Categories
мэдээ цаг-үе

​Д.Түвшинсайхан: Legend төслөөрөө бид Бөмбөгөр ногооны үед тайзан дээр гарсан үндэсний урлагаа дэлхийд гаргана


Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхантай ярилцлаа.


-Наадмын үеэр болох “Legend” шоуны хөгжмийн найруулагчаар таныг ажиллана гэж сонслоо. Ерөнхий найруулагч нь төрийн соёрхолт Н.Наранбаатар гэхээр мундагууд гар нийлж ажиллах нь. Үндэсний агуулгатай шоу гэв үү?

-Ер нь бол тийм. Синтез шоу.

-Холимог шоу гэдгээ энгийнээр тайлбарлаач?

-Дуутай, бүжигтэй, хөгжимтэй олон урлаг нийлүүлсэн синтез шоу байх юм. Дуурьтай ч төстэй юм шиг, хөгжимт драмтай ч ойрхон юм шиг, балеттай ижил ч юм шиг. Синтез буюу холимог гээд байгаагийн учир энэ. Илэрхийлэл бол чөлөөтэй. Чөлөөтэй сэлнэ. Гэхдээ цаанаа уламжлал дэгийг төв барина. Ер нь бүгд хоорондоо холбогдоно. Арын дэлгэц гэхэд гэрлийн хөгжлийг ашиглана. Өнөөдөр хэлбэр агуулгын дайн болчихоод байна л даа. Агуулга багатай хэт их хэлбэржсэн тал руугаа эргэчихсэн. Энэ хоёрыг дэнслэх учиртай. Хэт хэлбэрдлээ гээд хуучнаа баривал орчин үеийн хүмүүсийн оюун санааны хэрэгцээг хангаж чадахгүй. Хэт шинэчилнэ гэж зүтгээд сүнсээ аваад хаячихаж болохгүй. Leg­end төслийн хувьд энэ хоёрын тэнцвэр дээр зогсоно. Эцэст нь дахиад онцлоход Legend төсөл язгуурын үзэл санаа, язгуурын аялгууг өөртөө шингээхээс гадна гадны жуулчдад дэлхийн хэлээр урлагаа хүргэх гүүр болно. Ардын, язгуур урлагаа хөгжингүй хэлбэрээр хүргэж байж тэд биднийг шилбүүр унасан хүүхэд төдийнхнөөр төсөөлөхөө больж, тэс өөрөөр харна. Боловсрол, соёлоороо академик түвшнийх гэдгээ гадныханд харуулах цаг болсон.

-Жуулчид гэснээс гадаадын улс орнуудад үндэсний язгуур урлагаа ямар ч улсын иргэд сонирхохоор шоу болгосон байдаг. Тийм л шоутай болох гэээд Н.Наранбаатар найруулагчтай гар нийлжээ дээ?

-Сая жуулчин авна гэж ярьж байна. Сая жуулчин татах сууриа тавьсан цагт л энэ мөрөөдөл ажил болно. Тийм хэмжээний жуулчин татах нэг том суурь бол та бид хоёрын яриад суугаа энэ шоу. Таны хэлсэн үнэн л дээ. Жуулчдыг татаж чадсан бүх улс язгуур урлаг, уг үзэл санаандаа суурилсан супер шоунуудтай. Бид ийм шоу хийх цаг болсон. Хамгийн гол нь монголчуудаас өөр хэн ч энэ шоуг хийж чадахгүй.

-Legend шоунд ардын дуунууд дуулагдана гэл үү?

-Тэгнэ.

-Ямар дуунууд дуулагдах бол?

-Одоохондоо нууцалъя.

-Тэгвэл сонгосон дуучдаа сонирхуулаач?

-Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, уртын дуучин Г.Энхбаатар, Д.Жавхаасайхан, Т.Баянжаргал, Б.Алтанжаргал, Д.Үүрийнтуяа, О.Анхчимэг, С.Эрдэнэцэцэг нарыг сонгосон. Хэлбэрээ зөв тэгш барьж байгаа учраас сонгосон юм. Жишээ нь Энхбаатар, Мөнхбаатар хоёулаа цээл хэрнээ, хоёр өөр. Баянжаргал залуу дуучин. Залуусыг таниулах үүрэг байх учиртай. Эд л нэг төв голчтой зөв дуулж байна даа гэсэн уран бүтээлчдийг өндөр шүүлтүүрээр сонгосон. Бүгдээрээ ард түмэнд танигдсан, өөр өөрийн гэсэн донжтой. Шоуны бүх үйл явдлыг есөн дуучин илэрхийлээд явах юм. Хөтчийн хэлбэртэйгээр.

-Ардын дуунууд социализмын үед нэлээд хувьссан, байранд нь аваачиж тавих цаг болсон гэж та ярилаа. Тэгж их өөрчлөгдсөн хэрэг үү?

-Социализмын үзэл сурталд баригдаад ардын дуунууд маш их хувьссан байдаг юм. Дуулах хурдацын хувьд өөрчлөгдсөн. Шүлэг нь хүртэл өөрчлөгдсөн. Буцаагаад байранд нь аваачих ёстой. Legend синтез шоунд дуулагдах дуунууд яг хуучныхаараа байна. Энэ тоглолтод дуулагдахгүй “Ай нанаа”-гаар жишээ авч ярья. Хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн дуу. Хүүгээ болчимгүй үйлдэл хийлээ гэж зэмлээд байгаа юм шиг мөртлөө цаана нь эцэг хүний хувьд үрээ өмөөрөх сэтгэл тод харагддаг. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг дээ. Яг тэр сэтгэл зүй. Хүүгээ алдсандаа халагласан хүн морьтой давхихгүй. Морины алхаа нь ямар байх вэ гэдгээс эхэлнэ. Энэ мэт харах юм их л дээ. “Legend” синтез шоунд дуулагдах ардын дуунуудыг яг ийм маягаар цогцоор нь бүтээнэ. Жүжиглэлт, бүжиглэлт, дуулалт, ахуй байдал нэгэн цогц болж гарч ирэх юм.

-Олонх дуучин дууныхаа утга, ухаан, уг учрыг гаргахгүйгээр зүгээр л дуулаад байна гэсэн шүүмжлэлийг хэд хэдэн хүнээс сонссон. Гэхдээ ардын дууны хувьд хуучны үгийг энэ цагийнхан ойлгохгүй гэх мэт илэрхий шалтгаанууд бий гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хуучирсан үгсийг ойлгохгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ. Гадаад хэлээр яриад байгаа мэт утга нь бууж өгөхгүй зовлон бий. Ингэчихээр ямар түүх өгүүлээд буйг нь мэдэхгүйгээр хөгжим сонсдог өвчин эхэлчихэж байгаа юм. Legend шоу энэ мэт бэрхшээлийг арилгах, давах хэлбэртэйгээр хийгдэнэ. Ардын дууг урлагийн өөр төрлүүдээр задалж гаргаж тавина. Өөр урлагийн төрлүүдээр ахиад задална гэсэн үг. Тэгж байж бид сүнсээ авч үлдэнэ. Leg­end шоуг зориод ирсэн хүмүүс ардын дууг бүжиг, хөгжим, дэлгэцийн хэлээр нэг дор мэдэрнэ. Тус тусад нь биш нэг доор. Энэ тохиолдолд тухайн хүний төсөөлөл магадгүй бүтэн болно. “Уяхан замбуутивийн наран”-г сонсохоор ертөнцөөс гарч хязгааргүй орон зайд орчих шиг болдог. Логик, философи нь тийм. Гэтэл бид энэ дууг дуулахдаа дууныхаа философи руу орж чадахгүй байна. “Уяхан замбуутивийн наран”-г дуулахдаа инээвэл яахав. Дотоодод нь нэвтэрч, төсөөлж, төвлөрч дуулвал бараг өөрт байхгүй хоолойгоор гайхалтай дуулна. Гэтэл өнөөдөр дуучдын ихэнх “Би ямар харагдаж байгаа бол” гэсэн хандлагаар дуулаад байна. Ингэчихээр мөн чанараа гээж, зугаацлын төдий болчихож байгаа юм.

-Ардын дуунууд дуулагдана гэхээр үзэгчид нь насны ч юм уу, урлагийн мэдрэмжийн хувьд хязгаарт баригдах нь ээ дээ. Залуус зорьж очоод үзэх шоу мөн үү гэж асуух гээд байна л даа?

-Товчхондоо наадмаар гэр бүлээрээ үзэх шоу гэж хэлмээр байна. Зорьж ирсэн залуусын хувьд уйдах цаг гарахгүй. Уртын юмуу, ардын дуу гэхээр хятад торгон дээл өмссөн нэг нөхөр гарч ирээд гараа урдаа бариад хангинуулчихдаг гэсэн нийтлэг ойлголтыг эвдэх учраас уйдахгүй. Операг хэд ч үзээд уйддаггүй шиг гэмээр юм уу. Э.Амартүвшингээс дуурьт дурлагчид уйддаггүй нь цаанаа шалтгаантай. Зөв сайн байхын үнэ цэнэ л дээ. Ганган гэж үг байна аа, гоёос ч илүү сайхан гэсэн утгатай. Үг нь хүртэл ганган. Яалт ч үгүй гоё юмыг ганган гэхээс аргагүй. Ер нь ардын дуу аялгуу, өгүүлэхүйн хувьд ганган. Уран бүтээлчийн хувьд хэлэхэд монголчууд урлагаараа дамжуулж өөрийгөө нээх, өөрсдийгөө танин мэдэх цаг болсон. Өөр рүүгээ өнгийж, дотоодоо ухаж сэрж чадвал яадгийн тод жишээ нь дэлхийг шуугиулж яваа The Khu хамтлаг.

-The Khu хамтлагаар жишээлсэн чинь санаанд бууж байна шүү. Legend шоу үндэсний, язгуур урлагийг дэлхий ойлгож, үнэлж, шагшихаар хэмжээнд гаргаж ирэх нь, тийм үү?

-Тэгж ойлгож болно. Монгол гэхээр л бүдүүлэг хоцрогдсон гэх мэт бараан талын төсөөллүүд давамгайлах ёсгүй л дээ. Мөн чанараа нээж, ойлгож, бүтээчихээр цоо шинэ зүйл болоод гараад ирж байгаа юм. Та бид хоёрын яриад байгаа The Khu-гийн Америк, Европыг бишрүүлээд яваа нууц ерөөсөө л энэ.

-The Khu хамтлагийн дууг сонсохоор монгол хөгжимд бас учир байх шиг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Том оркестр удирддаг гадны удирдаачид монгол хөгжим хүчтэй дуугардаг гэдэг юм. Дуугаралтын хүч биш л дээ. Уг, цаана нь өөр хүч байна гэсэн утгатай үнэлгээ. Арай өөр, илүү хүчтэй сонсогдож байгаа тэр мөн чанарыг нь л харуулах хэрэгтэй.

-Legend шоунд ямар хөгжмүүд эгшиглэх вэ?

-Европ, үндэсний гээд бүх л хөгжмийн зэмсгийг ашиглана. Студийн түвшинд бүтээсэн хөгжим ч дуугарна. Хамгийн сүүлийн үеийн программ ашигласан, өндөр хэмжээний дуугаралт сонсогдоно.

-Өмнө нь ийм шоу хийгдэж байсан уу, манайд?

-Хийгдэж байгаагүй. Төстэй гэвэл ганц хоёр бий байх. Дахиад хэлье, хуучин, шинэ цаг нэг түвшинд явна гэсэн үг. Хөгжим дээр гэхэд л заавал монгол дуурьсал байх ёстой гэсэн зарчимд баригдахгүй. Хөгжингүй байх ёстой. Гэхдээ яг цаад талдаа монгол уламжлалт хэв маяг, дуулах ая данг эвдэхгүй. Дуу бүтэн дуулагдахгүй. Хэзээ хойно нэг ая нь дуулагдах ч юм уу, яаж ч холилдож болно. Энэ бол үндсэндээ шоу драм. Түрүүн хэлсэнчлэн олон урлагийг нийлүүлсэн синтез шоу.

-Жилийн жилд л нэг тийм нүсэр залхмаар тоглолт болдог. Уртын дуу, хөөмий, уран нугаралт гээд дараалсан номеруудтай, тэрийг нь үзэгчид бараг цээжээрээ мэддэг. Энэ өнгө эвдэгдэх нь гэсэн олзуурхал төрлөө…?

-Legend-ээс монгол ахуй сүртэй харагдахгүй ч ахуйд шингэсэн философилог чанар, гүн үзэл санаа нь мэдрэгдэнэ. Дорныхон цээж хавтаслах гэж ярьдаг даа. Цээжинд үлдсэн зүйлс гэж. Орчин үеийн нүргээнд энэ маань эвдрээд алга болж байна л даа. Хэлбэр нь эвдрэхээрээ үндэс нь эвдэрчих гээд байдаг. Legend шоу маш орчин үеийн шийдэлтэй, технологи гэх мэт талаасаа супер шоу маягтай болох ч нөгөө талдаа язгуурын, үлдээх учиртай зүйлээ хадгална. Учиргүй эвдэхгүй. Этник бол өөр хөгжим. Манайхан ойлгохгүй байгаа анзаарагддаг. Этник гэхээр уламжлалт гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ этник бол зохиомол. Уламжлалт хэрэгсэл, уламжлалт дэгийг тодорхой хэмжээнд эвдээд, өөр хөгжмийн аяст оруулаад шинэчилж гаргаж ирдэг зүйл. Үүсмэл хэрнээ танигдахуйц. Тэр утгаараа бид дууны урлаг руу явбал үндсээ барина гэж харсан.

-Та Legend төсөл гэж хэд хэдэн удаа ярилаа. Энэ шоу ирэх жилүүдэд үргэлжлээд явах нь ээ дээ?

-Тэгнэ. Цуврал болоод явна. Ирэх жил дуунууд нь солигдоод энэ янзаараа болж магадгүй. Эсвэл өөр хэлбэрээр ч гаргаад ирж мэднэ. Мюзикл, хөгжимт драмын хэлбэрээр гаргаад ирэхийг үгүйсгэхгүй. Миний хувьд уламжлалт чигээ орхихгүй байхсан гэсэн бодолтой яваа. Тайзны хэлбэр дээр бол шинэ рүү тэмүүлэх учиртай. Монголчууд үндэсний урлагаа Бөмбөгөр ногооны үед тайзан дээр арай өөр түвшинд гаргачихсан. Одоо бүр өөр өндөр түвшинд, дэлхийд гаргамаар байна. Дэлхийд гарах гүүр нь Legend төсөл гэж бид харж байгаа. Тэр утгаараа Leg­end бол урт хугацаанд хэрэгжих төсөл.

-Бидний яриад суугаа шиг супер шоунууын тухайд урлагийн ямар ч түвшний мэдлэгтэй хүмүүс нэг дээвэр дор цуглаад автаж, дурлаж сонирхдог төрөл шиг санагддаг. Энэ хэр зөв төсөөлөл бол?

-Зөв гэж хэлнэ. Үзэгч хөгжим, модерн балет, драматургийн талаар ямар мэдлэгтэй орж ирэх нь чухал биш. Бүр гүн мэдлэгтэй хүн орж ирлээ гэхэд мэргэжлийн нарийн зүйлийг олж хараад гарна. Энгийн хүмүүсийн хувьд таашаалаа мэдэрч, хөгжмөө сонсоод гарна. Аль аль талын хэрэгцээг хангана.

-Таны түрүүн хэлсэн хятад торгон дээл өмсчихөөд гараа өмнөө бариад дуулдаг гэсэн шүүмжлэл яалт ч үгүй бодож үзэхээр хатуу үг. Тэгэхээр Legend шоу монгол хувцсыг ч өөр түвшинд харуулах уу?

-Та зөв харсан байна. Хувцас мөн л бие даасан урлаг. Тэр утгаар нь тоглолтын хувцсуудыг нэртэй дизайнеруудаар хийлгэнэ. Энэ мэт чимхлүүр ажиллагаануудыг орхихгүй. Точвхондоо Монголын мэргэжлийн урлагийг Монголын ард түмний тээж ирсэн гоо зүйн үзэл, вкусыг илэрхийлэхүйцээр тайзан дээр гаргаж тавина. Урлагийн маш том үүрэг бол манлайлах, дагуулах. Үзэгчдийнхээ вкусын түвшинг ахиулна гэдэг бол манлайлах үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байна гэсэн үг.

-Legend шоу хэзээ болох вэ?

-Долдугаар сарын 6-11-ний 19.00 цагт Corporate conven­tion center-т болно. Наадмаар бөх, морь гэсхийгээд үзэх зүйл барагладаг. Энэ жилийн хувьд Legend шоу үндэсний урлагаа дэлхийн хэмжээний чанар дэглэлтээр үзэх боломжийг монголчууддаа олгож байна. Гэр бүлээрээ ирж үзэхэд уйдамгүй, өндөр мэдрэмж, таашаал өгсөн шоу болно. Тайзны бүтээлийн нэг онцлог бий. Кино шиг хэзээ ч давтаж үзэж болдоггүй. Яг тухайн агшны жүжиглэлт, бүжиглэлт, дуулалт эргэж давтагдахгүйгээрээ үнэ цэнэтэй байдаг.

-Legend төслийн бэлгэдэл хээ дүрс их өвөрмөц юм. Утга, бэлгэдэл нь юу вэ?

-Язгуурын нүүдэлчдийн соёлоо өмгөөлөн хамгаалж, арвижуулан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхээ бэлгэддэг зээ бад хээг брэндийн дүрст бэлгэ тэмдэг болгон сийрүүлж буулгасан юм. Энэ хээний хувьд муу зүйлийг хорьж, сайн үйлс саарахгүй дэлгэрч байхын бэлгэдэлтэй. Үхэр хамартай, тэмээн чихтэй, адуун соёо шүдтэй, хонин эвэртэй, ямаан сахалтайгаар дүрслэгддэг хээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *