Categories
мэдээ цаг-үе

Д.Төрмөнх: “Санкара” эссэ романдаа өөрийнхөө үнэн түүхийг л бичсэн

Зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Доржхандын Төрмөнх 1959 онд Улаанбаатар хотод зураач гэр бүлд төржээ. Түүний аав ээж, дүү нар нь бүгд зураач байсан бөгөөд өөрөө ч тэрээр Дүрслэх урлагийн сургууль төгсчээ. 1980-аад оноос уран зохиол, яруу найраг бичиж эхэлсэн бөгөөд түүний шүлгээр бүтсэн Б.Сарантуяагийн дуулсан “Аниргүйн шивнээ”, Т.Ариунаагийн дуулсан “Дурлал шиг асна”. Камертон хамтлагийн дуулсан “Халуун тэнгэр”, Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Ч.Насантогтохын дуулсан “Амин насны урсгал”, “Хар сарнай”, “Нисванис”, “Булсара”, “Харанга” зэрэг хамтлаг, дуучдын 30 гаруй дуунууд байдаг. Д.Төрмөнхийн зохиолоор бүтсэн “Бодлын хулгайч” уран сайхны кино 2012 оны Академи авардсаас “Шилдэг кино зохиол” хүртсэнээс гадна зургаан номинацид тэргүүлж оны шилдгийн шилдэг Гран При шагнал хүртсэн юм. Мөн түүний Бельгийн вант улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Нохойн орон” кино дэлхийн кино наадмуудаас 23 тэргүүн, дэд шагнал хүртсэн билээ.


-Та чинь МҮОНТ-ээс угшилтай уран бүтээлч байх аа?

-Наян найман оноос Монголын үндэсний телевизэд анх туслах найруулагчаар орж ассистент найруулагч, найруулагч боллоо. Ерэн оноос сэтгүүлчээр ажилласан.

-Тэр үед ямар нэвтрүүлгүүд бэлдэж байв?

-“Цомирлог” хөгжим мэдээллийн теле сэтгүүл, “Товч толь” теле сэтгүүл, “Дорнын яруу найраг”, “Авах гээхийн ухаан” зэрэг нэвтрүүлэг бэлтгэж байсан даа. 1995 оноос “Товч толь” нэвтрүүлгийнхээ нэрээр сонин гаргаж байгаад их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны хар цагаан киног плёнкоор хийж кино салбарт гараагаа эхэлж дээ. “Бизнес таймс” сонины анхны эрхлэгчээр ажиллаж асан ерэн зургаан оны үед Бельгийн вант улсын найруулагч Петер Бросестой хамтран “Талын хот” баримтат киног хийсэн маань Ёорис Айвенсийн шагнал хүртдэг юм байна.

-Таны бараг овог шахуу болчихсон “Нохойн орон” киногоо хэзээ бичсэн юм. Зарим хүмүүс эл бүтээлийг чинь Монгол орноо хэт муучилж гаргасан гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ?

-Хүмүүс энэ киног сонссон нь их болохоос үзээгүй нь ихэнх нь л дээ. Ерэн найман онд бүтээсэн кино. Ерөөсөө Монголоо муулсан юм энэ кинонд огт байхгүй шүү дээ. Монголчууд нохойг яаж хайрладаг, нохой үхээд хойд төрөлдөө хүн болж төрдөг тухай буддизмын чиг шугамыг барьж хийсэн кино л доо. Хийгээд хориод жил болчихож байгаа киноны тухай л хүмүүс дандаа асуух юм. Аягүй зовлонтой юм.

-Зовлон ч юу байхав дээ, харин ч бүтээгчийн жаргал л даа. Та харин мөнхийн бүтээл хийчихсэн юм биш үү?

-Одоо ямар “Та нар үзээч” гэлтэй нь биш. Энэ сэдэв ч надад жаахан хуучирсан зүйл болох гээд байна л даа.

-Үзээч гэснээс цахим орчинд тавьсан бол уу?

-Youtube-д тавиагүй. Би нэг хэсэг нэлээн хэдийг хямдхаан DVD-гээр нь зарсан шүү дээ. Ойр байдаг хүмүүстээ л CD-гээр үнэгүй тарааж өгдөг юм. Энэ кино маань дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн. Саяхан хүртэл Германд нэг шагнал авсан байна. Уржнан билүү, ноднин бил үү Францад энэ киноны үзлэг болсон. Баруун Европын мэргэжлийн кино урлагийн том сэтгүүлд Дэлхийн кино урлагт өөрчлөлт авчирсан 50 киноны нэгээр шалгаруулсан байна лээ. Тавьхан кинонд багтахыг бодоход гайгүй л юм хийчихсэн юм байлгүй дээ гэж боддог юм шүү дээ. Ганцхан би ч мундагтаа хийчихсэн юм биш л дээ. Петер Бросес гэдэг мундаг кино найруулагч гаднын нүдээр, би дотоод нүдээрээ харахаар л хоорондоо нийлээд жаахан сонин юм болсон юм бол уу. Хэлбэр хийцийн хувьд сюрреалист маягийндуу, баримтат кино ч юм шиг, нөгөө харахаар уран сайхны кино ч юм шиг завсрын бүтээл болсон. Ер нь ямар ч ашиг олоогүй кино шүү дээ. Жар далаад фестивалиас есөн гран при, 23 тэргүүн дэд шагнал авсан л бүтээл юм л даа.

-Барууны оронд ганц ийм кино хийчихэд л насныхаа хоолтой залгачих байх шүү?

-Үгүй яахав дээ, кино гэхээр л хүмүүс Холливудын зэргийн л юм бодоод байгаа байхгүй юу.

-Холливудын кино бүтээл биш үү?

-Кино чинь ерөнхийдөө хоёр янз шүү дээ. Нэг нь бол цэвэр нийтэд зориулсан бүтээлүүд, тэрний гол төлөөлөгч нь яалт ч байхгүй Холливуд л даа. Нөгөөдөх нь арт маягийн кинонууд. Ийм кинонууд фестиваль энэ тэрээс шагнал авдаг боловч мөнгө олохдоо тааруу. Ер нь олохгүй дээ. Тэгсэн мөртлөө их сонин нь хамгийн их мөнгө олоод байгаа кинонууд фестивалиудаас шагнал авдаггүй байх жишээний. Акира Курасова ч гэдэг юм уу, Тарковский энэ тэр гээд найруулагчид сэтгэлгээний чиглэлийн арт маягийн кино хийдэг. Тэр нь болохоор мөнгө олоод байдаггүй ч их нэр хүнд сайтай. Кино урлаг чинь хамгийн азгүй урлаг.

-Яагаад?

-Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай. “Нохойн орон”-ыг бельгүүдийн мөнгөөр хийсэн. Одооны энэ Ерөнхийлөгч Баттулга л тухайн үед надад тусалж, гадаадын хүний өмнө нүүр улайхааргүй зочид буудал энэ тэрд байлгаж, мөнгө төгрөг өгч хувь оруулсан даа.

-Таны “Санкара” эсээ роман чинь шарагчин нохой жилийн оны шилдэг номоор шалгарсан. Зохиолч Аюурзана гэхэд “Үнэхээр сайн ном болжээ” гэж шагширсан байсан?

-Хүн гэгч бүх насаараа хариу үйлдэл хийсээр хорвоог бардаг амьтан. Үүнийгээ амьдрахуйн төлөө тэмцэл ч гэх нь бий. Энэ хариу үйлдлийг Бурхан багшийн пали хэлээр санкара гэнэ. Цуглуулсан санкара үйлийн үрийг бий болгоно. Энэ ном бол социализм гэх нийгэмд өсөөд өөрчлөгдсөн, өөрчлөгдөж яваа хүний түүх, бүх насаараа хуримтлуулсан санкарагийн тухай түүх юм. Хүний ухаан сайн сайхан үеэ санадаг хэрнээ ядарч явснаа мартаж орхидог. Сайханд шунан тэмүүлэх ч ялгаагүй хариу үйлдэл. Хүн бүхэн хүүхэд байснаа тэгтлээ санаад байдаггүй шүү дээ. Хүчгүй сул дорой хүүхэд эргэн тойрондоо байх томчуудаас айж явсан болоод санадаггүй байх л даа. Миний эмээ “Муу юм бодох нь тийм юмаа захиалж буй хэрэг” гэж багад сургадаг байсан. Би муу юм боддог хүүхэд байгаагүй ч санаандгүй хийсэн үйлдлийн үрээр муу муухайг ханатлаа үзсэн нэгэн дээ. Миний түүх бол амьдралын ёроолд хаягдсан ч тэмцэж боссон түүх төдийгүй, нийгмийн амьдралын тусгал байх тул би энэ номыг бичих гэж долоон жилээ зарцуулсан. “MNC” телевизээс оны шилдэг ном шалгаруулахад Урианхай багшийн арван боть тэргүүн номоор, миний “Санкара” роман шилдэг номоор шалгарсанд баярлаж байна. Номын дэлгүүрт очоод удаагүй байгаа. Хаа очиж маш их сайн гүйгдэж байна. Ганц Аюураа ч биш магтсан зүйл бичих л юм. Уншигчдад яагаад тэгж таалагдаж байгаа юм бол гэхээр үнэн түүх учраас хүчтэй хүрч байгаа юм бол уу гэж бодож байгаа.

