч байсан гэж сонссон юм байна. Ер нь таныг жүжигчний мэргэжлийн юу нь ингэтэл нь их татсан юм бэ?

-Би багын хоёрхон л мөрөөдөлтэй хүүхэд байсан юм. Сансрын нисгэгч, эсвэл жүжигчин болох гэсэн л хоёр мөрөөдөлтэй. Харин дийлэнх бодол нь жүжигчин болохын төлөө хүсэж, тэмүүлж л дээ. Гэхдээ аравдугаар ангиа төгсөөд жүжигчнээс тэс ондоо мэргэжлээр сурсан. Түүндээ хүсэл, сонирхол байхгүй учраас орхисон л доо. Харин намайг 1996 онд бурхны оронд одсон Аси ах маань бэлдэж өгсөн юм. Тухайн үед М.Баярмагнай тэргүүтэй хэд, хэдэн жүжигчид элсэж орж байсан юмдаг. Гэхдээ би тэр жил тэнцэж чадаагүй. Гэтэл Аси ах маань “Зүгээрээ. Дараа жил маш мундаг, том найруулагч анги дааж авна. Тэгэхэд л тэнцчихвэл болно шүү дээ” гэж хэлж байсан. Тэр үг нь одоо ч гэсэн бодогддог юм. Ямартай ч ах минь алсыг харж, зөв хүний гарт халуун чихийг минь атгуулж дээ гэж баярлаж суудаг юм даа. Аси ахдаа болон Найдаа багшдаа үргэлж баярлаж явдаг. Миний өдий зэрэгтэй яваа минь Найдаа багшийн минь л гавьяа.

-Мөн таныг Ч.Найдандорж гуай “Х-ТҮЦ” продакшны босгоор алхуулсан гэдэг билүү?

-Тэгэлгүй яахав. 2001 онд төгсөөд л удаагүй байхад Найдаа багш маань “Хүрч ирж ажилдаа ор” гэж билээ. Тухайн үед “Х-ТҮЦ” продакшны захирал ч байлаа шүү дээ. Шавь нараасаа энэ л хошин урлагаар явах байх даа гэж харж байсан юм шиг байгаа юм. Миний хувьд гуравдугаар курст орсон жилээ Ш.Доржсүрэн буюу Дооёо ахын оронд их тоглодог байлаа. Дооёо ах Герман луу найруулагчаар сурахаар явж байсан үе л дээ. Тэрийг ч Найдаа багш эртнээс мэдсэн шиг байгаа юм. Амралтаараа ирээд л “Х-ТҮЦ”-ийн тоглолтыг хараад сууж байтал “Дооёогийн тоглолтыг сайн харж авна шүү. Удахгүй явна. Оронд нь чи гарна” гэсэн. Миний хамгийн их туршлага хуримтлуулсан үе бол яах аргагүй Дооёо ахын оронд тоглож байсан үе л дээ.

Энэ үеэс эхлээд л “Х-ТҮЦ” продакшныхаа олон ч уран бүтээлд оролцон тоглосон. Продакшны маань олон сайхан бүтээлүүд бий. Тэр дундаа дэлгэцийн сайн бүтээлүүд байдаг. Түүний нэг нь яах аргагүй “Сэргээш-1, 2, 3” гэж боддог. Эргээд үзэхэд хамгийн их дурсамжтай басхүү хөдөлмөр шаардсан бүтээл дээ. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад манай “Сэргээш”-ийг гүйцсэн хошин урлагийн дэлгэцийн бүтээл үнэндээ алга. Үнэхээр гайхалтай, дахин давтагдахааргүй бүтээл болж чадсан гэдэгт эргэлздэггүй. Тэр сайхан бүтээлд дүрээ мөнхөлсөн гэж бодохоор их сайхан санагддаг шүү.

-Та “Сайн, муу, хэрцгий гурав” хэмээх дэлгэцийн бүтээлд тоглож байсан. Таны хувьд эсрэг дүрд тоглоход ямар санагдсан бол?

-“Эсрэг дүрд сайн тоглож чадна, сурна гэдэг бол жүжигчин хүний авьяас, чадварыг улам өнгөлж байдаг. Ер нь хэдий адгийн муу хүн байлаа ч нэг сайн чанар байдаг юм шүү дээ” гэж мөн л бурхны оронд одсон Ардын жүжигчин Б.Дамчаа гуай хэлж байсныг ихэд олзуурхан сонсож байсан юмдаг. Тэгэхээр хэдий муу дүрд тоглож байгаа ч түүний сайн тал нь юу байна гэдгийг анзаарах нь чухал юм шиг. Амьдрал дээр ч тэр ямар ч муу хүн байсан нэг сайн чанар цухуйдаг шүү дээ. Цайлган, өглөгч, хүүхдүүдийг хайрладаг, эмэгтэй хүнийг хүндэлдэг гээд сайхан чанарууд нуугдаж л байгаа. Үүнийг нь л дүрээ бүтээхдээ олж харах хэрэгтэй юм билээ л дээ. Надад бол эсрэг дүр бүтээх амаргүй юм шиг санагдсан. “Сайн, муу, хэрцгий” уран сайхны кинонд тоглохын сацуу зургийн даргын ажлыг хариуцсан юм. Дүрээ ч бодох хэрэгтэй, даасан ажлаа ч амжуулах гээд их л завгүй, нөр их ажилтай өдөр, хоногууд байсан санагдаж байна. Энэ мэтчилэн жүжиглэхийн сацуу ганц, хоёр кинон дээр ажиллаж үзсэн. Өнгөрсөн оны шинэ жилээр үзэгчдэд хүрсэн “Гацуурхан” хэмээх дэлгэцийн бүтээлд өөрийн тоглох хэсгээ телевизийн багтай хамтарч найруулсан. Хүнийг яаж инээлгэх вэ, логик дараалал нь ямар байвал зүгээр вэ гээд их л зүйл бодох шаардлага гардаг юм билээ дээ.

-Аль нутгийнх вэ. Зуны дэлгэр цагт нутаг усаа зорьж амжив уу?

-Би Өврийн сайхан хангай нутгийн хүн л дээ. Саяхан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдүгээр арван жилийн тавин жилийн ой тохиолоо. Манай ангийнхан ойгоо тэмдэглэхээр нутаг руугаа зорьцгоолоо. Ангийнхан маань намайг явсангүй гээд тун дурамжхан байна шүү. Ямартай ч багштайгаа утсаар ярьж ойн мэндийг хүргэсэн. Ой арга хэмжээ өргөн дэлгэр, их сайхан болж байна гэсэн мэдээ л чих дэлсэж байна даа. Хэдий явмаар байв ч тоглолтоо орхиод явж болохгүй. Урлагийнхан “Гутлаа тайлах” гэж ярьдаг юм даа. Тэр нь ар гэрт нь ямар ч асуудал гарч, ээж, аав нь хорвоогоос одсон ч тайзнаа гарах ёстой гэсэн үг л дээ. Урлаг ийм л хатуу хуультай.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл тавуулаа. Би гурван сайхан хүүтэй хүн.

-Урлагаас өөр сонирхлыг тань татдаг, цаг заваа зориулдаг зүйл бий юү?

-Яг үнэнийг хэлэхэд өөр зүйлд сатаарах цаг зав тун бага олдох юм. Тоглолтын хажуугаар орон нутгийн тоглолт, Өмнөдмонгол руу явах асуудал гээд өдөр болгон л янз бүрийн ажил ундарч байна.

-Ингэхэд та уурлаж бухимдсан, стрессдсэн үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ?

-Ганцаараа тамхи нэрээд л суувал тайвширна шүү. Гэхдээ би аливаа зүйлд “сугаа өргөдөг” болчихсон. Жижиг, сажиг зүйл дээр хэрүүл маргаан гарвал хэдий миний буруу биш ч уучлал гуйгаад л өнгөрдөг. Ингэснээр би өөрийгөө тайван байлгаж байгаа юм. Хүнтэй хэрүүл маргаан хийлээ гээд надад аз жаргал, амар тайван байдал ирэхгүй нь лавтай. Тийм учраас сониныхоо уншигчдадаа ч гэсэн хэлэхэд аливаа зүйлийг дэвэргэж байснаас “сугаа өргөөд” л өнгөрөөчих хэрэгтэй шүү. Ер нь хэн хэнийгээ уучилж амьдрах, аядуу тайван байх чинь сайхан шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *