ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг манай сонинд хандлаа. Учир нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц түүний үйлчлүүлэгч Д.Цогтбаатарыг дахин гүтгэж, нэр төрд нь халдсан хэмээн тэрбээр үзэж байгаа аж.
-Та ямар учраас сонинд хандах болов?
-Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар нь бусдын өс хонзонгийн золиос болж 2014 оны аравдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 87.1 /Төрийн нууц задруулах/, 149.2 /бусдыг далайлган сүрдүүлэх/ гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн. Энэ хүнд ямар нэг байдлаар ял шийтгэл оноохын төлөө АТГ, ЭЦГ, ТЕГ гэх мэт байгууллагуудын бүхий л хүчийг ашиглан нэг жил гаруй мөрдөн шалгасан. Түүгээр ч барахгүй хамаатан садан найз нөхдийг нь ч нэг бүрчлэн шалгаж, хамаатуулж буруутгаж болох бүх л асуудлаар шалгасны эцэст огт нотлогдоогүй дээрх хоёр хэрэгт хуулиас гадуур ял оноосон юм.
Гэтэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг хүн 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” гэдэг нэвтрүүлэгт орохдоо, манай үйлчлүүлэгч Д.Цогтбаатарыг германы иргэн М.Клойбер гэгчийн хэрэгт холбоотой, тэр хүний автомашин, гар утсыг хувьдаа авсан, мөн энэ хэргийг ЭЦГ-тай хамтран шалгах ажлыг гүйцэтгэж байсан хэмээн гүтгэлээ. Германы иргэний гэгдэх энэ хэргийг урьд нь эрх бүхий байгууллагуудаас 2013-2014 онд бүтэн жил дамнуулан шалгаж, Д.Цогтбаатар холбогдолгүй гэдгийг нь нотолчихсон асуудал.
-Тагнуулын дарга байсан хүн ингэж илт бусдыг гүтгэнэ гэж байх уу. гүтгэснийг илтгэх баримт байна уу?
-Холбогдолгүй гэсэн нийслэлийн прокурорын газрын тогтоол нь энэ байна. Хуулбарыг нь танд өгье. Б.Хурц нь олон хүн үздэг телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Д.Цогтбаатарын талаар дараахь илт худал гүтгэлгийг нийтэд тараасан. Үүнийг бүр тодорхой тайлбарлая.
Нэгдүгээрт, ТЕГ ба ЭЦГ хамтран Германы иргэний талаар шалгасан, энэ ажлыг Д.Цогтбаатарт даалгаж байсан гэж хэлсэн. Гэтэл ТЕГ-аас Германы иргэн М.Клойберыг дангаараа болон ЭЦГ-тай хамтран шалгах чиглэ-лээр ямар ч ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаагүй, Д.Цогтбаатар энэ чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй болохыг нотолсон ТЕГ-ын албан бичгүүд болон бусад нотлох баримтууд байгаа.
Хоёрдугаарт, Д.Цогтбаатар Германы иргэний автомашиныг унаад, гар утсыг нь бариад явж байсан гэж хэлсэн.
Хэрэв үнэхээр ийм илт нотолгоо байсан юм бол яагаад энэ хүний гэм буруутайг нь тогтоож, хариуцлага тооцоогүй юм бэ. Б.Хурц ийм гэнэн, тэнэг гэмээр зүйл ярьж бусдыг гүтгэж байгаад маш их гайхаж байна.Анх Д.Цогтбаатарыг 2013 онд энэ хэрэгт холбогдуулан зөвхөн автомашин, гар утас биш нэг сая еврог залилан авсан талаар иргэний мэдээлэл байгаа гээд л жил гаран шалгасан боловч худал болох нь нотлогдож хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон НПГ-ын прокурор Т.Оргил-Очирын 2014 оны наймдугаар сарын 13-ны 80 тоот тогтоол энэ байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд Д.Цогтбаатар ОХУ-д Академид суралцаж, гэр бүлийн хамт Москвад амьдарч байсан, энэ хэрэгт ямар ч холбогдолгүй болох нь бүх талын баримтаар нотлогдсон.
Харин Б.Хурцын ярианаас үзвэл, 2013 онд Д.Цогтбаатарыг гүтгэж олон сараар хориулж, эцэст нь худлаа болох нь тогтоогдсон энэ хэргийн талаар анх худал мэдээлэл өгч цагдаагийн байгууллагаар тоглосон хүн нь Б.Хурц болох нь одоо л ил болж байх шиг байна. Б.Хурц миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дахин ноцтой гүтгэлээ.
-Таны үйлчлүүлэгчийн зүгээс нэр төрөө хамгаалах талаар ямар нэг зүйл хийх үү?
-“Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үедээ Б.Хурцын ярьсан зүйлс бүгд гүтгэлэг тул нэр төрд халдаж онц хүнд хэрэгт гүтгэсэн асуудлаар нь хуулийн байгууллагад хандаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Д.Цогтбаатар тэр Германаас яг ямар автомашин, гар утас авсныг Б.Хурц гэж хүн хуулийн байгууллагад өөрөө тайлбарлах байлгүй.
Мөн 2013 онд Д.Цогтбаатарыг Германы иргэнийг алсан, залилсан гэх хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татах гол үндэслэл нь иргэн Б.Хурцын мэдүүлэг байсан гэж УМБГ-ын мөрдөн байцаагч бидэнд албан ёсоор хэлж байсан. Тэгэхээр энэ хэрэгт олон сараар хорьж шалгуулж хэлмэгдүүлсний хариуцлагыг ч Б.Хурц гэж хүнээс нэхэмжилж хуулийн байгууллагад хандаж байгаа. Энэ хүн бас Д.Цогтбаатарыг Германы иргэний мөнгийг нь авчихсан гэж төрийн өндөр албан тушаалтнуудад өөрөө яриад явж байсан гэж сонссон.
-Д.Цогтбаатар шоронд байхдаа Б.Хурцын талаар захидал бичиж, тэр нь хэвлэлээр гарч байсан. Д.Цогтбаатар ямар хэргээр хоригдож байсан юм бэ?
-Ер нь Б.Хурц гэдэг хүн Д.Цогтбаатарыг гүтгэж доромжлох, хэлмэгдүүлэх үйлдэл хэрээс хэтэрч байна гэж үзэж байна. Та бүхэн санаж байгаа бол Д.Цогтбаатарыг хилсээр яллаж, таван жилийн хорих ял оноосон төрийн нууц задруулсан гэх хэргийг ч Б.Хурцын гомдлоор үүсгэсэн байдаг. АТГ-ын дэд даргынх нь хувьд улс төрийн албан тушаалтнуудын авлигын талаарх иргэний өргөдлийг Б.Хурцад шилжүүлснийг тэрээр нууц задрууллаа гэж өргөдөл гаргаж хэрэг үүсгүүлээд, ЭБХШХ-ийн харьяалал зөрчиж өөрийн удирддаг АТГ-т авчирч шалгаад ял оноолгосон хүн шүү дээ. Нөгөө 149.2-т заасан хэрэг гэгчийг бий болгохын тулд ТЕГ-т төрийн эсрэг гэмт хэрэгт шалгагдаж байсан БНХАУ-ын иргэнийг АТГ-ын ажилтнууд зааварчилж, Д.Цогтбаатарыг гүтгүүлж, ямар ч нотлох баримтгүйгээр хилсээр ял оноосныг гэрчлэх баримт бий. Д.Цогтбаатар Б.Хурцын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо зэрэг газруудад захидал бичсэн боловч захидлууд нь бүгд замаасаа алга болж, уг захидалд бичсэн зүйлийг огт шалгаж нягтлаагүй байж Б.Хурцыг гүтгэсэн гэж шүүхийн шийдвэр гаргаж байсан юм.
Д.Цогтбаатарыг хэвлэл, сайтаар гутаан доромжилж гүтгэх, олон сараар хилсээр хорих, ял оноох ажил ямар ч хуульгүйгээр явагдаж байгааг эрх бүхий албан тушаалтнуудад нь хэлсээр байхад хэн ч дуугараагүй өнөөг хүрсэн. Өвлийн хүйтэнд (нэгдүгээр сард) Авдрантын хорих руу ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр зуны хувцастай, гэрийн шаахайтайгаа байхад нь халаалтгүй пургон машинаар явуулж осгоох зэргээр хүний санаанд багтамгүй харгис хандаж байсан даа.
Нэг гэр бүлийн амьдралыг сүйтгэчихээд сэтгэл ханахгүй, улайм цайм гүтгэлэг тарааж байгаад нь, Д.Цогтбаатарт нялзааж, хэлмэгдүүлсэн “хэрэг” гэгчийг эхнээс нь өмгөөлж, мэдэх болсон хүний хувьд үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Гэхдээ ийм бохир, ёс зүйгүй үйлдлүүдийн хариуд хуулийн хариуцлага хүлээх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Б.Хурц ярилцлагадаа Д.Цогтбаатарын эхнэрийг нууц баримт гаргана гэсэн гэж хэлсэн. Тусгай албаны хурандаагийн эхнэр ийм юм ярьж болох уу гэж буруутгаж байсан. Эхнэр нь үнэхээр тийм зүйл ярьсан юм уу?
-Нэвтрүүлгийн явцад Б.Хурц Д.Цогтбаатарын гэр бүлийн хүнийг нууц мэдээлэл задална гэж хэлсэн гэж дурдсан. Би түүний хэвлэлийн хурлын бичлэгийг шүүж үзлээ. Үнэндээ бол Мандах гэдэг тэр эмэгтэй нөхрийгөө 2005 онд болсон хэрэгт холбогдолгүй болохыг нотлох баримтуудыг гаргаж ирэх боломжтой л гэж хэлсэн болох нь уг хурлын бичлэгт одоо ч байна.
-Д.Цогтбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрөө биечлэн тайлбар ярилцлага өгч болдоггүй юм уу?
-Гэр бүлийнхэн болон миний зүгээс энэ талаар олон удаа санал болгосон боловч, тагнуулын ажилтан ил гарч, элдэв зүйл ярих ёсгүй гэсэн байр суурьтай байдаг. Сүүлийн үед болж буй үйл явдлуудаас харахад тагнуулын байгууллагын ажилтан ялангуяа удирдах ажилтан хүн нийтэд ил гараад албаны хүрээнд мэдсэн дуулснаа нийтэд яриад байх нь зохисгүй юм байна гэдэгтэй би өөрөө ч санал нийлэх болсон.Энэ дашрамд, хэн нэгэнд зовлон бэрхшээл тохиох, бусдын хүчинд автаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болсон үед танай сонин л шударга үнэний талд ямагт зогсож байдагт өмгөөлөгчийн хувьд талархаж явдгаа илэрхийлэхийг хүсч байна.
Г.ГЭнДЭнДарам
Д.Цогтбаатарыг Германы иргэний хэрэгт холбоогүй болохыг тогтоосон НПГ-ын прокурор Т.Оргил-Очирын 2014 оны наймдугаар сарын 13-ны 80 тоот тогтоол