-Ямар төрлийн роман билээ?

-Төрөл жанрын хувьд жаахан сонин. “Асуух нурууны эмч аргагүйн эрхэнд луйварчин” гэдэг багадаа уншсан номыг маань “Непко” шинээр хэвлэснийг авч уншсан. Тэр нь Нью-Йоркод болж байгаа үйл явдалтай. Би Нью-Йоркод амьдарч байсан. Тэрнийхээ тухай “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гэдэг жижгэвтэр ном бичээд гаргатал хурдан зарагдчихдаг юм. Тэр номоо урагш, хойш нь залгаж бичсээр “Санкара” болчихсон. Хэрэг түвэгт холбогдож байсан энэ тэрээ хүртэл бичсэн болохоор хүмүүст их сонин санагдаад байгаа юм бол уу. Арай л хэтэрхий илэн далангүй биччихсэн юм билээ. Номын тухайд зохиогч гав ганцаараа сууж бичдэг, уншигч ганцаараа уншдаг. Киног театрт олуул сууж байгаад үздэг. Гэртээ, зурагтаар ч ялгаагүй олуул л үзнэ шүү дээ. Тиймээс ном бол аминч яриа, их хувийн чанартай зүйл юм байна аа гэдгийг би ойлгосон. Зарим уншигч “Эрэгтэй хүн би, би. Би мундаг гээд их эготой байдаг. Тэгэхэд өөрийнхөө ядарч зүдэрч явсан, орон шоронд байсан хамаг юмаа илэн далангүй биччихдэг ямар сонин юм бэ” гэж яриад байгаа юм л даа. Тэгж л бичихгүй юм бол зохиолч гэж яваад яах юм. Г.Аюурзанын “Хэлэх юмгүй байж л ярих гэсэн хүмүүс

Хаа сайгүй…

Хэнд ч бай муу үг олж наахын төлөө л амьдарч яваа мэт хүмүүс

Хаа сайгүй…” гэсэн нэг шүлэг байдаг даа. Ярих юмтай байгаа хүн л ярих ёстой гэж би ч бас бодоод байгаа юм л даа.

-Та бол яах аргагүй ярих юмтай уран бүтээлч л дээ?

-Би ч одоо кино зохиолч ч юм уу, сэтгүүлч ч юм уу, зохиолч ч юм уу. Тэрийгээ бүрэн тодорхойлж чадахгүй. Гэхдээ би ярих юмтай л хүн. Зарим юмыг киногоор яривал зохилтой. Нийгмийн асуудал хөндсөн зүйлийг нийтлэлээр яривал зохилтой. Зарим юмыг ном болгож бичиж уншигчдад хүргэх нь зүгээр гэж бодоод л өөрийгөө уудалсан. Цахим ертөнцөд автаад хүмүүс төвлөрч чадахаа байсан, мэдээллийнх нь бараг ерэн хувь хар мэдээлэл ноёлсон ийм үед чимээгүй ганцаараа суугаад унших ном маань сэтгэлийн яриа байж байж л хүнд хүрнэ гэсэн бодол надад байсан л даа. Би анх биччихээд найз нөхдөдөө цахимаар явуулсан. Х.Баттулгад явуулчихаад, бясалгалд арав хоног суучихаад гараад ирсэн чинь над руу их олон удаа залгачихаж. “Яасан бэ, хөгшөөн” гэсэн чинь “Би чиний номыг уншаад дуусчихлаа. Аймаар их таалагдлаа. Чи хүрээд ир дээ” гэхээр нь яваад очсон чинь баахныг хувилаад ширээн дээрээ өрчихөж. Мань хашир чинь тэр үед Ерөнхийлөгч болоогүй байсан үе шүү дээ. “Энэ одоо яаж байгаа юм” гэсэн чинь “Залуучууддаа уншуулах гээд. Залуу хүний заавал унших ёстой ном гэдэг шиг их зүгээр ном байна. Тэрнээс гадна Төрөө хоёулаа нэг яриа байна. Чи ер нь миний тухай бичвэл биччих хүн юм биш үү. Энэ номон дотор ч миний тухай ганц нэг бүлэг байна лээ” гэдэг юм. Тэгж би “Миний мэдэх Женко Баттулга” гэдэг номыг бичих үндэс болсон.

-Тэр ном чинь их алдаршиж, сонгуулиар ч тараагдсан байх шүү?

-Тэр чинь ерөөсөө тараагдаагүй шүү дээ. Хүмүүс тараагдсан гэж будилаад байдаг юм. Тэр чинь УИХ-ын сонгуулиас ч өмнө, арван таван онд бичигдсэн ном байхгүй юу. Нөгөө муу Баттулгыг чинь барих гээд, хорих гээд Баянгол зочид буудлыг цагдаа нар бүслээд байсан тэр үе л дээ. Тэр үед хүмүүс Баттулгыг дээрэмчин луйварчин юм байх гээд ойлгочихсон ч байсан байх. Тэгээд би багаасаа найзалсан найздаа зөвшөөрсөн. Бид хоёр чинь Дүрслэх урлагийн дунд сургуулиас хойш гэхээр дөчөөд жил үерхэж байна шүү дээ. Тэр номыг “Санкара”-гаас ургасан ургамал гэж ойлгож болно л доо. Бичлээ. Таван мянган хувь хэвлэсэн чинь зарагдчихдаг байна. “Миний бичсэн ном ингэж зарагдлаа гэж үү” гэж бүүр гайхаад. Дахин арван мянгыг хэвлэсэн. Нийт арван гурван мянга нь яг зарагдсан. Эхний хэвлэлтээр хуудас солиод хэвлэсэн гурав дөрвөн зуугаадыг л Баянхонгорт цагаан сараар хүмүүст бэлгэнд өгсөн гэсэн. Бусад нь яг цэвэр зарагдсан. Тэгэхэд надад их урам төрсөн дөө. “Түмний нэг” хөрөг цуврал маань ингэж эхэлсэн. “Санкара” ч энэ цувралын анхных. Тэрнээс хойш хөрөг цуврал бичвэл зүгээр юм уу гээд “Миний мэдэхгүй З.Энхболд” гээд дараагийнхаа номыг бичсэн. Одоо өмгөөлөгч Алтангэрэлийн ном бичигдээд дуусч байна. Лу.Болдын тухай ном дуусч байна. Д.Сумъяабазарын номыг бичээд эхэллээ. Өөртөө ойрхон, надад таарах хүмүүсийн тухай л бичиж байна гэх үү дээ. Тэрнээс биш алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүн гээд магтаж барьсан юм байхгүй.

-“Санкара” романтайгаа хамт хоёр романаа хэвлүүллээ гэсэн үү?

-“Нэр нэгтний хоёр үхэл”, “All things must pass” буюу (Бүхий л зүйлс арилан оддог) гурамсан романыхаа тэргүүн, дэд хоёр дэвтрийг хэвлүүлсэн. Эхний романаа би БНМАУ-ын төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдагийн гэгээн дурсгалд зориулсан. Намдаг гуай “Хоёр үнэний дунд нэг худлыг хавчуулж бич” гэсэн гайхамшигтай үгийг хэлсэн зохиолч. Гуравдугаар дэвтэр нь Тогоонтөмөр хааны тухай “Их хааны сүүлчийн долоон өдөр” гэсэн нэртэй роман гарах юм. Эхний романд Лигдэн хэмээх улстөрчийн эргэн тойронд 2012 онд болж өнгөрсөн ээдрээт үйл явдлууд болон түүний үхэл, 1604-1634 онд Монголын төрийг барьсан алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагтын хувь заяаны тухай зөн ёрын маягаар өгүүлж, эрт эдүгээгийн түүхийг зэрэгцээ өгүүлэмжээр гаргасан. Лигдэн хааны талаар “Цогт тайж” кинон дээр л зурвас гардгаас бараг юм байдаггүй юм байна. Тогоонтөмөр хааны тухай эх сурвалж их юм. Хятад хэлээр гуч гаруй дэвтэр байдаг юм байна. Түүхэн гурамсан энэ романуудыг бичих гэсэн хэдий түүхээ мэддэг ч төдийлөн зориг хүрч барьж чадахгүй нэлээд удсан. Төрийн шагналт түүхч Өлзийбаатар анддаа хандлаа. Тэгтэл хятад, англи, орос хэлтэй Ч.Содбилэг гэж шавиа зааж өглөө. Содбилэг “Юань гүрний түүх”, “Мин улсын судар” зэрэг нэлээд олон ном бичсэн хүн л дээ. Мань эр түүхэн сурвалжуудыг олж өгч хамтран бичсэн.

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *